НИЙГЭМСурвалжилга

Томилолт | Газрын наймаанд хавчуулагдаж, хувийн өмчид хашигдсан Баян-Өлгийн "монгол сургууль"

Баян-Өлгий аймгийн төвд улсын, хувийн нийт 12 ЕБС бий. Үүнээс Хөдөлмөрийн баатар Б.Баастын нэрэмжит II сургуульд аймгийн хүн амын долоон хувийг эзэлдэг үндэсний цөөнх төдийгүй нутгийн уугуул иргэд Урианхай, Тува, Дөрвөд ястны хүүхдүүд суралцдаг. Тиймээс олонхын дунд монгол сургууль гэж нэрлэж заншсан. Ирэх онд 100 жилийн ойгоо угтах буурал түүхтэй сургуулийн спорт талбайн 552 мкв газар бусдад алдагдаад 14 жилийн нүүрийн үзжээ.

Өнгөрсөн тавдугаар сард тус газрыг өмчлөх эрхтэй худалдаж авсан гэх иргэн Н.Ергали шорооны ажил эхлүүлэх үеэр багш нар эсэргүүцэж лайв хийснээр асуудал олны анхааралд орсон. Төрийн ордноор нэг хэсэг шуугьсан ч хаврын чуулган хаахтай зэрэгцэн мартагдаад буй. Уг асуудлын мөрөөр Eguur news агентлагийн сурвалжлах баг Өлгий хотод ажиллаад ирлээ.


Аймгийн төв талбайгаас 300 метр орчим яваад II сургуульд хүрнэ. Авто замын хажууханд гурван давхар ягаан өнгийн барилга байх нь тус сургуулийн хичээлийн байруудын нэг. Ард хэсэгт нь байрлах талбайн 80 орчим хувийг хашаалжээ. Мөн "Гаднын хүн орохыг хориглоно" гэх анхааруулга бичиг наасан харагдана.

Өмнө нь энэ газар сургуулийн спорт талбай, хүүхдүүд тоглож гүйсэн хөл хөөртэй орчин байв. Өдгөө эрээвэр хураавар өнгөтэй төмөр хашааг бэхэлсэн моддын үзүүр нь бага ангийн цонх өөд ёрдойн байна.

-Сургуулийн газраа хамгаалсан багш нараас байцаалт авч, хувийн өмчид халдсан гэж үзэн торгууль ногдуулжээ-

Сошиал орчинд ил болсон нь өнгөрсөн хавар боловч сургуулийн газар бусдын гараар ороод 14 жил өнгөрч байна. Тодруулбал, 2012 оноос эхэлсэн асуудал. Одоогийн ярьж буй 552 мкв газрын тухайд С.Шүкирхан  түүний охин Ш.Маржангүл, н.Нургали зэрэг хэд хэдэн хүн дамжсаар Н.Ергалид ирээд буй. Энэхүү олон жил дарагдсан газрын наймааны асуудалд сургуулийн үе үеийн захирал, орон нутгийн удирдлагууд хамааралтай гэгддэг.

Газрыг хашаалаад нэг жил болж буй. 2025 оны хавар барилгын ажил эхлүүлж газар ухахыг завдсанаар багш нарын эсэргүүцэлтэй тулж, том оврын техник хэрэгслээ буцаан татсан. Үүнээс хойш хашаанд дээрээ хяналтын камер байршуулжээ. Энэ нь цаагуураа хувь хүний өмчид халдаж болохгүй гэсэн сануулга гэлтэй.

Сургуулийнхаа газрыг буцаан авах, хүүхдүүдийнхээ сурах, хөгжих эрхийг хамгаалахын төлөө дуугарсан багш нар элдэв байцаалт өгч, өр торгуульд унаад байгаа юм. Тодруулбал, уг асуудлын талаар нийгэмд шүгэл үлээсэн 30 гаруй багш нарыг газрын албанаас дуудсан байцаалт авч, хувийн өмчид халдсан гэх агуулгаар улсын байцаагч 300 мянган төгрөгийн шийтгэлийн хуудас бичжээ.

Б.Алтанцэцэг: Бидний тавьж буй шаардлага бол сургуулийн газраа авч үлдэх. Хүүхдийн сурч хөгжих эрх нэн тэргүүнд байх ёстой

Сургуулийнхаа газрыг хамгаалж үлдэхээр тэмцэж буй багш нарын нэг нь Нийгмийн ухааны багш Б.Алтанцэцэг. "Манай сургуулийн газар зарагдчихсан гэнэ гэж сонсогддог л байсан. Цаад учрыг нь мэддэггүй байлаа. Гэтэл нэг л өдөр хашаа хатгаж, том техник оруулаад ирсэн" хэмээсээр бидний яриа эхэллээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та сургуулийн газрынхаа төлөө зоригтой дуугарч байгаа багш нарын нэг. Бидэнд нөхцөл байдлаар мэдээлэл өгвөл?

-Өнгөрсөн жил барилга барих гэж байна гээд том техникүүд ороод ирсэн. Тэндээс асуудал хурцдаж эхэлсэн. Багш нар цуглаад лайв хийж, цагдаа дуудан техникүүдийг гаргуулсан. Шаардлага тавьсан 33 багшийг газрын албан дээр дуудаж байцаалт авсан. Н.Ергали гэдэг хүний худалдаад авчихсан гээд байгаа энэ газар бол хүүхдүүдийн биеийн тамирын талбай юм.

Тэр хүнд барилга барих зөвшөөрөл байхгүй. Өөрөө болохоор "Миний өмгөөлөгч боломжтой гэсэн. Би 350 сая төгрөгөөр худалдаж авсан, амины орон сууц барина" гэдэг. Хувь хүн талаас нь бодсон ч сургуулийн цонхны дор амьдрахад хэцүү баймаар. Тэгэхээр нэгэнт барилгын ажил эхлүүлчихвэл үйлчилгээний барилга болох ч магадлалтай. Бидний зүгээс зохих байгууллагаас зөвшөөрлөө аваагүй байж барилгын ажил эхлүүлэх ёсгүй гэдэг байр суурьтай байгаа.

-Одоогоор нөхцөл байдал, шийдвэрлэлт ямар явцтай байгаа вэ?

-Одоогоор зогсонги байна. Бид энэ асуулаар Засаг даргад хандсан. Е.Зангар даргын тухайд хүүхдүүдийн спортын талбай учраас боломжит байдлаар шийдэж өгнө гэсэн. Мөн Н.Ергалид "Нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн газрыг хүүхдэд нь өгчих. Аймгийн төвд өөр сонирхсон газар байвал өгье" гэсэн юм билээ.

Бидний тавьж буй шаардлага бол сургуулийнхаа газрыг авч үлдэх. Монгол, казак гэх асуудал сонин биш. Манай сургуульд казак хүүхдүүд ч сурдаг. Хүүхдийн сурах, хөгжих эрх нэн тэргүүнд байх ёстой. Үүний төлөө хөл хүрэх газраа явж, хэл хүрэх газраа ярина.

-Газаргүй болсон учраас биеийн тамирын хичээл орохоос эхлээд сургалтын үйл ажиллагаанд хүндрэл үүсэх нь дамжиггүй. Өдөр тутмын үйл ажиллагаа талаасаа ямар асуудал тулгарч байна вэ?

-Уг газрыг спорт талбайгаас гадна зогсоол байдлаар ашигладаг байсан. Ялангуяа өвлийн улиралд бага ангийн хүүхдээ хүргэж байгаа эцэг эхчүүдэд нэн хэрэгцээтэй. Манай сургууль төв зам дагуу байрлалтай. Ойрхон цэцэрлэг бий. Газрыг хашаалсанаар зам тээврийн ослын эрсдэлийг нэмэгдүүлсэн. Хүүхэд машинд шүргүүлсэн тохиолдол ч гарсан.

-II сургууль хүчин чадлаасаа 1100 давсан сурагчтай бөгөөд өргөтгөл барих нь цаг хугацааны асуудал-

Хоёрдугаар сургууль нийт дөрвөн хичээлийн байртай, 1560 хүүхдийн багтаамжтай. 187 багш, ажилтантай. 2025-2026 оны хичээлийн жилд 2730 хүүхэд суралцжээ. Энэ бол боломжит хүчин чадлаас 1170-аар давсан тоо. Сургуулийн даац хэдийн хэтийдсэн. Цаашид улам л зай талбай, газар хэрэгцээтэй болно. Цаана нь багш нарын ачаалал, боловсролын чанарын асуудал ч хөндөгдөж буй.

Гэтэл хамгийн сүүлд буюу баригдсан 640 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрныхаа бөөрнөөс газраа "хулгайд алдчихаад" байгаа нь энэ. 2017 онд уг байрыг барих үед энэ газрын асуудал хэдийн эхэлчихсэн байсан тул спорт заалны зураг төсөл өөрчилсөн талаар эх сурвалжууд хэлж байв.

Сургуулийн хөрөнгөнөөс алдагдсан зүйл нь ганц газар биш. Дотуур байрыг нь VI сургуульд шилжүүлсэн аж.

Багш, удирдлагын зүгээс газрын асуудалтай хамтатган дотуур байраа буцаан авахаар хөөцөлдөж эхэлжээ. Тус сургуулийн онцлог нь Буянт, Булган, Алтанцөгц сумдаас хүүхдүүд зорин ирж суралцдаг. Тэр хэрээр дотуур байрны хэрэгцээ шаардлага өндөр юм.

-Газрын асуудлаар аймгийн удирдлага, иргэн Н.Ергали зэрэг холбогдох талуудын байр суурийг тодрууллаа-

Газрын өмчлөгч гэх иргэн Н.Ергали

Намайг зохих журмын дагуу газраа авсан байна гэж тав, зургаан удаа шүүхийн шийдвэр гарсан. Би энэ газрыг хоёр жилийн өмнө авсан. Нэг айлын орон сууц барина. Аймгийн удирдлагаас "Өөр газар өгье" гэсэн. Төв зам дагуу газар байвал боломжтой. Би дуртайяа зөвшөөрнө. Гэтэл одоо болтол шийдээгүй. Хоёр сар хүлээлээ. Би ч бас амьдралтай хүн, банкны зээлтэй.

II сургуулийн захирал Н.Цэнд-Аюуш

Би 2016 онд захирлын албан үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Өмнөх захирал энэ асуудлаар Н.Бадамцэцэг БЕГ-ын даргад, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж нааштай шийдэгдсэн юм билээ. Гэвч шахалтад орсны улмаас шүүх дээр нэхэмжлэлээсээ татгалзчихсан. Мөн дарамт шахалтад орсноо нотлох баримт байхгүй болчихоод байгаа.

Одоо эсрэгээрээ Н.Ергали биднийг шүүхэд өгчихөөд байгаа. Нэхэмжлэл нь хувийн өмчийн газартаа орон сууц барихад ямар саад учруулахгүй байх гэдэг утгатай. Наймдугаар сарын 11-нд шүүх хурал болох байсан ч энд тог тасарч, манай өмгөөлөгч цахимаар оролцох боломжгүй болсон тул хойшилсон. Ирэх долоо хоногт болно.

Бид наадмын өмнө газар олгох тухай 2012 оны захирамжийг хүчин болгож өгөхийг хүсэлтийг Засаг дарга Е.Зангарт гаргасан юм. Тухайн үеийн Засаг дарга Ш.Хабылын захирамжийг хууль бус гэж үзэж байгаа. Анхнаасаа ИТХ-ын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон юм билээ. Одоогоор Засаг даргыг огцруулчихсан, дараагийн хүн томилогдоогүй, хүлээлтийн байдалтай байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Е.Зангар

Миний хувьд хүүхдүүдийн спортоор хичээллэх газар талбайг хамгаалж үлдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

Энэ ташрамд хэлэхэд "Сургуулийн газрыг намайг охиндоо бэлэглэсэн" гэх яриа гарсан. Тийм зүйл огт байхгүй. Хэдэн онд, ямар Засаг даргын газар олгосныг хүмүүсээс очоод асуух хэрэгтэй. Би ганц охинтой байсан 2011 онд гадаад авто ослоор нас барсан тул эмзэглэж байгаа.

Хаваржин шуугьж, улстөрчдийн сошиалаар оноо цуглуулах сэдэв болсон Баян-Өлгийн II сургуулийн газрын асуудлын нөхцөл байдлыг тал талын байр суурийн хамт хүргэлээ. Газраа хамгаалсан багш нар шүүхэд дуудагдаж, улс төрийн шийдвэрийн улмаас аймгийн удирдлагад гаргасан хүсэлт нь гацаанд оржээ.

Уг нийтлэлтэй холбоотой өмнөх агуулгыг эндээс уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button