Ираны эрх баригчид Трампыг бууж өгнө гэж таамаглаж, стратеги баримталж байна
Ираны эрх баригчид өөрсдийгөө дайнд ялалт байгуулахад ойртсон гэж үзэж, Ормузын хоолойг хяналтдаа авахыг АНУ эцэст нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ гэж тооцоолж байна.
Учир нь энэ дайныг америкчуудын ихэнх нь эрс эсэргүүцэж байгаа. Ормузын хоолойн хөдөлгөөн зогсонги хэвээр байгаа үед АНУ-д шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байж, арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуульд Трампын нам тааруухан үр дүн үзүүлнэ.
Ормузын хоолойг хүчээр нээхийг оролдох нь цэргийн хувьд амь нас болон хөрөнгийн асар өндөр зардал дагуулна. Пентагон хуурай замын цэрэг оролцуулсан довтолгоо явуулах шаардлага ч гарч магадгүй юм. Мөн Йеменд Ираны тусламжтай үйл ажиллагаа явуулдаг хуситууд дайны цар хүрээг тэлж, дэлхийн худалдаа болон эрчим хүчний тээврийн хоёр дахь хамгийн чухал маршрутыг тасалдуулж чадна байгаа.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг лоббидож, дайныг санаачилсан Израил одоо Ираны дайнд оролцохгүй гэж мэдэгдсэн. Үүнээс харвал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бууж өгөхөөс хэрэгтэй юм.
Гэхдээ Ираны энэхүү стратеги нь эрсдэл дагуулна. Дайны улмаас Ираны тэнгис болон нисэхийн хүчин асар том хохирол амссан. Мөн эдийн засгийн хувьд хэцүүхэн нөхцөл байдал ороод байгаа. Дайн эхлэхээс өмнөхөн иранчууд амьжиргааны нөхцөл байдалдаа бухимдаж, томоохон эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн билээ.
Цаг хугацаа өөрсдийнх нь талд байна гэж Иран үзэж байна
Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад зөвлөж байсан шинжээч Абдолреза Давари хэлэхдээ, Иран Ормузын хоолойг бодитоор хяналтдаа авсан нь АНУ болон бүс нутгийн орнуудтай харилцахад хөшүүрэг болж өгч байна гэжээ. Тэр “Иран Ормузын хоолойгоос олох орлогоос илүүтэйгээр хоолойг удирдах эрх болон тусгаар тогтнолоо баталгаажуулахыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
Хоолойн аль нэг хэсэгт ч болов албан ёсны хяналт тогтоох нь Ираны хувьд илэрхий ялалт, харин АНУ-ын хувьд ялагдал болно. Мөн энэ нь далайд чөлөөтэй зорчих эрхтэй холбоотой олон улсын хэм хэмжээнд томоохон цохилт өгнө. Иран Ормузын хоолойг хяналтдаа авснаар дэлхийн бусад оронд жишиг тогтоож магадгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын худалдааны стратегийн чухал гарцуудыг хүссэн үедээ хааж, хүссэнээ авах хэрэгсэл болгож болно гэсэн ойлголт газар авах эрсдэлтэй.

Ираны үндэсний аюулгүй байдлын шинжээч Мехди Мохаммади “Тэд дайныг эхлүүлсэн. Гэхдээ дайны төгсөх нь тэдний шийдэж чадах зүйл биш. Хэзээ дуусгахыг бид үргэлж өөрсдөө шийддэг. Иран дайснаа ялахын төлөө явж байна. Тохиролцоонд хүрэхийн төлөө биш” гэж бичжээ.
Иран Ормузын хоолойг дахин нээлттэй усан зам болгохгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдэж, хоолойгоор зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдсон хөлөг онгоцнуудад цохилт өгсөөр байх болно гэж анхааруулсан.
Техранд төвтэй аюулгүй байдлын шинжээч Мостафа Нажафийн “Ираны хувьд Ормузын хоолой нь халдлагаас сэргийлэх, бүс нутгийн хүчний тэнцвэрийг хадгалах, Персийн булангийн аюулгүй байдлын дүрмийг өөрчлөх стратегийн хөшүүрэг болсон” гэж хэлсэн байна. Ийм учир Иран Ормузын хоолойг удирдах зорилготой байгаа юм.
Иранд ажилладаг шинжээч Рахман Гахреманпур “Ормузын хоолойд үүссэн мөргөлдөөний улмаас цөмийн асуудал хоёрдугаар эгнээнд шилжсэн. Энэ нь Ираны ашиг сонирхолд нийцэж байгаа” гэж хэлжээ. Хэрэв цөмийн асуудлаарх хэлэлцээ дахин эхэлбэл Ормузын хоолойг Иран хөшүүрэг болгон ашиглана гэж тэр нэмж хэлсэн байна. АНУ дайныг эхлүүлсэн гол шалтгаан нь Ираныг цөмийн бөмбөгтэй болохоос сэргийлэх байсан билээ.
Ираны баримталж буй стратеги эрсдэлтэй
Дайны эдийн засгийн үр дагавар дэлхий даяар мэдрэгдэж буй ч Иранд хамгийн хүндээр тусаж байна. АНУ болон Израилын цохилтууд Ираны аж үйлдвэрийн дэд бүтцийг сүйрүүлсэн. АНУ-аас Ираны боомтуудад тавьсан хөдөлгөөний хязгаарлалт тус улсын газрын тосны экспортыг их хэмжээгээр багасгажээ. Үүний улмаас хүнсний үнийн инфляц гурав оронтой тоонд хүрсэн нөхцөлд иранчууд амьдарч байна.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ираны валютын ханш хүчтэй унасны улмаас тус улс 47 жилийн өмнө байгуулагдсанаас хойш үзэгдээгүй том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Эрх баригчид жагсаалыг дарахын тулд хүч хэрэглэж, олон мянган хүн амиа алдсан юм.
Ираны Гадаад хэргийн сайд асан Мохаммад Жавад Зариф саяхан нийтлэл бичихдээ, Иран дайны явцад гаргасан амжилтаараа дипломат ажиллагаа явуулах завшаан гаргаж чадсан гэжээ. Гэхдээ Иран удахгүй тохиролцоонд хүрч чадахгүй бол эдийн засгаа сэргээхэд хүндрэлтэй болж, дотоодын эмх замбараагүй байдал үүсэх эсвэл дахин цохилтод өртөх нөхцөл байдал үүсэж магадгүйг анхааруулсан аж.
Шинжээч Рахман мөн энэ стратеги Ираны эсрэг үр дүн авчрах эрсдэлтэйг анхааруулжээ. Ираны тэсвэрлэх чадварт хязгаартай, эдийн засгийн нөхцөл байдал дордвол нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол байна.
Тэр “Иран энэ стратегийг үүрд үргэлжлүүлж чадахгүй. Бодит байдлаа харвал Иран Америктай тохиролцоонд хүрэхээс өөр аргагүй” гэж хэлжээ. Харин Давари одоохондоо Иран дарамтыг тэсвэрлэх чадвартай хэвээр байна гэж үзэж байгаа аж. Тэр “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Иран одоогийн байр сууриасаа ухрах магадлал бага” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.