Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоо газрын ховор металлын нийлүүлэлтийн хувьд БНХАУ-аас хамаарлаа бууруулах хүсэлтэй байна

Их долоон орныг газрын ховор металлын хувьд БНХАУ-аас хамааралтай байдлыг бууруулах тал дээр зөвшилцөлд хүргэн, хамтарсан мэдэгдэл гаргуулахаар Франц ажиллаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тус мэдэгдэлд Бээжингээс ирээдүйд авч магадгүй арга хэмжээ болон бусад орны зах зээлийг хямд үнэтэй бүтээгдэхүүнээр дүүргэх бодлогоос хамгаалах арга хэмжээнүүд багтаж магадгүй байна.

Францын Эвиан-ле-Бен хотод болсон Их долоогийн дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр /2026.06.17/ удирдагчид ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн юм. Франц Их долоог даргалж байх хугацаандаа газрын ховор металлын нийлүүлэлтийг чухалчлан авч үзэж байгаа.

Өнгөрсөн жил БНХАУ газрын ховор элементээр үйлдвэрлэдэг соронзны экспортод хязгаарлалт тавьсны улмаас зарим салбарын үйлдвэрлэл бараг зогсох хэмжээнд хүрч, дэлхийн эдийн засгийг сандаргасан. Газрын ховор металлаар үйлдвэрлэсэн соронзыг эрчим хүч, зэвсгийн үйлдвэрлэл болон технологийн салбар өргөн ашигладаг. Өнгөрсөн жилийн үйл явдал барууны орнууд БНХАУ-ын нийлүүлэлтээс хэр хамааралтай болохыг харуулсан зүйл болсон юм.

Францын Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгэн албан тушаалтан дээд хэмжээний уулзалтын өмнө "Бид газрын ховор металлын талаар ач холбогдол бүхий баримт бичгүүдийг хэлэлцэж байгаа. Энэ нь эдийн засгийн бүрэн эрхт байдалтай шууд холбоотой асуудал" гэж хэлжээ.

Сүүлийн саруудад Их долоо газрын ховор металлын нийлүүлэлтийн талаар хэлэлцээр ирсэн юм. Тэд нийлүүлэлтийн эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг авч үзжээ. Үүнд зах зээлийн стандарт тогтоож, засгийн газраас татаас олгон, урт хугацааны худалдан авах баталгаа авах зэрэг багтаж байгаа юм. Мөн БНХАУ-аас бусад оронд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх талаар хэлэлцжээ.

Зургийн эх сурвалж: France24

Барууны орнууд шинэ уурхайнуудаас нийлүүлэлт авах гэрээг түргэтгэн, газрын ховор металл боловсруулах болон дахин боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч БНХАУ-ын олон арван жилийн хугацаанд босгосон давамгай байр суурийг сулруулахад олон жил шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ нь дэлхийн газрын ховор металлын салбарт илт ноёрхдог. Тодруулбал дэлхийн нийт олборлолтын 70 хувийг явуулж, боловсруулалт болон соронзын үйлдвэрлэлийн 90 хувийг хийдэг юм.

АНУ 2026 оны эхээр газрын ховор металлын худалдаанд зориулсан олон улсын тусгай холбоо байгуулах санал дэвшүүлсэн. Гэвч энэ санаачилга хэрхэн ажиллах тал дээр улс орнуудын байр суурь зөрсөн хэвээр байгаа юм. Доналд Трампын захиргаа дор Цагаан ордоны хэрэгжүүлж буй гадаад бодлогуудын хүрээнд уг асуудал маргаан дагуулах болжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button