39 жил гутал хийж буй С.Мөнхбат: Гоё загвар харахаар гутал болгомоор санагдаад, нойр хүрдэггүй
Цэргийн алба хааж ирсэн даруй гуталтай нөхөрлөж эхэлсэн С.Мөнхбат өдгөө 39 дэх жилээ гутал урлаж сууна. Түүний анх хийсэн гутал нь хятад шаахай. Тухайн үед түүнд гоё гутал авах мөнгө байхгүй учраас өөрөө хийж өмсөхөөр шийдсэн нь тэр аж.
Өдгөө 40 шахам жил гутлын загвар гаргаж, эсгэж, оёж суугаа нэгэн. "Дархан хүн бурхан ухаантай" хэмээн ярих "Армон" гутлын үйлдвэрийн захирал С.Мөнхбаттай цөөн хором ярилцлаа.
-Таныг Монголын хамгийн сайн гутал хийдэг хүн гэлцэх юм. Гадаадын олон орнуудаар явж гутлын үйлдвэрүүдээр нь зочилж бүр ажиллаж байсан гэж сонссон?
-Инээв. Хамгийн шилдэг нь гэвэл надад хэтийдсэн болох биз. Монголд гутал хийдэг дотоодын сайн үйлдвэрүүд цөөнгүй бий. Гэхдээ над шиг ганцаараа бүх зүйлээ хийж ажилладаг хүмүүс цөөн байх. Өмнө нь би олуулаа ажилладаг байсан л даа. Тархинд цус харвалт өгснөөс хойш ганцаараа ажилладаг болсон. Харвалт өгснөөс болж гар хөлийн хөдөлгөөн удааширч эхэлсэн учраас ганцаараа чөлөөтэй хүссэн үедээ тайван гутлаа хийх замыг сонгосон нь энэ. Өвдсөн ч гутал хийх ажлаа орхиж чадахгүй учраас ингээд сууж байна даа.
-Олон улсын туршлага гэвэл Герман, Чех, Польш, Итали, Хятад, Солонгос, Америк зэрэг улсын гутлын үйлдвэрүүдэд ажиллаж байлаа. Тэд нараас туршлага судалж байгаа царай нь тэр.
-Сурсан зүйл их биз?
-Асар их. Тэрний хүчинд л аятайхан гутал хийж байна. Манайд над шиг бүх төрлийн гутал сайн хийж чаддаг хүн ховор шүү. Харин нэг төрлийн гутлаар дагнасан газрууд бол бий. Ул нь байвал заалны пүүз хүртэл хийж чадна.
-Танаас маш олон төрлийн өвөрмөц гутлын загварууд гардаг. Орчин үеийн хэв шинжийг хадгалсан гутлууд ч энүүгээр өрөөстэй байна. Гарын уртайгаас гадна та оюуны өндөр бядтай хүн юм аа?
-Яг үнэн хэрэгтээ гарын ур сайтай бүх хүн гутал хийж чадахгүй. Ер нь надад гарын ур дүй байхгүй гэхэд болно. Гэхдээ сэтгэн бодох чадвар бий юу гэвэл тийм. Би хийсэн гутлууддаа дурласан хүн. Эхний гутал маань гоё болсон бол за дараагийн гутлаа бүр гоё болгох хэрэгтэй гэсээр нэг мэдэхэд хүн сайхан чамин гутал хийхийн төлөө хамаг бүхнээ зориулдаг юм байна лээ. Гутал захиалсан хүмүүс ирээд "ямар гоё гутал вэ, үнэхээр сайхан зохиж байна" гэж баярлаж буйг нь хараад урам зориг ордог. Миний хийсэн бүх гутал гоё. Гэхдээ гоё байхаас илүүтэйгээр хүний хөлд эвтэйхэн байх нь чухал.
-Орчин үеийн гутлын загвар өмнөх үеэсээ хэр их өөрчлөгдөж байгаа бол, таныхаар?
-Мэдээж цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр юмс даган хувьсаж байдаг. Үүний жишгээр гутлын загвар өөрчлөгдөх л ёстой. Эс чадвал хэрэглэгчдээ гологдоно. Минийхээр бол Итали гутлын загварыг монгол загвартай яагаад хольж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Би хөгшин хүн гээд хуучин загварын гутал хийгээд байж болохгүй. Чөлөөтэй сэтгэж байж л сайн гутлын загвар гаргана. Тиймээс тархиа үргэлж залуу байлгах хэрэгтэй.
-Ганцхан С.Мөнхбат гэдэг хүн ажилласны эцэст гутал хийж байна. Нэг гутлыг хэдэн өдөрт хийж дуусгах уу?
-Бие эрүүл саруул байхад өдөрт нэг гутал хийдэг байсан. Одоо бол нэг гуталтай 3-4 өдөр болно. Гутал болох бүх дамжлагын ажлуудыг бүгдийг нь ганцаараа хийж байгаа учраас ярвигтай ажил. "Сайн гутал сайхан газар хүргэдэг. Гутал муут гурвын хойгуур" гэдэг учир чанартай гутал хийх ёстой. Яавал хүнд таарсан, өмсөөд явахад хөл нь өвдөхөөргүй, маш сайн материалтай чанартайг хийхийг хичээж ажиллана.
-Хиймэл оюун ухаанаар гутлын загвар гаргуулж хийсэн тухай бичлэгээ та цахим хуудаснаа оруулсан байсан. Тэр гутлаа яасан бэ?
-Хиймэл оюун ухаанаар гутлын загвар гаргуулж хийж үзсэн юм. Анхны загвараас нь жаахан өөрчилж "монголчилж" хийсэн. Цахим хуудаснаа тэр тухай бичлэг оруулснаас хойш удалгүй нэг эмэгтэй ирээд аваад явчихсан. Өөр адилхныг ахиж хийгээгүй.
-39 жилийн турш гутал хийхдээ хамгийн үнэтэй үнэлэгдэж байсан нь хэд вэ?
-УИХ-ын гишүүний захиалгаар 2.5 саяар гутал хийж өгч байсан юм. Дөрвөн жилийн өмнө шиг санаж байна. Гутлаа өндөр үнээр үнэлэх дургүй. Аль болох боломжоороо ихэнхдээ хэлсэн үнээр нь өгчихдөг юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 жил нэг мэргэжлээрээ тууштай явна гэдэг бахархмаар
Iim humuus l jinhene uildverlegch humuus shuu
Хөдөлмөрөө хайрлаж яваа хүн байна даа
Goy zagvar harhaar noir ni hurehgui gedeg uneheer mergejildee hairtai hunii ug baina
Монгол урчууддаа амжилт хүсье
39 jil gutal hiisen turshlaga bol tom bayalag
Ийм хүмүүсийн хөдөлмөрийг илүү үнэлдэг болоосой
Harvalt uguud ch ajiliigaa orhiogui ni hundlel turuulj baina
Чанартай гутал хийдэг хүнээ дэмжих хэрэгтэй
Mongoldoo iim ur chadvartai hun baidag ni saihan medee baina
AI ashiglaad zagvar gargaj uzsen ni orchin uyeesee hotsroogui gedgiig haruulj baina
Ийм урчуудын тухай илүү их сурвалжилж байгаарай
Hunii hold evteihen baih ni hamgiin chuhal gedegtei ni sanal neg baina
Хүн бүрийн хийж чаддаггүй нарийн ажил шүү
Gantsaaraa buh damjlagaag hiine gedeg uneheer hudulmurch hun yum
Мундаг юмаа. Хөдөлмөрч тууштай хүн бнө да амжилт хүсье