Цаст уулын эзэн цоохор ирвэсний талаарх сонирхолтой 15 баримт
Цоохор ирвэс (Panthera uncia) нь мийнхэн овогт харьяалагддаг махчин амьтан бөгөөд өвс ургамал тачир, хад асга ихтэй, хясаа цохио бүхий эгц цавчим, нугачаатай өндөр уулсаар нутагладаг. Урт сунасан биетэй, бахим богино урд мөчтэй, урт сүүлтэй. Харин хойд хөл нь харьцангуй урт байдаг бөгөөд харайх үед нь тэнцвэрээ хадгалахад тусалдаг байна. Өвч бие нь нэлэнхүйдээ өтгөн сахлаг үсээр хучигдсан тул мөнх цаст оргилд амьдарч чаддаг. Гэвч бүр хүйтэрвэл дулаахан сүүлээрээ биеэ ороож, нүүрээ халхлан хэвтдэг аж.
Ирвэсийн эрийг нь гэнд, эмийг нь гинс, төлийг нь гүем гэнэ. Мөн уул хайрхны савдаг хэмээн үзэх учир нэрээр нь шууд нэрлэн ярихыг цээрлэж, “сэври” хэмээн дууддаг уламжлал манайд бий. Үүнээс Өмнөговь аймгийн нутаг дахь “Сэврэй” уулын нэр үүссэн гэдэг. Учир нь Сэврэй уулын гадаад дүр нь ирвэсийн бидэр мэт үзэгдэхээс гадна энэ ууланд ирвэс элбэг бөгөөд зарим жил мал сүрэг рүү дайрах тохиолдол ч гардаг байна.
2018 оны тооллогоор монгол оронд дунджаар 953 цоохор ирвэс бүртгэгдсэн. Эдгээр нь Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгуудаар таран нутагладаг аж. Харин дэлхий дахинд манай орныг хамруулаад нийт 12 улс (Узбекистан, Афганистан, Балба, Бутан, Киргизстан, Казакстан, ОХУ, Тажикстан, Пакистан, БНХАУ, БНЭУ)-д л цоохор ирвэс тархсан байдаг бөгөөд тоо толгойн хувьд ойролцоогоор 4000-6500 хэмээн тооцоолсон байна.
Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байнаМонгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
- Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан.
- Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
- Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
- Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
- 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
- Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.
- Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
- Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг.
- Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
- Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.