Илон Маск ам.долларын их наядтан болсондоо АНУ-ын засгийн газарт талархах хэрэгтэй
Илон Маск дэлхийн анхны ам.долларын их наядтан болсондоо талархах хүн олон бий. Компаниудынх нь технологийн томоохон дэвшлүүдийг бүтээсэн инженерүүд, санхүүгийн үзүүлэлтүүд нь эвгүй харагдаж байсан ч мөнгө цутгахад бэлэн байсан Уолл Стритийн хөрөнгө оруулагчид гэх мэт. Гэхдээ хамгийн их талархах ёстой хүмүүс нь АНУ-ын татвар төлөгчид болон бодлого боловсруулагчид байж магадгүй юм.
“Tesla” компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Росс Гэрбер “АНУ-ын засгийн газар байгаагүй бол “Tesla” болон “SpaceX” гэх компаниуд бий болохгүй байсан” гэж хэлсэн байна. Тэрбээр “Gerber Kawasaki” нэртэй хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
АНУ-ын Засгийн газар “SpaceX” үүсгэн байгуулагдсаны эхний жилүүдэд 500 сая ам.доллар орчим буцалтгүй зээлийг олгожээ. “SpaceX”-ийн амжилт болон “Tesla” 1.5 их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн нь бүхэлдээ АНУ-ын засгийн газрын тусламжийн үр дүн гэсэн үг биш. Гэхдээ тус хоёр компани тусламж авах хүртлээ тогтворгүй, эрсдэлтэй нөхцөл байдалд байсан билээ.
Маскийн нэг их наяд ам.долларын хөрөнгийн хэдэн хувь нь засгийн газрын тусламж, гэрээ, зохицуулалтаас үүсэлтэй вэ гэдгийг тодорхойлох амаргүй. Зарим хэмжүүрээр бол түүний хөрөнгийн бага хэсэг л татвар төлөгчдийн мөнгөнөөс бий болсон мэт харагдана. “SpaceX”, “Tesla” зэрэг компаниуд засгийн газраас хэдэн тэрбум ам.долларын тусламж авсан нь Маскийн нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй харьцуулахад бага мэт харагдаж болно. Гэхдээ энэ тусламжийн дүн хэмжээ нь чухал биш авсан хугацаа нь илүү ач холбогдолтой.
“SpaceX”-д орж ирсэн анхны том санхүүжилт нь 2006 онд “NASA”-гаас авсан 278 сая ам.долларын буцалтгүй зээл байсан. Энэ мөнгөөр тус компани “Falcon” пуужингийн систем болон “Dragon” сансрын капсулыг хөгжүүлсэн билээ. Тухайн үед “NASA”-гийн Space Shuttle хөтөлбөр дуусаж байсан юм. Ийм учраас “NASA”-д сансрын нисэгчид болон ачааг Олон улсын сансрын станц руу хүргэх шинэ арга хэрэгтэй болсон байв.
Хувийн компаниудын үнэлгээг хянадаг “PitchBook” агентлаг мэдээлснээр энэ буцалтгүй зээлийг оролцуулаад “SpaceX” нийтдээ 500 сая ам.долларын тусламжийг засгийн газраас авчээ.

Өнгөрсөн долоо хоногт “SpaceX” компани IPO хийж хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн. Тус IPO-гийн өмнө “Planetary Society” компанийн сансрын бодлогын хэлтсийн дарга Кейси Драйер “278 сая ам.доллар нь “SpaceX” тухайн үе хүртэл босгосон нийт санхүүжилтийн тал хувь нь байсан. “NASA” томоохон хэмжээний тусламж үзүүлсэн гэсэн үг” гэжээ.
“NASA” “SpaceX”-д хөрөнгө оруулсныхаа ашгийг хүртэж, бүтээсэн пуужингаар нь олон тооны сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станц руу тээвэрлэсэн билээ. Гэвч хувийн хөрөнгө оруулагчидтай адил хэмжээнд ашиг хүртэж чадаагүй юм. Драйер “Тухайн үед санхүүжилтийнх нь талыг гаргасан хүмүүс удахгүй тэрбумтан болно” гэж хэлжээ.
“SpaceX” компани “NASA”-гаас буцалтгүй зээлээс гадна өөр байдлаар санхүүжилт авсан. 2008 оны сүүлээр “SpaceX” бараг мөнгөгүй болсон үедээ “NASA”-тай 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь чухал дэмжлэг болсон гэдгийг Маск өөрөө хүлээн зөвшөөрч байсан юм.
Маск 2012 онд “Falcon 9” пуужингаа анх удаа Олон улсын сансрын станц руу хөөргөх үеэр “Үнэнийг хэлэхэд NASA-гийн тусламжгүйгээр бид SpaceX-ийг эхлүүлж, өнөөдрийн түвшинд хүрэх боломжгүй байсан” гэж хэлж байжээ.
Харин “Tesla” компанийн хувьд засгийн газартай ийм том дүнтэй гэрээ хийж байгаагүй. Гэхдээ эхлэл үедээ чухал дэмжлэг авсан юм. 2010 оны нэгдүгээр сарын байдлаар “Tesla” үйл ажиллагаа эхлүүлснээсээ хойш 2 мянга орчим л машин борлуулаад байжээ. Дараа нь тус компани IPO хийхээсээ хэдхэн сарын өмнө АНУ-ын Эрчим хүчний яамнаас 465 сая ам.долларын бага хүүтэй зээл авсан юм. Энэ зээлээрээ “Tesla” Model S машинаа хөгжүүлсэн нь компанийн анхны том амжилт болсон байдаг.
Үүнээс гадна цахилгаан автомашин худалдан авагчдад АНУ-ын засгийн газар олгож байсан 7500 ам.долларын татварын хөнгөлөлт “Tesla” болон бусад компанид санхүүжийн дэмжлэг болж өгдөг байжээ. Тэрхүү хөнгөлөлтийн хүрээнд компаниуд АНУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинаа илүү өндөр үнээр борлуулдаг байсан юм.
2019 онд энэ хөтөлбөр дуусахаас өмнө “Tesla”-гийн хэрэглэгчид ойролцоогоор 3.4 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт авсан байв. Хөтөлбөр дуусахад “Tesla” хэрэглэгчдийн эрэлтийг хадгалахын тулд үнээ бууруулсан. Татварын хөнгөлөлтийн ачаар “Tesla”-гийн АНУ дахь борлуулалт нь хамгийн багадаа 1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэх тооцоо бий.
“Tesla”-гийн авсан хамгийн том санхүүгийн дэмжлэг нь цахилгаан автомашины татварын хөнгөлөлт байгаагүй юм. Харин автомашины салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах засгийн газрын зохицуулалтын хөтөлбөр байсан.

Энэ зохицуулалтын дагуу компаниуд машиныхаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой байв. Хэрвээ хязгаарлалтыг хангаж чадахгүй бол шаардлага биелүүлсэн компаниудаас “ялгаруулалтын зээл” худалдан авах хэрэгтэй болдог байсан юм. Шаардлагаас доогуур ялгаруулалттай байж, зээл зарах боломжтой байсан ганц компани нь “Tesla” байжээ.
Өөрөөр хэлбэл АНУ-ын бараг бүх автомашин үйлдвэрлэгч компаниуд зохицуулалтын улмаас “Tesla”-д мөнгө өгдөг нөхцөл бүрдсэн юм. Энэ зээлийн борлуулалт 2008 онд “Tesla”-гийн орлогын 25 хувийг, дараагийн таван жилийн турш орлогынх нь 10 хувийг бүрдүүлжээ. 2008–2019 оны хооронд энэ зохицуулалтын үр дүнд “Tesla” 2 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна.
Маск 2020 онд өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ “Tesla” 2019 онд дампуурлаа зарлах шахсан гэжээ. Дампуурлын эрсдэлийг давж гарсны дараа ч гэсэн “Tesla” 2021 он хүртэл ялгаруулалтын зээлийн тусламжгүйгээр ашигтай ажиллаж чадаагүй юм.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tur geheer muulaad baidag hernee ashig n bolohoor hamgiin turuund ochood avdag ni unen shde
Ийм их хөрөнгө дан ганц “суут ухаан”-аар бий болдоггүй гэдгийг энэ мэдээ харуулж байна
Tax tulugchdiin munguur bosood daraa ni tur hereggui gej tomroh arai l evgui haragdaj bn
Хувийн хэвшил гэж гоё ярьдаг ч эхний эрсдэлийг нь татвар төлөгчид үүрсэн байна шүү дээ
NASA baihgui bsan bol SpaceX iim hurdan bosohgui bsan gedeg n todorhoi yum bn
Манайд бол төрөөс дэмжлэг авсан хүн маргааш нь ард түмнээ мартдаг, дэлхий даяараа адил юм бна
Musk uuruu mundag baih, gehdee systemiin demjleggui bol iim hemjeend hurehgui l bsan
Humuus zuvhun Elon gej shuteed baidag, tsaana n tatvar tulugchdiin mongo yavj baisan l bn
Энэ чинь яг “ашгийг нь хувь хүн, эрсдэлийг нь олон нийт үүрнэ” гэдэг жишээ байна
Mundag engineeruud, investoruud baisan n unen, gehdee tur bol hamgiin tom tulguur bsan bn
Хэрвээ ийм дэмжлэг жирийн жижиг бизнесүүдэд очдог байсан бол хэдэн хүн босох байсан бол
Elon-iig burhan shig shutdeg humuust ene medee jaahan huiten shurshuur boloh bh
SpaceX NASA-gui bol iim tom bolohgui bsan gedgiig uuruu huleen zuvshuursun n gol bn
Elon bol brand, harin ene brandiin suurind tax tulugchdiin mungu ih orson bn