Бээжин эргэн нэгдэхийг уриалах ажиллагаагаа идэвхжүүлэхтэй зэрэгцэж, Тайванийн сөрөг хүчний удирдагч БНХАУ-д айлчилж байна
Тайванийн сөрөг хүчний удирдагч Чэн Ли-вэнь өнөөдөр /2026.04.07/ БНХАУ-д айлчлахаар явна. Тэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж магадгүй юм. Чэн Ли-вэнь энэхүү айлчлалаа энх тайвны төлөө хийж буй зүйл гэжээ. Үүнтэй зэрэгцэн Бээжингийн зүгээс тайваньчуудыг Хятадтай нэгдэх асуудлыг дэмждэг болгох хүчин чармайлтаа шинээр эхлүүлэв.
Чэн Ли-вэнь бол Тайванийн хамгийн том сөрөг хүчин болох Гоминдан намын дарга юм. Тайванийн парламентад Гоминдан олонх тул батлан хамгаалах салбарт 40 тэрбум ам.доллар нэмж зарцуулах засгийн газрын тус нам төлөвлөгөөг гацаагаад байгаа юм. БНХАУ сүүлийн үед Тайваньд үзүүлдэг цэргийн дарамт шахалтаа нэмэгдүүлсэн. Бээжин Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг. Ийм нөхцөл байдалд Чэн Ли-вэнь Хятадад айлчлах гэж байна.
Энэхүү өмнө Гоминдан болон эрх баригч Ардчилсан прогрессив нам сошиал орчинд бие бие рүүгээ чиглэсэн мэдээллүүдийг цацжээ. Тэд нийтлэл дээрээ дайн болон энх тайвныг илэрхийлсэн дүр зураг ашигласан байсан юм.
Гоминдан нам ням гарагт "Энх тайван бол хөгжил цэцэглэлтийн цорын ганц үндэс, Тайванийн ирээдүйн найдвар юм" гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт залуучууд гадаа усан санд амарч, од руу харан инээмсэглэж буй дүр зургийг харуулсан байна.
Харин Ардчилсан прогрессив нам Гоминдан намыг "Тайванийн батлан хамгаалах чадварыг сулруулах БНХАУ-ын Коммунист намын төлөвлөгөөнд тусалж байна" гэж буруутгажээ. Мөн АНУ-ын засгийн газраас дэмжсэн батлан хамгаалахын төсвийг батлахыг хойшлуулж байгааг нь шүүмжилсэн аж.
Чэн Ли-вэнь өнгөрсөн сард гадаад сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Энх тайвныг зөвхөн батлан хамгаалах чадвараар тогтоох боломжгүй" гэж хэлжээ. Тэр улс төрийн хүчин чармайлт ч мөн адил чухал гэдгийг онцолсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ши Жиньпин нар Бээжинд дээд хэмжээний уулзалт хийхээс нэг сарын Чэн Ли-вэнь өмнө Хятадад айлчлах гэж байна. Трамп, Ши Жиньпин хөдөө аж ахуй болон онгоцны эд ангийн худалдааны талаар тодорхой тохиролцоонд хүрч магадгүй юм. Мөн тэд Тайвань гэх мэт хурцадмал асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Тайванийн сэдвээр хоёр тал хэлэлцэж ямар нэгэн ахиц гаргах магадлал бага. Ши Жиньпин хоёрдугаар сард Трамптай утсаар ярихдаа "АНУ Тайваньд зэвсэг худалдах асуудалдаа маш болгоомжтой хандах ёстой" гэж хэлсэн билээ.
Чэн Ли-вэнийн айлчлал нь Гоминдан намын удирдагч сүүлийн арван жилийн хугацаанд Хятад руу анх удаа явж байгаа тохиолдол болно. Өнгөрсөн долоо хоногт Тайванийн Эх газрын Хятадын хэрэг эрхлэх зөвлөлөөс мэдэгдэл гаргахдаа Чэн Ли-вэнь Бээжинд очихдоо цэргийн сүрдүүлгээ зогсоохыг шаардах ёстой гэсэн юм. Мөн Тайванийн ард түмний өөрсдийн ирээдүйг сонгох эрхийг хүндэтгэхийг хэлэх ёстой гэсэн байна.
БНХАУ Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэг салан тусгаарлагч хэмээн түүнтэй хэлэлцэхээс татгалздаг. Хятад Тайванийг хяналтдаа авахын тулд хүч хэрэглэхээс татгалзахгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гэхдээ энх тайван замаар нэгдэх аргыг илүүд үздэг гэдгээ хэлдэг.
Сүүлийн долоо хоногуудад тайваньчуудад нэгдэх нь ач тустай хэмээн харуулах гэсэн хүчин чармайлтаа Бээжин нэмэгдүүлж байна. Жишээлбэл БНХАУ-д нэгдэх нь эрчим хүч, аюулгүй байдлыг бататгана гэх мэдээлэл явуулах болжээ. Тайванийн албан тушаалтнууд үүнийг няцаасан байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Зүүн бүсийн командлал нэгэн хүүхэлдэйн зураг Тайвань БНХАУ нэгдсэн тохиолдолд нэгэн уламжлалт баяраар ямар харагдахыг дүрсэлсэн зураг нийтэлжээ. Зүүн бүсийн командлал нь БНХАУ Тайвань руу довтлох болбол цэргийн үйл ажиллагааг удирдах алба юм. Зураг дээр хүмүүс эх орноо бүрэн бүтэн болгосон дурсгалын хөшөөнд цэцэг өргөж байгаа дүр зургийг дүрсэлсэн байжээ.
Тайваньд явуулсан олон нийтийн санал асуулгуудаар Бээжингийн нэг улс, хоёр тогтолцоо загварыг дэмжих хүмүүс маш цөөн байдаг нь тогтмол харагддаг. Чэн Ли Вэнь нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр эргэж нэгдэх талаар асуудлыг хэлэлцэх цаг хараахан болоогүй байна гэсэн байна. Тэр "Одоо бидний хийх ёстой гол зүйл бол хоёр талын хооронд хэрхэн тайван, тогтвортой харилцаа тогтоох вэ гэдэг асуудал юм" гэсэн юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таиван хятдад нэгдээсэй