Гадаад мэдээДЭЛХИЙ

Стратегийн хувьд чухал Лейпцигийн нисэх буудалд бөмбөгтэй дрон илэрсэн нь нөхцөл байдал хурцдаж буйг харууллаа

Лейпцигийн нисэх онгоцны буудлаас лхагва гарагт /2026.08.05/ тэсрэх бодистой дрон олдсон явдал гарсан. Дрон дэлбэрээгүй ч хамгаалалтын бүсийг нэвтэрч, Украины ачааны онгоцнуудын ойролцоо хүрсэн нь нисэхийн аюулгүй байдлын салбарынхны санааг зовоох боллоо.

Хэргийг үйлдсэн этгээдүүд одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ анхан шатны баримтууд энэхүү ажиллагааг ОХУ зохион байгуулсан байх магадлал өндөр гэдгийг харуулжээ. Энэ нь Украины хилээс хол, Европын нутаг дэвсгэрт тэсрэх бодистой дрон илэрсэн анхны тохиолдол юм.

Германы хэвлэлүүдийн нийтэлсэн гэрэл зургаас харвал дрон дөрвөн сэнстэй, Украины дайнд өргөн ашигладаг төрлийн дрон байв. Тэрхүү дрон Украины Антонов агаарын тээврийн компанийн ачааны онгоцноос хэдхэн метрийн зайд унасан байна.

Германы Саксони мужийн цагдаа нар мэдэгдэл хийхдээ тус дрон төрөл нь тодорхойгүй тэсрэх төхөөрөмж тээвэрлэж байсан гэсэн юм. Дронд “PETN” болон Semtex нэртэй хуванцар тэсрэх бодисоор хийсэн бөмбөг бэхэлсэн байжээ. “Semtex” нь 1988 онд “PanAm 103” нислэгийг дэлбэлэхэд ашигласан тэсрэх бодисын нэг. Харин Лейпцигийн буудалд орж ирсэн дроны тэслүүр нь ажиллаагүй учир бөмбөг дэлбэрээгүй юм.

Зургийн эх сурвалж: AP

“LeipzigerVolkszeitung” сонин мэдээлснээр, цагдаа нар дроноос 800 грамм хүртэл тэсрэх бодис илрүүлжээ. Кранфильдийн их сургуулийн шинжээч Тревор Лоуренсийн хэлэхдээ, энэ хэмжээний тэсрэх бодис онгоцонд их хэмжээний хохирол учруулж чадах байсан аж.

Тэсрэх бодис нь үнэхээр “Semtex” үү, эсвэл өөр төрлийнх байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ийм төрлийн хуванцар тэсрэх бодисыг ихэвчлэн арми эсвэл сайн зохион байгуулалттай террорист бүлэглэлүүд л ашигладаг. Дрон сонирхогч энгийн иргэд ийм бодис олж авах боломж бараг байдаггүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Лейпцигийн буудалд тэсрэх бодистой дрон илэрсний дараа өөр нэг үл мэдэгдэх нисдэг биет бүртгэгдсэн байна. Тус нисдэг биет бас дрон байсан байж магадгүй юм. Эхний дрон илэрсний улмаас Лейпцигийн нисэх онгоцны буудал ирж буй нислэгүүдийн чиглэлийг өөрчилсөн байжээ. “DHL”-ийн нэгэн ачааны онгоц чиглэлээ өөрчлөхөөр явж байхдаа хоёр дахь үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдсөн юм. Азаар онгоц багахан гэмтэл авч, өөр буудалд аюулгүй газардсан байна.

Лейпцигийн нисэх буудал бол стратегийн чухал байгууламж юм. Тус буудлыг Украины Антонов компани Европ дахь үндсэн баазаа болгож ашиглан, хүнд даацын ачаа тээвэрлэдэг. Өөрөөр хэлбэл Украины зэвсэгт хүчин тус буудлаас цэргийн хүнд зэвсэг болон бусад хангамж нийлүүлдэг байж магадгүй. Мөн НАТО, Германы зэвсэгт хүчин тус буудлыг ашигладаг юм.

Зургийн эх сурвалж: AP News

Стратегийн хувьд ийм чухал нисэх буудлын дээгүүр дрон саадгүй ниссэн нь олон хүний анхаарлыг татаж байна. Өмнө нь Лейпцигийн нисэх буудал хорлон сүйтгэх ажиллагаанд өртөж байсан тохиолдол бий. 2024 оны долоодугаар сард “DHL”-ийн онгоц дотор байсан галдан шатаах бөмбөг Лейпцигт дэлбэрч байжээ. Үүнтэй төстэй хоёр илгээмжийн багц Польш олдож байсан юм.

Европ тэдгээр хэргийг мөрдөн шалгасны үр дүнд Литва, Польшид байсан 22 хүнийг сэжигтнээр тогтоожээ. Тэднийг ОХУ-ын тагнуулын байгууллагын даалгавраар ажилласан гэж үзсэн байна. Мөрдөн шалгалтын явцад ОХУ сэжигтнүүдийг цахимаар элсүүлж, зааварчилгаа өгч, криптовалютаар цалин хөлс өгснийг илрүүлсэн аж.

Сүүлийн жилийн хугацаанд Европын орнууд ОХУ-ыг хил давуулан дрон нисгэж байна хэмээн олон удаа буруутасан тохиолдол гарсан. Өнгөрсөн жилийн есдүгээр сард ОХУ-ын 20 орчим Гербера загварын дрон Польшийн хил давсан юм. Үүний улмаас Польш өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зүүн бүсийн хоёр мужийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байсан билээ.

Өнгөрсөн жил Их Британи дахь АНУ-ын “RAFLakenheath” агаарын бааз болон Франц, Бельги, Нидерландын цэргийн хэд хэдэн байгууламжийг тандсан тохиолдлууд гарсан. Долоодугаар сард “International Institute for Strategic Studies” тайлан гаргахдаа Кремль эдгээр тандалтын ард байсан гэж дүгнэсэн юм.

Польш руу орж ирсэн Гербера загварын дронуудыг НАТО-гийн сөнөөгч онгоцнууд буудаж унагаах гэж ихээхэн хүндрэлтэй тулгарсан. Тэдгээр дроны ихэнх нь зай дууссаны улмаас унажээ. Харин цэргийн баазуудыг тандсан хэрэг дээр барууны орнууд дронуудаас нэгийг ч барьж чадаагүй юм. Мөн тандалтын ажиллагаанд хурдан хариу өгч чадаагүй байна.

Үүнээс харвал ОХУ Европт галдан шатаах ажиллагаа, дроноор дарамт үзүүлэх, тагнах ажиллагааг харьцангуй саадгүй явуулж байгаа аж.  “IISS”-ийн ахлах судлаач Чарли Эдвардс "Тэслүүр нь ажиллаагүй ч тэсрэх бодистой дрон илэрсэн нь өмнөх бүх тохиолдлоос илүү ноцтой асуудал" гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ "Энэ дроныг зүгээр л олог гэж биш, харин халдлага үйлдэхээр илгээсэн байх магадлал өндөр. Гэхдээ тийм зорилготой байсан гэдгийг батлаагүй байна" гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button