МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар, аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан байдаг.
Тухайлбал, энэ сарын 7-нд бөхийн өргөөнд болсон Наадмын сорилго барилдааны тавын даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва Улсын начин Б.Сосорбарамд өвдөг шороодохдоо цохих үйлдэл гаргаж, давсан бөх тахим авахаар ирэх үед “Энэ чинь допинг хэрэглэчихсэн байна” хэмээн хашхирсан гэх асуудал яригдсан. Улмаар Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл "Улсын арслан Р.Пүрэвдагва нь давтан ёс зүйгүй үйлдэл гаргасан, улсын өндөр цолтой, бөх дэвжээний багш, дасгалжуулагчаар ажилдаг учир өндөр ёс зүйн хариуцлагатай байх ёстой" хэмээн үзэн МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг үндэслэж барилдах эрхийг таван сараар хассан юм.
Тэгвэл Р.Пүрэвдагва өөрийн цахим хуудсаар дамжуулан “Барилдааны дундуур өөрийн мэдэлгүй зарим болчимгүй үйлдлийг гаргасан байна. Өөрийн буруугаа ойлгосон МҮБХ гаргасан шийдвэрээ эргэж хараасай хэмээн хүсэж байна” хэмээн уучлал гуйсан.
Харин түүнийг барилдаж давсан Улсын начин Б.Сосорбарам “Р.Пүрэвдавга арслантай барилдах явцад барьц байрлал, олж авах барилдааны тэмцэл өрнөсөн. Бидний дунд ямар нэгэн маргалдах зүйл болоогүй. Үндэсний их баяр наадам болох гэж байгаа энэ үед МҮБХ болон Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл энэхүү шийдвэрээ эргэн нэг харахыг хүсэж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн.
Угтаа сар хүрэхгүй хоногийн дараа баяр наадам болно. Гэтэл Улсын арслан Р.Пүрэвдагва барилдах боломжгүй болж, энэ жилийн наадмыг өнжиж буй нь бөх сонирхогчдын шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Одоогоор бөхийн холбоо "шийдвэрээ эргэн харж үзээч" гэх Р.Пүрэвдагвын хүсэлтийг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
Б.АЗЖАРГАЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон хавар нэгэндээ гэж, хариуцлагаа хүлээж сур, гоншигноод байх хэрэггүй шүү дээ, унахдаа хүн цохиж мөргөж байхдаа хариуцлагаа ухамсарлаж бодоогүй байж одоо олон юм ярих хэрэг юун??
Хууль чанга байж сахилга бат тогтоно.
GARGASAN TOGTOOLOO BUTSAADAG UM GEJ XAANA BN.
ZUGEER SHIITGELEE XULEEJ SUR.
TEGVEL BUSAD XUMUUS YAX BE