Нийгмийн

Европын Хөрөнгө Оруулалтын Банк ойн аж ахуйг дэмжих зорилгоор 100 сая еврогийн санхүүжилт олгоно

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлын өндөр түвшний долоо хоногийн хүрээнд Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн газартай Монгол Улсын тогтвортой ойн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 100 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломжийг тусгасан Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурав.

Уг баримт бичигт Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, ЕХОБ-ны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти нар гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните зэрэг өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид оролцов.

Эрмэлзлийн захидлын хүрээнд ЕХОБ нь Монгол Улсын тогтвортой ойн аж ахуйн үйл ажиллагаа (2023-0576)-г дэмжих зорилгоор 100 сая евро хүртэлх улсын баталгаатай санхүүжилт олгох боломжийг судалж байгаагаа ийнхүү баталгаажуулж байгаа явдал юм. Аливаа санхүүжилтийг олгох эсэх нь ЕХОБ-ны дотоод үнэлгээ, нарийвчилсан судалгааг дуусгах, шаардлагатай зөвшөөрлүүдийг авах, холбогдох хууль эрх зүйн болон зохицуулалтын нөхцөлийг хангахтай холбоотой байна.

Төлөвлөж буй хамтын ажиллагаа нь Монгол Улсын ой болон түүнтэй холбоотой ландшафтыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежмент хийхэд хувь нэмэр оруулах шаардлага хангасан хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих, ой болон хөдөө аж ахуйд суурилсан өртгийн сүлжээг хөгжүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх, мөн зорилтот өртгийн сүлжээн дэх жижиг, дунд үйлдвэрүүд болон хувийн хэвшлийн оролцогчдын санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахад чиглэнэ.

Талууд энэхүү санаачилгыг Европын Холбооноос олгох нийт 19 сая еврогийн нэмэлт буцалтгүй тусламжаар дэмжихээр тохиролцсон бөгөөд үүнд 10 сая еврогийн техникийн туслалцаа болон 9 сая еврогийн баталгаа багтана. Эдгээрийн хамрах хүрээ болон эх үүсвэрийг холбогдох байгууллагуудын журмын дагуу цаашид тодорхойлохоор төлөвлөж байна.

Энэхүү Эрмэлзлийн тухай захидал нь талуудын өмнөх хэд хэдэн хамтын ажиллагааны баримт бичигт үндэслэсэн. Үүнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд дэмжигдэж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал (COP27)-ын үеэр гарын үсэг зурсан Европын Холбоо, Монгол Улсын байгуулсан Ойн түншлэл; 2024 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо байгуулсанТогтвортой ойн аж ахуй, бүс нутгийн ногоон хөгжлийн тухай ЕХОБ, Монголын Санамж бичиг, мөн ЕХ-ны Global Gateway санаачилга болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлоготой уялдуулан 2025 оны 10 дугаар сард байгуулсан ЕХОБ, Монголын салбар дундын стратегийн Санамж бичиг тус тус багтана.

Эрмэлзлийн тухай бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд талууд харилцан бичгээр тохиролцож сунгаагүй тохиолдолд 2027 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болно.

Монгол Улс 19 сая га орчим ойн нөөцтэй бөгөөд энэ нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны чухал ач холбогдол бүхий байгалийн капитал юм. Гэвч ойн нөөцийн үнэ цэн, эдийн засгийн боломжийг бүрэн ашиглаж, тогтвортой удирдах боломж хангалттай хэрэгжээгүй хэвээр байна.

Ойн салбарын хөгжлийн гол зорилго нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг нэвтрүүлэх, мөн мод боловсруулах үйлдвэрлэл, ойн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ нь нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ойн түймрийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ орон нутагт ажлын байр, орлого бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button