АНУ, Ираны гал зогсоох тохиролцоог нураахын тулд Израил чадах бүхнээ хийж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.04.07/ Ирантай хоёр долоо хоногийн турш гал зогсоох тохиролцоонд хүрсэн хэмээсэн. Хоёр тал тохиролцоонд хүрэхээс өмнө Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Трамптай ярилцахдаа Ирантай гал зогсоохгүй байхыг анхааруулсан юм. АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга асан Жо Кент израилчууд энэ тохиролцоог израилчууд нураахыг оролдоно гэж сэрэмжлүүлсэн нь одоо биеллээ олж байна. Кент өнгөрсөн сард ажлаа өгөхдөө АНУ Израилын хүслээр л Иранд цохилт өгсөн хэмээн дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.
Учир нь гэвэл АНУ, Иран хооронд хэлэлцээг зуучилсан Пакистан мэдэгдсэнээр гал зогсоох тохиролцоонд Ливан болон бусад нутаг орсон юм. Иран ч мөн хэлэлцээнд хүрэхээс өмнө Ливаныг гал зогсоох тохиролцоонд оруул гэж шаардаж байсан. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Нетаньяху болон АНУ гүрийж, Ливан гал зогсоох тохиролцоонд ороогүй хэмээжээ. Лхагва гарагт /2026.04.08/ Израил Ираны дайн эхэлснээс хойших хамгийн том цохилтоо Ливанд өгч, 250 орчим хүн амь үрэгдсэн юм. Үүний дараа Иран АНУ-тай энхийн хэлэлцээ хийх нь учир дутагдалтай байна гэж мэдэгджээ. Мөн Ормузын хоолойг дахин хааж буйгаа Иран мэдэгдсэн юм.
АНУ, Иран хоёр Пакистаны нийслэл Исламабадад бямба гарагт /2026.04.11/ хэлэлцэхээр тохиролцсон. Тэгвэл Ираны парламентын спикер Мохаммед Багер Калибаф хэлэхдээ Израил Ливанд цохилт өгснөөр гал зогсоох тохиролцоог хэд хэдэн удаа зөрчсөн гэжээ. Мөн АНУ Ираныг цөмийн хөтөлбөрөө орхихыг шаардсанаараа тохиролцоог мөн зөрчсөн хэмээсэн байна. Гэвч одоо бямба гараг хүртэл гал зогсоох тохиролцоо бүрэн бүтэн байх эсэх нь тодорхойгүй боллоо.
Учир нь хоёр тал тохиролцооны талаар тэс өөр зүйл ярьж байгаа юм. Ливаны тал дээр зөрүүтэй мэдэгдэл гаргаж буйгаас гадна баяжуулсан ураны тал дээр хоёр тал санал зөрөлдөж байна. Жишээлбэл Трамп Ираныг уран баяжуулахаа зогсоохоор тохиролцсон гэж хэлжээ. Мөн баяжуулсан уранаа АНУ-д хураалгах болсон гэж тэр мэдэгдсэн юм. Харин Мохаммед хэлэхдээ Иран үргэлжлүүлэн уран баяжуулах зөвшөөрөл авсан гэжээ.
Трамп лхагва гарагт /2026.04.08/ Ираныг сүрдүүлэхдээ тохиролцоогоо хадгалахгүй бол цохилт өгч эхэлнэ хэмээсэн байна.
Таван долоо хоног үргэлжилсэн дайнд АНУ, Иран нар хоёул ялалт байгуулсан гэж зарласан. Гэвч тэдний гол маргаан шийдэгдээгүй хэвээр байна. Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа ч дэлхий даяар хувьцааны индексүүд өсөж, газрын тосны үнэ буурчээ. Тодруулбал Брент маркийн газрын тосны фьючерс баррель нь 112 ам.доллар орчмоос 90 хүртэл буурч, одоо 97 ам.доллар хавьцаа арилжиж байна. Брент нь дэлхийн газрын тосны жишиг үнэ болдог.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүүдийн улсыг газрын хөрснөөс арчина