НИЙГЭМНийгэм ярилцлага

Түргэн тусламжийн эмч Э.Цэнгэл: Эх үр эсэн мэнд уулзах, гэр бүл нь бүтэн үлдсэн иргэдийн талархлаар л урамшиж ажилладаг

Нийслэлийн түргэн тусламжийн төвд зургаан жил ажиллахдаа долоон хүүхдийг гэрийн нөхцөлд амжилттай эх барьж авсан эмч Э.Цэнгэлтэй ярилцлаа.

Видео:

-Хоёр хоногийн өмнө юм байна. Дуудлагын дагуу очиж ажиллах үедээ жирэмсэн эхийг амжилттай төрүүлсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Нийгэм ч эергээр хүлээж авсан. Тухайн үеийн үйл явдлын тухай яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Яг хоёр хоногийн өмнө "Жирэмсэн эх төрөх гээд байна" гэх яаралтай дуудлагын дагуу очиход 39 долоо хоногтой нярайн толгой цухуйсан, эмнэлэг рүү тээвэрлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Улмаар төрөлтийн хоёр болон гуравдугаар үеийг гэрт нь удирдаж, 3 кг, 45см охиныг амжилттай эх барьж авч эмнэлэгт хүргэсэн. Эх хүүхдийн биеийн байдал нь хэвийн, эмнэлэгт хэвтэж байгаа. Миний долоо дахь дуудлагаар очиж эх барьж авсан хүүхэд болсон юм байна.

-Та эх барих эмч биш түргэн тусламжийн эмч атал зургаан жилийн хугацаанд долоон хүүхэд эх барьж авсан байх нь. Анх хүүхэд эх барьж авахад ямар байсан бэ?

-2021 он шиг санагдаж байна. Ажилд ороод нэг жил л болох гэж байсан байх. Дуудлагаар очиход жирэмсэн эхийг эмнэлэг рүү тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал намайг угтсан. Миний ажил учраас надаас өөр хийх хүн байхгүй. Эмч хүн байж жолоочдоо, ар гэрийн хүмүүст нь найдаад хойш суултай биш. Үнэндээ тухайн үед юу болоод байгааг сайн ойлгоогүй л дуусгасан. Нэг мэдэхэд л хүүхдээ тэвэрчихсэн өлгийдөж байснаа санадаг. Анхных учраас тэгж их сандарсан байх. Одоо бол алзахааргүй болсон. Хүний үзэж туулсан бүхэн бодит туршлага болдог юм байна лээ. Өөрийн гараар хийж, нүдээр харж байж л дадлагжиж сурдаг юм байна.

-Түргэний эмч нарыг "амь аврагчид" бүр зарим нэг нь "эрлэгийн элчтэй уралдагчид" гэх юм байна лээ. Минут бүрд хүний амь нас яригдаж, үйлдэл тутамд хариуцлага дагаж явдаг учраас тэр байх. Энэ нэрдээ та хэд ер дуртай юу?

-Хэтийдсэн нэр шиг санагдлаа. Биднийг арай их магтчихсан байна. Гэхдээ Түргэн тусламжийн эмч нар өдөр тутамдаа тааж тааварлашгүй олон зүйлстэй нүүр тулж байдаг. Өвчин зовлон, осол аваарын халуун цэг дээр очиж яаралтай тусламж үзүүлдэг хариуцлагатай ажил. Минут бүрд хүний амь яригдаж байдаг нь үнэн. Энэ бүхний эцэст эх хүүхэд хоёрыг эрүүл, саруул уулзуулах, өвчтөнд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж амь насыг аврах нь миний ажлын хамгийн сайхан зүйл байдаг. Хэдий хүнд хүчир, ажил ч хүний амь насны төлөө шүү дээ гэж бодохоор ухрах эрхгүй мэт санагддаг.

-Сэтгэл зүйн хувьд хатуужилтай байхыг шаарддаг юм байна?

-Бүх төрлийн дуудлагад очно шүү дээ. Ямар нөхцөл байдалтай юу хүлээж буйг урьдчилан таамаглах боломжгүй. Тэр бүхэнд өөрөө цочирдож сандраад байвал хүнээ аварч чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс сэтгэл зүйн хувьд үргэлж бэлтгэлтэй, бэлэн байдалд байх хэрэгтэй. Харахаар нүд халтирч халгамаар осол аваар, бэртэл гэмтэлтэй өчнөөн удаа л нүүр тулна.

-Бусад нарийн мэргэжлийн эмч нарын ажилтай дүйцэхүйц ажил санагдлаа. Магадгүй хүнд хэцүү ч байж болох юм байна?

-Зүрхний эмч бол зөвхөн зүрхээ л оношилж, эмчилгээ хийнэ. Гэмтлийн эмч гэмтлээ л эмчилдэг. Гэтэл түргэн тусламжийн эмч нар бүгдийг нь хийх хэрэгтэй болдог. Эмнэлгийн орчинд биш тухайн өвчтөний байгаа орчин нөхцөлд нь тааруулж анхан шатны эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх хэрэгцээ үүсдэг. Эс чадвал хүний амь нас эрсдэлд орно. Шаардлагатай үед оёдол тавих зэрэг хөнгөхөн мэс засал хийнэ. Тэгэхээр түргэний эмч нарт хүүхэд эх барьж авах бол наад захын ажил. 30 гаруй жил ажилласан ахмад эмч ахаас би удаа "та хэдэн хүүхэд эх барьсан бэ?" гэж асуухад "20 гарсан, тэгээд тоолоогүй" гэж хариулж байх жишээний.

-Түргэн тусламжийн дуудлаганд эмч, жолооч хоёр л явдаг шүү дээ. Таны хамгийн сайн хамтрагч бол жолооч байх нь?

-Манай жолооч нар эрүүл мэндийн боловсорлоо нэмэгдүүлэх сургалтад үргэлж хамрагддаг. Сувилагч гэхэд хилсдэхээргүй хүмүүс байдаг. Шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үзүүлнэ, хүүхэд төрөхөд өлгийдөөд зогсож байдаг хүмүүс шүү дээ. Яах араггүй эмчийн хамгийн сайн туслах, шилдэг хамтрагч бол жолооч. Дуудлага өгсөн өвчтөнд түргэн шуурхай хүрч үйлчлэх, өвчтөнийг зөөвөрлөх гэх мэт зайлшгүй багаар ажиллах шаардлагатай зүйлс олон. Тэр бүхнийг эмчийнхээ заавар зөвлөгөөний дагуу маш сайн гүйцэтгэлтэй хийдэг. Ер нь бол сувилагч л гэж боддог.

-Энгийн үед өдөрт нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 100-150 дуудлага бүртгэгдэж байна-

-Дуудлагаар явахад орон сууцуудын голын зам, зогсоолын хаалт зэрэг асуудал гардаг юм шиг санагддаг. Хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Монголд өвчтөнийг зөөвөрлөдөг дамнуурга багтах цахилгаан шаттай орон сууц байхгүй. Тиймээс хэдэн давхар байсан ч жолоочтойгоо хамт өвчтөнөө өргөөд л бууна шүү дээ. Таны хэлсэн байруудын орц гарцын асуудал бас байна. Бидний мөнхийн толгойны өвчин болж байгаа. Тусгай чипээр нээгдэж хаагддаг учраас орох боломжгүй. Энэ бүхэнд маш их хугацаа алддаг.

-Өдөрт нийслэлийн түргэн тусламжийн төвд хэчнээн дуудлага ирдэг вэ. Дуудлагын шалтгаан нөхцөл ихэвчлэн юутай холбоотой байх уу?

-Энгийн үедээ нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 100-150 дуудлага бүртгэгдэж байгаа. Өвлийн улиралд буюу томуугийн дэгдэлтийн үед багадаа 200, ихдээ 600 болж өсдөг. Ихэвчлэн согтууруулах ундаатай холбоотой дуудлага түгээмэл байдаг.

-Хуурамч дуудлага хэр их ирэх үү?

-Ер нь ирнэ шүү. Гэхдээ хуурамч гэхээсээ илүүтэйгээр халуурах шинж тэмдэг илрэнгүүт 103 руу залгаж дуудлага өгдөг хүмүүс цөөнгүй байна. Тэр тусмаа 20-25 насныхан "халуурч байна. Ирээд үзээд эм өг" гэдэг. Дуудлага өгсөн л бол очиж таарна. Очиж биеийн байдлыг нь үзэхээр хэвийн бага зэргийн халууны шинж тэмдэг илэрсэн байдаг. "Та маргааш өрхийн эмнэлэг ороод үзүүлээрэй" гэхээр "та нар эм авчирч өг, тангараг өргөсөн биз дээ" гэх мэтийн зүйл ярина. Гэр бүлийн хүмүүсээ болон бусдыг айлгах үүднээс санаатайгаар татаж унах хүмүүс, хүүхдүүд байдаг. Хамт байгаа хүмүүс нь түүнийг нь мэдэхгүй учраас дуудлага өгнө, яваад очихоор хуурамч дуудлага байх зэрэг асуудлуудтай тулгарна.

-Зургаан жил ажиллахад очиж байсан хамгийн хүнд дуудлага юу байсан бэ?

-Зөндөө бий. Гэнэтийн осол аваарын дуудлага л хэцүү. Ил шарх ихтэй, цус алдсан, олон хугаралтай өвчний шокт орсон дуудлага хүнд байдаг. Гэмтсэн тухайн хүн эмчийг хараад "би амьд үлдлээ" гэж тайвширч буй нь мэдрэгддэг. Тэр тусмаа гэр бүлийн хүмүүсийн нь надад найдаж, залбирч буй харцыг харах сайхан. Тэр харцыг харсан хүн ухарч хойш суух, шантрах эрхгүй болдог.

-Энэ нь таны мэргэжлийн сайхан нь байж таарах нь. Тэр харц, итгэл?

-Тийм. Гэр бүлийг нь бүтэн байлгаж чадсан мэдрэмж гайхалтай. Эмч болсны минь л шагнал тэр байх. Баярлалаа танд гэж хэлээд гар атгах мэдрэмжийг зүйрлэж хэлж чадахгүй байна. Эх үр хоёрын эсэн мэнд анхны уулзалт, эмч ирсэн намайг аварна гэх өвчтөний залбирал, гэр бүл нь бүтсэн болсон иргэдийн талархлаар л урамшиж ажилладаг шүү дээ, бид нар.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button