Монгол Улсад айлчилж буй Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ
Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар долоодугаар сарын 20-22-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.
1952 оны аравдугаар сарын 5-нд төрсөн Эмомали Рахмон нь 1992 оноос хойш Бүгд Найрамдах Тажикистан улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд 1994 оноос Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Тэрбээр Азизмо Асадуллаеватай гэрлэсэн бөгөөд тэд есөн хүүхэдтэй юм.
Рахмон Тажикстаны Хатлон мужийн бүрэлдэхүүнд багтдаг, тухайн үеийн Куляб мужийн Куляб хотод тариачны гэр бүлд төржээ. Тэрбээр 1971-1974 онд ЗХУ-ын зэвсэгт хүчинд алба хаасан байна. Рахмон 1982 онд Тажикийн Улсын их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгсжээ. 1976-1988 оны хооронд Куляб мужийн Дангара дүүргийн хамтын аж ахуйн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж, тухайн үед засгийн газрын удирдах байгууллагуудад хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байсан.
1990 онд Рахмон Тажикийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Дээд Зөвлөлийн ардын депутатаар сонгогджээ.

1992 оны наймдугаар сард Тажикистаны иргэний дайн эхэлсний дараахан Ерөнхийлөгч Рахмон Набиев огцорсон байдаг. Үүний дараа Дээд Зөвлөлийн дарга Акбаршо Искандаров ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч болсон. Гэвч тэрбээр мөргөлдөөнийг намжаах зорилгоор мөн оны арваннэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Тэр сард Хожанд хотод Тажикийн Дээд Зөвлөл хуралдаж ерөнхийлөгчийн албан тушаалыг хүчингүй болгож, тухайн үед парламентын даргаар ажиллаж байсан Рахмон төрийн тэргүүн болсон юм.
1994 оны арваннэгдүгээр сарын 6-нд Рахмон шинээр үүсгэсэн Тажикистаны ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож, арваннэгдүгээр сарын 16-нд тангараг өргөжээ. Тажикстан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараа буюу 1999 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон сонгуульд тэр 97 хувийн санал авч, долоон жилийн бүрэн эрхийн хугацаатай дахин сонгогджээ.
2003 оны зургаадугаар сарын 22-нд болсон бүх нийтийн санал асуулга явуулж түүний бүрэн эрхийн хугацаа 2006 онд дууссаных нь дараа дахин хоёр удаа дараалан долоон жилийн хугацаагаар сонгогдох боломжтой болсон байна. Сөрөг хүчин энэхүү нэмэлт өөрчлөлтийг сонгуулийн луйвартай дүйцэхүйц байдлаар явуулсан гэж тухайн үед мэдэгдэж байв.
Рахмон 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон маргаантай сонгуульд 79 хувийг авч дахин ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ. Олон улсын байгууллагууд Рахмоны засаг захиргааг хүний эрх болон хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн шүүмжилж ирсэн юм.
Эх сурвалж: European Parliament











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.