Гадаад мэдээДЭЛХИЙ

"BTS" аялан тоглолтоор их орлого олж байгаа ч агентлагийнх нь хувьцаа эрс унав

“BTS” хамтлагийн амжилтын ачаар “Hybe” хоёрдугаар улиралд түүхэн дээд орлоготой ажилласан ч зах зээлийн үнэлгээ нь эрс унав. Тухайлбал тус компанийн зах зээлийн үнэлгээ мягмар гарагт /2026.07.28/ 2.845 их наяд вон буюу ойролцоогоор 1.96 тэрбум ам.доллароор буурсан байна.

“Hybe”-ийн хувьцааны ханш 16.09 хувиар огцом унасан нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн том нэг өдрийн уналт болжээ. Үүний дараа лхагва гарагт /2026.07.29/ алдагдал нь үргэлжилж 16.31 хувиар буурч, 2024 оны есдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв.

Тус компанийн орлого болон үйл ажиллагааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч ашгийн хэмжээ зах зээлийн хүлээлтэд хүрээгүй нь хувьцааны ханш огцом унах гол шалтгаан болжээ. Компанийн ихээхэн амжилттай ажилласны гол хөдөлгөгч хүч нь тоглолтын орлого байсан аж. Гэхдээ “Hybe” тоглолтоос олсон орлогынхоо томоохон хувийг уран бүтээлчдэд өгдөг тул компанид үлдэх ашиг бага байдаг гэж шинжээчид тайлбарлажээ.

Тоглолтын орлого өмнөх оны мөн үеэс 243.3 хувиар, өмнөх улирлаас 630 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг дөрөвдүгээр сарын 9-нд Өмнөд Солонгост эхэлсэн “BTS”-ийн “ARIRANG” аялан тоглолт голлон бүрдүүлсэн аж.

Зургийн эх сурвалж: Lifestyle Asia

“Hybe”-ийн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашгийн хэмжээ 11.8 хувь байсан нь “SK Securities”-ийн таамагласан 12.7 хувь болон “Eugene Securities”-ийн тооцоолсон 12.2 хувиас доогуур үзүүлэлт байв.

“SK Securities”-ийн шинжээч Пак Жүн Хён тоглолтын орлогын эзлэх хувь өссөнөөр уран бүтээлчдэд олгох төлбөрийн хэмжээ нэмэгдэж, компанийн ашигт ажиллагаа хүлээлтэд хүрээгүй гэж дүгнэжээ.

“IM Securities”-ийн шинжээч Хван Жи Вон мөн үүнтэй ижил дүгнэлт гаргасан  байна. BTS зэрэг олон жилийн турш амжилттай явж буй хамтлагуудын тоглолтоос компанид үлдэх орлого харьцангуй бага байдаг гэж тэр хэлсэн юм.

“Kiwoom Securities”-ийн шинжээч Им Сү Жиний хэлснээр зах зээл орлогын өсөлтийг мерчендайз борлуулалт голлон бүрдүүлнэ гэж хүлээж байжээ. Мерчендайзаас олох ашгийн хэмжээ 50 хувь хүртэл хүрэх боломжтой байдаг аж.

2026 оны хоёрдугаар хагаст “Hybe” компани нийтдээ 200 гаруй тоглолт товложээ. Энэ оны эхний хагаст зохион байгуулсан 119 тоглолттой нийлээд нийт тоглолтын тоо 2021 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button