Экспортоо нэмэгдүүлэх Засгийн газрын зорилттой зэрэгцэн ОХУ төмөр замын тарифаа 8.5 хувиар нэмчихлээ
ОХУ-ын эрх баригчид санхүүгийн хүндрэлд орж, бараг 4 их наяд рублийн өр хуримтлуулсан Оросын төмөр зам (РЖД) компанийн төсөвт дэмжлэг үзүүлэхийн тулд 2027 онд хийхээр төлөвлөж байсан тарифын нэмэгдлийг хугацаанаас нь өмнө хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаа зарлав.
RBC агентлагийн мэдээлснээр, ирэх онд хийхээр төлөвлөсөн тарифын ээлжит индексжүүлэлтийг энэ оны аравдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болгож урагшлуулсан байна. Ингэснээр:
- Ачаа тээврийн тариф 8.5 хувиар,
- Алсын зайн зорчигч тээврийн тариф 9.2 хувиар тус тус нэмэгдэнэ
Энэ оны гуравдугаар сард Оросын эрх баригчид тээврийн аюулгүй байдлын шимтгэл нэрээр тарифыг төлөвлөгөөнөөс гадуур нэг хувиар нэмэгдүүлээд байсан. Тус нэмэлт орлогыг РЖД-ийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулах шаардлагатай болсон бөгөөд компани энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дөрөвний нэгээр танаж, 713.6 тэрбум рубль болгосон юм.
Өмнөх жилүүдэд РЖД-ийн ачаа тээврийн тариф:
- 2025 онд 10 хувь,
- 2024 онд 13.8 хувь,
- 2022, 2023 онд тус тус 6.8 болон 8 хувиар өссөн.
Ингэснээр энэ оны аравдугаар сарын нэмэгдлийг тооцвол, Украины дайн эхэлснээс хойш төмөр замын тээврийн тарифын нийт өсөлт 56 хувьд хүрч буй юм.
РЖД-д нэмэлт санхүүжилт нэн шаардлагатай болсон нь сүүлийн 16 жилийн хамгийн доод түвшинд хүрээд буй ачаа тээврийн хэмжээтэй холбоотой юм. Өнгөрсөн онд тус компани 1.1 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон бол энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар ачаа эргэлт ердөө 0.5 хувийн өсөлттэй гарчээ.
Өнгөрсөн оны эцсийн дүнгээр РЖД-ийн цэвэр ашиг 22 дахин буурч, 50.7 тэрбум рублиэс 2.2 тэрбум рубльболсон байна. Жилийг алдагдалтай дуусгахгүйн тулд компани зардлаа эрс танаж, барилга байгууламж, вагон болон зүтгүүр худалдан авах зэрэг зардлыг багтаасан 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө өмнөх оноос 40 хувиар бууруулж, 1.5 их наяд рублиэс 890 тэрбум рубль болгожээ. Гэсэн ч энэ арга хэмжээ хангалтгүй байсан тул РЖД бүх зардлаа санхүүжүүлэхийн тулд өнгөрсөн онд 800 тэрбум рублийн шинэ өр тавьсан.
Өнгөрсөн намар РЖД Оросын Засгийн газарт хандан Үндэсний баялгийн сангаас 200 тэрбум рублийн яаралтай санхүүжилт хүссэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй. Тус компани Төв банкны өндөр хүүгийн улмаас өрийн үйлчилгээний зардал нь 534.1 тэрбум рубльд хүрч, өмнөхөөсөө хоёр дахин өссөн талаар мэдэгдэж байсан юм. Засгийн газар татгалзсан шийдвэр гаргасны дараа РЖД зарим ажилтнаа хагас цагийн ажлын горимд шилжүүлжээ.
РЖД-ийн ерөнхий захирал Олег Белозёровын өмнө нь мэдэгдсэнээр, компани 2026 оноос төв аппаратад ажиллаж буй ажилтнуудынхаа 15 хувь буюу ойролцоогоор 6,000 хүнийг цомхотгохоор төлөвлөж буй гэв. Мөн түлш, засвар үйлчилгээний зардлыг бууруулснаар нийтдээ 74 тэрбум рублийн хэмнэлт гаргах зорилт тавьсан аж.
МОНГОЛД ИРЭХ НӨЛӨӨЛӨЛ
"Улаанбаатар төмөр зам" ХНН хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан. Дүрмийн санг хоёр улсын Засгийн газар хувь тэнцүү бүрдүүлдэг учир тэгш эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. ОХУ-ын хувьд сүүлийн жилүүдэд зохих түвшний тариф тогтоож, 2030 он хүртэл индексжүүлсээр ирсэн бөгөөд манайд ч мөн ийм бодлого зайлшгүй шаардлагатай гэсээр ирсэн.
Уг нь Н.Учралын Засгийн газрын зорилго энэ онд нүүрсний экспортыг 95 сая тонн, ирэх онд 100 сая тонн гэхчлэн жил ирэх бүр нэмэгдүүлэх, түүнчлэн зэс, төмрийн хүдрийн экспортыг ч нэмэгдүүлнэ гэж байв. Үүний тулд төмөр замын зээврийг нэмэгдүүлж, эндээс экспортыг энэ онд тун боломжийн өсгөчихнө гэдэг хүлээлт тавьсан. Бүр зорчигч тээврийг зогсоогоод ч хамаагүй экспортыг дэмжинэ гэчихсэн.
Гэтэл 2022 оноос эхлэн Оросын шийдвэртэй холбоотойгоор "Улаанбаатар төмөр зам" ХНН мөн төмөр замын үнэ тарифаа дагаж өөрчилсөөр ирсэн бөгөөд тухайлбал, 2022 онд экспортын нүүрсний тээвэрлэлтийн нэмэгдлийг 20 хувь, зэс цайрын баяжмалынх 20 хувь, төмрийн хүдэр 15 хувь, жонш 15 хувиар тус тус нэмэгдэж байсан удаатай.
Энэ удаад зэс, цайрын баяжмал тээвэрлэх тарифыг 13 хувиар, жонш тээвэрлэх тариф 9 хувиар, чингэлэг тээвэр 8.14 хувиар, барилгын материалын тариф 6.5 хувиар, төмрийн хүдрийн тариф 3 хувиар тус тус нэмэгдэхэд хүргэв.
Уг нь Монголын тал ЗХУ-ын хийсэн 1949 оны гэрээг өөрчлөх саналаа Оросын талд удаа дараа хүргүүлсэн ч хариу өгөлгүй өнөөг хүрч ирсэн. 2020 онд УИХ-аар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж ч байв. Энэ үеэр яригдаж байсан нэг асуудал нь, 1949 оны гэрээгээр Монгол газар ашиглуулсны төлбөр болон зарим төрлийн татварыг огт авдаггүй тухай байсан юм. Гэтэл Үндсэн хуульдаа Монгол Улсын газрыг гадаадын иргэн, хуулийн этгээд хугацаатайгаар төлбөртэй ашиглана гэж заасан нь өнөөг хэр Оросын талд үйлчилдэггүй гэх асуудал бий.
Засгийн газар нь төмөр замаар экспортоо нэмэгдүүлж, төсвийн орлогоо сайжруулна гээд байдаг. Гэтэл ОХУ алдагдлаа нөхөхийн тулд жил бүр тарифаа нэмэгдүүлж, үүнийг нь дагаад дотоодын төмөр замын тээврийн тариф ч өсөөд байхаар эдийн засгийн өгөөж гэх юмгүй л. Салбарын сайд нь юу бодож явдаг юм бол доо.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний тус мэддэггүй лаларууд больж
За ингээд хамаг юмны татвар хураамж нэмэгдээл эдийн засаг савлах нь дээ
Оросын тариф нэмэгдэх бүрд манай экспортын өрсөлдөх чадвар буурч байна, ганц зах зээлээс хэт хамааралтай байхын эрсдэл улам тодорлоо
Ymar ch tuluvluguu gargasan teevriin zardal ingej usuhuur exportiin ur ashig ni bagasna
Засгийн газар экспортоо нэмэгдүүлнэ гэдэг ч бодит байдал дээр тээврийн өртөг улам өсөөд байна
Orosiin dotood asuudliin tulburiig Mongoliin exportlogchid davhar uurch bga ni haramsaltai
Манайх өөр гарц, өөр тээврийн боломжуудаа илүү хурдан хөгжүүлэхгүй бол ийм асуудал давтагдсаар байх нь
Neg ulsaas het hamaaraltai baihiin sul taliig dahin haruullaa
Tarif usuh tusam uul uurhain company bolon exportlogchid l hundrel uurne
Жил бүр тариф өсөөд байхад экспортын ашиг буурч, улсын орлого ч дагаад хумигдах эрсдэлтэй
Zam teevriin bodlogoo iluu bie daasan bolgoh tsag boljee
Оросын эдийн засгийн хүндрэл Монголын бизнесүүдэд шууд нөлөөлж байгаа нь харамсалтай
Export nemne geed baidag tegeed teevriin une ni bainga usdug ene asuudlaa yaj shiideh yum bol
Ediin zasgiin ayulgui baidal gej ene l baih daa
Төмөр замын шинэчлэл, өөр чиглэлийн гарцуудыг эрчимжүүлэхгүй бол ийм эрсдэлээс гарахгүй
zayagui xuurnuud xyatadaas mungiig ni avaal shine tumur zam bariulchxdag gazar shde, tegeel ene orosiin xogiig xayana biz. Beejin zuvshuursun baixad umxii ivanuud yu gex ni xamaagui bolson xorvoo ...
энэ үед нь оросууд руу хандаад төмөр замын оросын талын хувийг монгол авъя гээд санал гаргаад боломжийн үнэ-ээр авчихвал яасан юм бэ? Эсвэл дайнаас болж оросын эдийн засаг бүүр муудахыг хүлээх үү?