Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайны улмаас шатахуун хомсдож, Хятадын ачааны цахилгаан машины экспорт нэмэгдэв

БНХАУ-аас Азийн орнууд руу хийж буй ачааны цахилгаан машины экспорт эрчимтэй нэмэгдэж байна. Ираны дайны улмаас шатахууны үнэ өссөн тул дэлхийн  улс орнууд тээврийн салбараа цахилгаанжуулах сонирхол нь улам нэмэгджээ.

Хятад улс хөнгөн болон хүнд оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны машинуудыг дотоодын зах зээлдээ маш хурдтай нэвтрүүлж байгаа. Энэхүү цахилгаанжуулалт нь БНХАУ Ираны дайны улмаас үүссэн шатахууны цочролын нөлөөнөөс тодорхой хэмжээнд хамгаалжээ. Одоо Азийн бусад орнууд ч энэ чиг хандлагыг дагаж эхлэв.

АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгч дайн эхлүүлснээс хойших дөрвөн сарын хугацаанд БНХАУ 16,823 хүнд даацын ачааны цахилгаан машин экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Экспортын тал орчмыг Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу хийсэн байна. Өмнөд Ази руу нийлүүлэлт тав дахин нэмэгдсэн бол Зүүн Өмнөд Ази руу хийх экспорт гурав дахин өсжээ.

Эдгээр бүс нутгийн орнууд газрын тосны нийлүүлэлтээр Ойрх Дорнодоос ихээхэн хамааралтай юм. Харин Иран Ормузын хоолойг хааснаар дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдаж, дизель түлшний үнэ огцом өссөн байна. “GlobalPetrolPrices” сайт мэдээллээр энэ нь БНХАУ-ын ачааны цахилгаан машин машин үйлдвэрлэгчдэд шинэ боломж бий болгож байгаа аж.

Ираны дайны улмаас Шри Ланкад дизелийн үнэ 48 хувиар, Филиппинд 57 хувиар өссөн байна. Харин Хятадад дизелийн үнэ 15 хувиар нэмэгджээ. Дэлхийн хамгийн том хүнд даацын ачааны цахилгаан машин үйлдвэрлэгч “Sany” компанийн олон улсын маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Юэ Жаотин “Дайн эхэлснээр өмнө нь хүрч чадахгүй байсан шинэ зах зээлүүд нээгдлээ” гэж хэлсэн байна.

“Sany” компани өмнө нь Европын зах зээлд голлон анхаарч байсан бол одоо Зүүн Өмнөд Азид илүү ихээр төвлөрөх болжээ. Мөн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд хямд үнэтэй загварууд гаргахаар ажиллаж байгаа гэж Юэ хэлсэн байна. Тус компани зургаадугаар сард 880 хүнд даацын ачааны цахилгаан машин нэг дор нийлүүлсэн нь хамгийн том захиалга болжээ.

Юэ “Шатахууны үнэ өсөхөөс өмнө эдгээр оронд хүнд даацын цахилгаан машин авсан хүн зарлагаа нөхөхөд ойролцоогоор 28 сар зарцуулдаг байсан. Харин одоо энэ хугацаа 18 сар хүртэл богиносжээ гэсэн байна.

Түүний үзэж буйггаар шатахууны үнэ өссөн нь цахилгаан ачааны машины эрэлтийг хамгийн багадаа нэг жилийн хугацаанд эрчимтэй өсгөх төлөвтэй байгаа аж. Ялангуяа Ази, Африк, Латин Америкийн зах зээлд өсөлт өндөр байх магадлалтай гэж тэр хэлжээ.

АНУ болон Европт хүргэлтийн машинууд түгээмэл болсон. Харин хүнд даацын ачааны цахилгаан машины хэрэглээ харьцангуй удаан нэмэгдэж байна.

БНХАУ-д ачааны цахилгаан машинуудын тоо нэмэгдсэнээр энэ онд нийт 141 сая баррель газрын тостой тэнцэх хэмжээний түлш хэмнэх тооцоо гарчээ. Энэ нь Хятадын нийт газрын тосны хэрэглээний гурав орчим хувьтай тэнцэнэ.

Харин Хятадаас гадагш гарсан цахилгаан ачааны автомашинуудын нөлөө одоогоор үүнээс бага байна. Эрчим хүч ба цэвэр агаарын судалгааны төвийн (CREA) тооцоогоор энэ оны эхний хагаст экспортолсон цахилгаан ачааны автомашинууд жилд 1.6 сая баррель газрын тостой тэнцэх хэмжээний түлшний хэрэглээг орлож байгаа аж.

Гэхдээ цахилгаан ачааны автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд хэд хэдэн асуудал бий. Худалдан авах үнэ нь дизель түлшээр явдаг машинаас өндөр, мөн хангалттай хэмжээний цэнэглэх станц байхгүй байгаа нь гол асуудал юм.

Хятадын цахилгаан суудлын автомашинууд олон улсын зах зээлд хурдацтай нэвтэрч байгаа нь цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэхэд түлхэц болно. “CREA”-гийн үүсгэн байгуулагч Лаури Мюлливирта хэлэхдээ энэ нь ачааны цахиллгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд ч дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.

Тэр “Шатахууны үнэ өндөр байгаа нь бизнес эрхлэгчдийг илүү хурдан шийдвэр гаргахад хүргэнэ. Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих талаар нухацтай бодож, үйл ажиллагаагаа хурдан өөрчлөх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button