ОРГОДОЛ: С.Төмөр бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байжээ

НЭМЭЛТ: 12:03 цагт
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН С.ТӨМӨР ГЭГЧ ОРГОЖЭЭ
Цагдан хорих 461 дүгээр ангиас онц хүнд гэмт хэрэгтэн зугтсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хэрэгтэн нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байжээ.
Тэрээр 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон бөгөөд тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Тус этгээдийг С.Төмөр гэдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй нэгэн гэлээ.
Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.
ЭХЛЭЛ: 09:00 ЦАГТ
ШШГЕГ: ХОРИХ АНГИАС ОРГОСОН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн өчигдөр 14:30 цагийн үед оргожээ. Тухайн хоригдол нь өмнө хэд хэдэн удаа оргож байсан гэх мэдээлэл байна. Шоронгоос оргосон тухайн оргодлыг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад, "Одоогоор онц хүнд гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан" гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоригдогчтой хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас оргожээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.