Шатахууны хомсдолын улмаас Зүүн өмнөд Азийн орнууд ажлын дөрвөн өдөрт шилжиж байна
Ираны дайны улмаас газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэж олон улсад хямрал үүсээд байгаа. Газрын тосны нөөцгүй Зүүн өмнөд Азийн орнууд түлшний хомсдолын улмаас ажлын дөрвөн өдрийг нэвтрүүлж, иргэдийг гэрээсээ ажиллахыг уриалах болсон байна. Тус бүс нутгийн 700 сая гаруй оршин суугч Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтай аж төрдөг юм.
Филиппиний ерөнхийлөгчийн тамгын газар мягмар гарагт /2026.03.10/ мэдэгдэл хийхдээ “Ойрх Дорнодод үүсээд буй хямралтай холбогдуулан явуулж байгаа эрчим хүч хэмнэх хүчин чармайлтын нэг хэсэг болгон төрийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд л гадуур явах хэрэгтэй” гэжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус улсын засгийн газар оффисуудыг ажлын дөрвөн өдөрт шилжихийг тушаасан.
Тайландын засгийн газар ихэнх засгийн газрын агентлагуудын ажилтнуудыг гэрээсээ ажиллах чиглэл өгсөн байна. Харин Вьетнамын эрх баригчид компаниудыг гэрээс ажиллах хэв маягийг нэвтрүүлж, нэг чиглэлийн иргэд машинтайгаа хамт явахыг уриалжээ. Индонез улсын хувьд түлшинд олгодог татаасыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм.
Түлшний хувьд импортоос ихээхэн хамааралтай тул Зүүн өмнөд Азийн орнуудын хувьд газрын тосны үнэ өндөр байх нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, инфляцын даамжруулах эрсдэлтэй.
Эх сурвалж: Financial Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.