Хиймэл оюун ухааны хамгийн том компанийн ажилчид хиймэл оюун хөгжүүлэлтийн хурдыг сааруулахыг уриалж байна
“OpenAI”, “Google”, “Meta” зэрэг хиймэл оюун ухааны тэргүүлэгч компанийн олон зуун ажилтан хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулахыг АНУ-ын засгийн газарт уриалжээ. Тэдний үзэж буйгаар аюулгүй байдал, хамгаалалтын арга хэмжээнүүд хиймэл оюун ухааны хөгжлөөс хоцорч байгаа тул хөгжлийн хурдыг түр хугацаанд хязгаарлах шаардлагатай аж.
АНУ-ын засгийн газар хиймэл оюун ухааны хөгжлийг тодорхой хэмжээнд удаашруулах арга хэрэгслийг боловсруулах олон улсын хамтын ажиллагааг дэмжих ёстой гэж нээлттэй захидалд дурдсан юм.
Тус захидалд хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэд загваруудыг хөгжүүлдэг компаниудын мянга гаруй ажилтан гарын үсэг зуржээ. Тэдний дунд “OpenAI”-ийн ерөнхий эрдэмтэн, “OpenAI”-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Anthropic”-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Meta”, “Google” зэрэг компанийн дэд ерөнхийлөгч нар багтаж байна.
Сүүлийн үед хиймэл оюун ухаан хурдацтай хөгжихийн зэрэгцээ урьд өмнө байгаагүй эрсдэлүүд гарж ирж байна. Өнгөрсөн долоо хоногт “OpenAI” мэдээлснээр, туршилтын хоёр загвар нь лабораторийн хяналттай орчноос гарч, хамгаалалтын системийг нь тойрон интернэтэд нэвтэрч, өөр нэг компанийн дотоод сүлжээнд зөвшөөрөлгүй халджээ.
Тус захидалд "Хиймэл оюун ухааны чадамж нь эдгээр системийг ойлгож, хянах боломжийг давсан хурдаар өсөх бодит эрсдэл байгаа” гэж бичсэн байна. Мөн “Хиймэл оюун ухааны асар их боломжийг бүрэн ашиглахын тулд салбарын мэргэжилтнүүд, засаг болон нийгэмд шинээр гарч ирэх эрсдэлүүдийг шийдвэрлэх, аюулгүй байдлын хамгаалалтыг боловсруулах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх цаг хугацааг өөрсдөдөө бий болгох сонголттой байх шаардлагатай" гэжээ.

“CNN” агентлаг “OpenAI” компаниас энэ асуудлаар мэдээлэл авахад, хиймэл оюун ухааны хөгжлийг тодорхой хэмжээнд удаашруулах боломжийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус компани "Энэ чиглэлээр АНУ-ын засгийн газрын удирдан хэрэгжүүлэх ажилд бусад лабораториудын хамт хувь нэмрээ оруулна гэж найдаж байна" гэсэн аж.
“OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн мягмар гарагт /2026.07.28/ нийтлэгдсэн подкаст дээр хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах цаг нь болсон байж магадгүй хэмээжээ. Туршилтын орчноос оргосон “OpenAI”-ийн загварууд нь технологи ийм хурдацтай ахиж байгаа нөхцөлд компаниуд хэрхэн ажиллах ёстой талаар чухал асуултуудыг хөндөж байна гэж тэр хэлсэн юм.
Алтмэн "Нийгэм эдгээр шинэ түвшний технологид дасан зохицож, шаардлагатай хамгаалалтаа бүрдүүлэх хангалттай хугацаатай байхын тулд бид хөгжлийн хурдыг тодорхой хэмжээнд сааруулах шаардлагатай болж магадгүй" гэжээ.
“Anthropic” компани мөн мэдэгдэл гаргаж, хиймэл оюун ухааны хөгжлийг шаардлагатай тохиолдолд удаашруулах асуудлаар өргөн хүрээний зөвшилцөл бий болж байгаад баяртай байна гэжээ.
Мөн "Хамгийн дэвшилтэт түвшинд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн хурдыг зохицуулах, шаардлагатай үед удаашруулах техникийн болон засаглалын хэрэгслүүдийг бий болгох шаардлагатай гэсэн өргөн хүрээний зөвшилцөл энэ салбарт үүсэж байгаад бид баяртай байна. Ингэснээр нийгэм өөрийгөө бэлтгэх боломжтой болно" гэсэн юм.
“Meta” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. “Google DeepMind”-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис мөн саяхан шинэ хиймэл оюуны загварууд мөрдөх протокол боловсруулах олон улсын стандартын шинэ байгууллага байгуулахыг уриалжээ. Энэ саналыг Сэм Алтмэн, “SpaceX”-ийн Илон Маск, “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла болон салбарын бусад удирдагчид дэмжсэн байна.
“OpenAI”-ийг үүсгэж байгуулагчдын нэг мөн “Thinking Machines” хиймэл оюуны лабораторийг байгуулсан Жон Шульман "Автоматжсан хиймэл оюуны судалгаа улам хурдацтай хөгжихийн хэрээр зохицуулалтын механизмууд шаардлагатай болж магадгүй гэдэг ойлголтыг энэхүү захидал салбар даяар түгээж байна” гэжээ. Тэрбээр мөн “АНУ-ын засгийн газар оролцохоос өмнө лабораториуд өөрсдийн санаачилгаар ийм механизмуудыг боловсруулж эхлээсэй гэж хүсэж байна” хэмээсэн юм.
Хиймэл оюун ухаанд илүү хатуу зохицуулалт тавихыг уриалсан захиа нь шинэ зүйл биш. Харин энэ удаагийн уриалга нь тус салбар хэдэн жилийн турш хурдацтай тэлж, хөгжсөний дараа гарч байгаагаараа онцлог байна. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан компаниудын бизнесийн гол стратегийн нэг болж, их хэмжээний хөрөнгө оруулалт татахаас өмнө үр нөлөөтэй зохицуулалтын тогтолцоог бий болгох боломжийг засгийн газрууд алдсан байж магадгүй юм.
Хүмүүсийн санаа зовж буй асуудалд аюулгүй байдлаас гадна хиймэл оюун ухаан байгаль орчинд үзүүлэх нөлөө, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх өгөгдөлтэй холбоотой зохиогчийн эрхийн маргаан, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө гэх мэт зүйлс багтаж байна.
Хиймэл оюун ухааны зохицуулалт дээр бодит үр дүнд хүрэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай. Гэвч одоогийн геополитикийн нөхцөлд эдгээрийг хэрэгжүүлэх нь амаргүй сорилт болж өгнө.
Эх сурвалж: CNN, Firstpost












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.