Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын микрочип үйлдвэрлэгч компаниудын зах зээлийн үнэлгээ $1.3 их наядаар буурчээ

АНУ-ын хөрөнгийн биржид энэ долоо хоногт арилжаа хаагдахад хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцаа огцом унаж, зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд ам.доллароор буурчээ.

Ялангуяа хиймэл оюун ухааны салбарын гол тоглогчид болох “Nvidia”, “Micron Technology” болон “AMD” зэрэг компаниуд ихээхэн хохирол амссан байна. Энэ долоо хоногийн эхээр “Broadcom” компанийн санхүүгийн тайлан хүлээлтэд хүрээгүйн үр дагавар нь Уолл Стрит даяар ийнхүү мэдрэгдэв.

Хагас дамжуулагчийн салбарын гол үзүүлэлт болдог PHLX хагас дамжуулагчийн индекс баасан гарагт 10.3 хувиар буурсан байна. Энэ нь 2020 оны гуравдугаар сард коронавирусийн цар тахал дэлхийн санхүүгийн зах зээлийг донсолгосноос хойших хамгийн том өдөр тутмын уналт болжээ.

“Broadcom”-ийн улирлын тайлангаас харвал захиалгаар үйлдвэрлэдэг хиймэл оюун ухааны чипийн эрэлт нь хөрөнгө оруулагчдын өндөр хүлээлтэд хүрээгүй юм. Үүний улмаас пүрэв гарагт /2026.06.04/ хөрөнгө оруулагчид хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцаагаа зарж эхэлсэн нь баасан гарагт улам хүчтэй үргэлжилсэн байна.

PHLX индекс пүрэв болон баасан гарагийн арилжааны өдрүүдэд 12 хувиар унасан нь хөрөнгө оруулагчид хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэд санаа зовж эхэлснийг харууллаа.

Уналт эхлэхээс өмнө буюу лхагва гарагт /2026.06.03/ PHLX индекс түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Пүрэв болон баасан гарагийн уналтыг тооцож үзсэн ч гэсэн тус индекс он гарснаас хойш 73 хувийн өсөлттэй хэвээр байна.

Индекс бус хувь компаниудаар авч үзвэл дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “Nvidia”-ийн хувьцаа ойролцоогоор 6 хувиар буурч, зээлийн үнэлгээнээс 300 гаруй тэрбум ам.доллар арчигджээ.

Харин “Micron Technology”-ийн хувьцаа 13 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 150 тэрбум орчим ам.доллароор буурсан байна. Сүүлийн үед хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байсан “Marvell Technology” 17 хувийн алдагдал хүлээсэн бол “AMD” бараг 11 хувиар буурсан аж.

“Triple D Trading” фирмийн хувийн хөрөнгө оруулагч Деннис Дикийн хэлэхдээ “Эдгээр хувьцааны үнэ унах болгонд сохроор худалдаж авдаг маш олон хүн байсан. Өмнө нь энэ стратеги ашиг авчирдаг байсан ч өнөөдөр тэр байдал дууслаа” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button