Орон нутаг

Адуунд нийлсэн Хуланг ижил сүрэгт нь тавьжээ

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд "Хулан ирж адуунд нийлж унага барих, эхээс нь салгах зэрэг зан төрх үзүүлж байгаа тул холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэх хүсэлт малчдаас иржээ. Хүсэлтийн дагуу хамгаалалтын захиргааны хамт олон дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хуланг тусгай зориулалтын хайрцгаар хамгаалалтын захиргаанаас 280 км зайд орших Мазаалай шандын нуруунд тээвэрлэн хүргэж ижил сүрэгт нь нийлүүлэн тавьжээ.

Нэмэлт мэдээлэл:

Монгол орны хулан (Equus hemionus hemionus) дэлхийн нийт популяцийн 80 гаруй хувийг эзэлдэг бөгөөд тус зүйлийн ирээдүй нь манай улсын бодлого, хамгааллын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Сүүлийн жилүүдэд Өмнийн говиос зүүн тийш, түүхэн тархац нутгийн зүг чиглэсэн хулангийн нүүдэл нэмэгдэж, төмөр замыг хөндлөн гарах оролдлого ажиглагдаж байгааг судлаач нар онцолж байсан юм.

Хулан нь Монгол орны цөлжүү хээрийн сөөгт хөндий, нам аараг, толгод, уудам хотгор, хоолой, сайр садарга, талбиу дэнжээр бэлчээрлэдэг. Ороо нийллэг нь долоодугаар сараас наймдугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ. Гүү тавдугаар сарын дунд үеэс долоодугаар сарын эх хүртэл төллөж, нэг унага төрүүлнэ. Хээлээ 340-342 орчим хоногт тээнэ. Байдас 3-4 настай, харин үрээ 4-5 нас хүрч үржилд ордог.

Зун өглөө, орой, шөнийн цагаар, сэрүүн улиралд бараг өдрийн турш бэлчээрлэнэ. Ус, бэлчээр хомс үед, эсвэл сэрүүн хүйтэн улиралд олон хулангийн сүрэг нэгдэж, хэдэн зуун бодьгалтай том сүрэг бүрэлдэнэ.  Азарга байх идэвхтэй нас нь 5-10 юм. Байгалийн нөхцөлд 14 хүртэл жил насалдаг. Монгол Хулан хул хонгор зүстэй, улирал болон бодгалиас хамаарч ухаа хонгор, цайвар хул, бор хул зүстэй ч тохиолдоно. Хуланг толгойн ясаар нь тахь адуунаас хялбар ялгах гол шинж нь түүний дээд эрүү завсрын ясны нийлэх хэсэгт байрлах товгор юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Банзал хүүр вэ?монгол адууг

Холбоотой мэдээ

Back to top button