Судалгаа: Урам зоригоо хадгалахад тусалдаг байж магадгүй тархины эсийг илрүүлжээ
Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд тархи хэрхэн урам зориг хадгалдгийг тайлбарлаж болох нэгэн механизмыг илрүүлжээ. Тэдний явуулсан судалгаагаар бол орексин нэртэй мэдрэлийн эсүүд хүнийг зорилгодоо тууштай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Судалгааны үр дүнг АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны академийн “PNAS” сэтгүүлд нийтэлсэн байна. Урам зориг буурах нь сэтгэл гутрах, донтох, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD) зэрэг өвчний үед түгээмэл ажиглагддаг. Гэвч урам зориг алдагдахад тархинд яг ямар үйл явц өрнөдгийг эрдэмтэд бүрэн тайлбарлаж чадаагүй хэвээр байна.
Судалгааг Нагояагийн их сургуулийн Анагаахын дээд сургуулийн дэд профессор Хироюүки Мизогүчи болон гавьяат профессор Киёофүми Яамада нар удирдан явуулжээ. Тэд нойр, хоолны дуршил, эрчим хүчний зарцуулалт зэрэг чухал үйл ажиллагааг зохицуулдаг орексин мэдрэлийн эсүүдийг голлон судалсан байна.
Өмнөх судалгаанууд эдгээр мэдрэлийн эсүүд урам зоригт нөлөөлдөг байж магадгүй гэж үзэж байсан ч яг ямар үүрэгтэй нь тодорхойгүй байжээ. Тодорхой үүргийг нь тогтоохын тулд судлаачид орексин эсийн идэвхжил өөрчлөгдөхөд хархны зан төлөв хэрхэн өөрчлөгдөж буйг ажигласан аж.
Өмнөх судлаачид ийм төрлийн туршилтуудыг ихэвчлэн хулгана дээр хийдэг байсан. Харин хархны суралцах чадвар илүү сайн байдаг тул илүү нарийн төвөгтэй зан үйлийн туршилтад ашиглах нь тохиромжтой байдаг аж. Гэвч хархны тархин дахь тодорхой мэдрэлийн эсүүдийг нарийн онилж судлах нь техникийн хувьд илүү хүндрэлтэй байжээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд судлаачид генийн өөрчлөлттэй "orexin-Cre" хархыг бүтээсэн байна. Ингэснээр орексин ялгаруулдаг нейронуудыг сонгон идэвхжүүлэх, өөрчлөх боломжтой болсон байна. Судлаачид эхлээд хемогенетик аргаар орексин нейронуудыг идэвхжүүлсэн юм. Дараа нь хархнуудыг "progressive ratio" буюу аажмаар хүндэрдэг сорилд оруулсан аж.
Туршилтын шат ахих тусам хархнууд хоолон шагнал авахын тулд өмнөхөөсөө илүү олон удаа мэдрэгчид хүрэх шаардлагатай болж байжээ. Харх хэдийд мэдрэгчид хүрэхээ больж байгааг "breakpoint" буюу бууж өгөх цэг гэж нэрлэсэн юм. Үүнийг урам зоригийн хүчийг хэмжих үзүүлэлт болгон ашиглажээ.
Орексин эс нь идэвхэжсэн хархнууд илүү өндөр “breakpoint”-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд хоолон шагнал авахын тулд илүү их хүчин чармайлт гаргажээ. Харин орексин эсүүдийг нь сонгон устгасан хархнуудад эсрэг үр дүн ажиглагдсан байна. Тэдний “breakpoint” бага байсан нь урам зориг нь мэдэгдэхүйц суларсныг харуулж байгаа юм.
Судалгааг ахалж явуулсан эрдэмтдийн нэг болох Хироюүки “Бидний судалгаа хүлээж буй шагнал болон түүнд хүрэхэд шаардагдах хүчин чармайлтаас шалтгаалан орексин эсүүдийн идэвхжил мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг харууллаа. Энэ нь хүлээлтийг зорилгодоо тууштай тэмүүлэх үйлдэл болгон хувиргадаг механизм байж болохыг харуулж байна" гэж хэлжээ
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.