Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын айлчлал: Хоёр улсын удирдагч хэлэлцэж дууслаа

НЭМЭЛТ: 2026.05.14, 13:15 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хэлэлцэж дууслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хэлэлцэж дууссан байна. Тэд нийтдээ хоёр цаг гаруй хугацаанд янз бүрийн асуудлаар ярилцжээ.

Шинхуа агентлаг мэдээлснээр, Ши Жиньпин Тайванийн асуудал бол Хятад-Америкийн харилцааны хамгийн чухал асуудал гэж Трампт хэлсэн байна.

Тодруулбал Ши Жиньпин “Хэрэв энэ асуудлыг зөв шийдэж чадвал хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой байна. Харин буруу шийдвэл хоёр улс хоорондоо мөргөлдөж, Хятад-Америкийн харилцааг бүхэлд нь маш аюултай байдалд оруулна” гэж хэлсэн байна. Тайванийн тусгаар тогтнол болон Тайванийн хоолой дахь энх тайван байдал хоёр нь хоорондоо нийцэхгүй зүйлс гэж тэр хэлсэн аж.

Зургийн эх сурвалж: Al Jazeera

БНХАУ Тайванийг өөрийн газар нутаг гэж үздэг ч Тайвань үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Өөрсдийн газар нутаг гэж үздэг учир АНУ-аас Тайваньд зэвсэг худалдахыг БНХАУ эрс эсэргүүцдэг.

Ихэнх орнууд Тайванийг албан ёсоор тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Тус арлын иргэд өөрсдийн удирдагчдыг сонгодог ардчилсан засаглалтай билээ. Мөн Тайвань үндэсний мөнгөн тэмдэгт, паспорттой юм

Бээжин Тайванийг хяналтдаа авахын тулд цэргийн хүч хэрэглэхээс татгалзахгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Харин Тайваньд явуулсан олон нийтийн санал асуулгууд иргэдийн ихэнх нь Хятадтай харилцах харилцаагаа одоогийн хэмжээнд хэвээр хадгалахыг хүсэж байгааг харуулдаг.

Зургийн эх сурвалж: Al Jazeera

Одоогийн байдлаар Белиз, Тувалу зэрэг 12 улс л Тайваньтай албан ёсны дипломат харилцаатай. Барууны ихэнх томоохон орнууд болон АНУ-ын холбоотнууд Тайваньтай албан бус ойрын харилцаатай байдаг. Тэд Тайванийн паспортыг хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамны үүрэг гүйцэтгэх төлөөлөгчийн газрууд ажиллуулдаг юм.


НЭМЭЛТ: 2026.05.14, 11:10 минут

Трамп, Ши Жиньпин нар хэлэлцээгээ эхлүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тяньаньмэний талбайд угтан авч, хэлэлцээгээ эхлүүллээ. Хоёр улсын удирдагч хэлэлцээг нээн үг хэлсэн байна.

Ши Жиньпин нээлтийн үг хэлэхдээ "Бүх дэлхий бидний уулзалтыг анхааралтай ажиглаж байна. Дэлхий дахинд зуун жилд тохиолдоогүй их өөрчлөлтүүд эрчимтэй өрнөх боллоо. Олон улсад нөхцөл байдал маш тогтворгүй байна" гэжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Дэлхий ертөнц шинэ салаа зам дээр дээр ирлээ. БНХАУ, АНУ хоёр Тукидидын хавхыг давж, харилцааны шинэ загварыг бий болгож чадах уу. Бид дэлхийн өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдэж, дэлхий дахинд илүү тогтвортой байдлыг авчирч чадах уу. Дэлхий дахин, хоёр орны ард түмэн болон хүн төрөлхтний ирээдүйн төлөө сайн харилцааг бүтээж чадах уу. Эдгээр асуултууд нь түүхэнд, дэлхий дахинд болон хоёр орны ард түмэнд маш чухал. Энэ асуултууд бидний хариулах ёстой цаг үеийн асуудал мөн"

Ши Жиньпин Трамп болон АНУ-д тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой тохиож буйд баяр хүргэжээ. Тэр "Манай хоёр улсад ялгаатай зүйл байгаа ч нийтлэг сонирхол илүү их гэдэгт би үргэлж итгэдэг. Нэг улсын амжилт нь нөгөө улсдаа боломж юм. Бидний харилцаа тогтвортой байх нь дэлхий ертөнцөд тустай. БНХАУ, АНУ хоёр хамтран ажиллавал хожиж, сөргөлдвөл хохирно" гэсэн байна.

Мөн тэрбээр нэмж хэлэхдээ "Бид өрсөлдөгч биш, харин түнш байх ёстой. Бие биедээ амжилт гаргаж, цэцэглэн хөгжихөд нь туслах хэрэгтэй. Шинэ эринд их гүрнүүд бие биетэйгээ зохицон амьдрах зөв замыг олох ёстой" хэмээжээ.

Эцэст нь Ши Жиньпин "Таны хамт Хятад-Америкийн харилцаа гэх аварга том хөлөг онгоцыг зөв зүгт залахыг хүсэж байна. 2026 оныг түүхэнд үлдэх жил болгож, харилцааны шинэ хуудсыг нээцгээе" гэсэн юм.

Зургийн эх сурвалж: Al Jazeera

Харин Трамп нээлтийн үгэндээ Ши Жиньпинтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээсэн байна. Тэр "Бид сайн ойлголцдог байсан билээ. Хүндрэл гарахад бид асуудлыг шийддэг байсан. Би тань руу утасдаж, та ч над руу залгадаг байсан. Ямар нэг асуудал гарахад бид маш хурдан шийддэг байсныг хүмүүс мэддэггүй. Таныг агуу удирдагч гэдгийг би хүн болгонд хэлдэг" гэжээ.

Трамп мөн энэ удаагийн айлчлалдаа дэлхийн шилдэг бизнес удирдагчдыг дагуулж ирснээ онцолсон байна. Тэр "Танд хүндэтгэл үзүүлэхээр хамгийн шилдэг хүмүүс энд ирсэн байна" хэмээсэн юм. Зарим хүмүүс уг айлчлалыг түүхэн дэх хамгийн том дээд хэмжээний уулзалт гэж нэрлэж байгааг Трамп нэмж хэлээд, хэлэлцэхдээ маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэр "Тантай энд уулзах нь нэр төрийн хэрэг. Таны найз байх нь бас нэр төрийн хэрэг юм. АНУ-БНХАУ-ын харилцаа урьд өмнөхөөсөө илүү сайжирна" гэсэн юм.


ЭХЛЭЛ: 2026.05.14, 09:36 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагийн /2026.05.13/ орой БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцэхээр Бээжинд газардсан. Трамп Ши Жиньпинтэй хэлэлцэж байхдаа Ираны дайныг дуусгахад БНХАУ-аас тусламж үзүүлэхийг хүсэх төлөвтэй байгаа юм. Харин Бээжин энэ хүслийг нь биелүүлэх магадлал бага.

Шинжээчдийн үзэж буйгаар Ираны удирдлагыг хэлэлцээний ширээнд буцаан суулгахад туслахыг Ши Жиньпин зөвшөөрч магадгүй аж. Харин эдийн засгийн дэмжлэгээ бууруулах, цэргийн болон иргэний зориулалтаар ашиглаж болох эд анги нийлүүлэхээ зогсоох магадлал бага юм. Иран бол Ойрх Дорнод дахь БНХАУ-ын гол түнш. Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч нь Бээжин билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Иран, АНУ нар энхийн тохиролцоонд хүрэхэд үүнээс илүү ойртож ирсэн тохиолдол байхгүй гэж хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч ням гарагт /2026.05.10/ Иран АНУ-ын энхийн хэлэлцээний саналд хариу өгснийг нь Трамп хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэсэн юм. Уг явдал хоёр тал чухал асуудлууд дээр саналын зөрүү их байгаа гэдгийг харуулж, энхийн тохиролцоонд хүрнэ гэх хүлээлтийг дарсан.

БНХАУ Ираны хамгийн том газрын тос худалдан авагч тул Техранд шахалт үзүүлж чадах цөөн хэдэн орны нэг гэж Вашингтон үзэж байгаа. Дайныг дуусгах нь БНХАУ-ын ашиг сонирхолд ч нийцнэ гэж Вашингтон энэхүү айлчлалаар ятган сэнхрүүлэхийг зорьж байна.

Харин Бээжингийн хувьд Ираны дайн нь ашиг сонирхлын мөргөлдөөн үүсгэж буй. Нэг талдаа Хятад Ормузын хоолойг нээх сонирхолтой. Гэхдээ нөгөө талаараа Ираны дайн АНУ-ын зэвсэгт хүчний анхаарлыг Энэтхэг-Номхон далайн бүсээс Ойрх Дорнод руу чиглүүлсэн. Ийм учраас БНХАУ Иранд нөлөөлөх хүчээ их хэмжээгээр ашиглаж шахалт үзүүлэх магадлал бага юм.

Эх сурвалж: Reuters, BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button