Жүжигчин Д.Дэлгэрсайхан: Миний зүрх гурван удаа зогссон. Өнөөдөр би амьд байгаа нь зөв явсны л шагнал байх
Ижийнхээ 40 насны босгон дээр отгон үр нь болж "хэнз" хүү нэр зүүн мэндэлсэн тэрбээр 25 насандаа жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр тухайн үеийн Партизаны сангийн аж ахуйгаас Кино урлагийн дээд сургуульд элсэхээр иржээ. Түүний урлагийн хүн болох эхлэл тавдугаар ангийн уран уншигч болсон цагаас эхтэй. Багын л сонин, сэтгүүл эргүүлж, уншиж дадсан нь түүнийг шүлэг унших, цээжлэхэд хүргэж хожмоо урлагийн зам руу хөтлөх болов.
Ойрын хүрээнийхэн нь түүнийг "Гүндүүгүй эр" гэх нь олонтоо. Үнэхээр "сайн хүн" гэх нэр түүнд яг л онодог байх. Хүнсний дэлгүүрт эмээгээсээ чихэр нэхсэн хүүхдэд, тоглолт үзэх чин хүсэлтэй ч мөнгөгүй жаалуудад, урлагийн салбарын дүү нар, ах, эгч нартаа ч сэтгэлээ дэвсэж тусалдаг түүнийг МУСТА, жүжигчин Данаагийн Дэлгэрсайхан гэдэг. Түүнийг “Маск” продакшны жүжигчин, дэлгэцийн 20 гаруй кинонд дүр бүтээсэн уран бүтээлч гэдгээр нь үзэгчид андахгүй биз ээ. Өдгөөгөөс ердөө долоон сарын өмнө "Маск"-ын Д.Дэлгэрсайхан эрүүл мэндийн шалтгаанаар үхэл амьдралын зааг дээр гурвантаа очсон ч бурхан түүнийг "уран бүтээлээ хий" гээд буцаажээ. Амьдралын урт замд бор дарс хүртэж, "Маск" гэх их айлаасаа тав гарч тав эргэн орсон ховор агаад хайрлам түүхтэй түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
Видео:
-Та жүжигчин болох шийдвэрээ 25 настайдаа гаргасан. Хожуу ч гэлээ таныг энэ мэргэжил рүү юу татав?
-Жүжигчин болно гэдгээ гэв гэнэтхэн шийдсэн юм биш ээ. Би сургуулийн уран уншигч байсан. Шүлэг уншихаар хүмүүс магтдаг байсан болохоор “жүжигчин болчихвол яасан юм бэ” гэж бодох болсон. Энэ бодол тавдугаар ангиас эхэлсэн юм. Сонин, сэтгүүл их уншдаг, сониноос жүжигчдийн зурагтай хайчилбар хайчилж аваад хадгалдаг хүүхэд байлаа. Тэр мөрөөдлөө 25 нас хүртлээ тээж явсан хэрэг.
-25 настай "хөгшин" оюутан болохоор зориг шулуудахад урам, хүч болсон зүйл бий байх?
-25 нас хүрч байхад манай үеийнхэн, ангийнхан бүгд сургууль төгсөж, ажил төрөлтэй болсон байлаа. Багш болох нь багш, инженер болох нь инженер болж, эхнэр аваад хөдөө орон нутаг руу явчихсан. Гэтэл би л ганцаараа Партизанд хэдэн хонь, үхэр тугалаа сахиад үлдэж. Ер нь мөрөөдлийнхөө төлөө гэж шийдээд Кино урлагийн дээд сургуулийн кино драмын жүжигчний ангид шалгалт өгсөн.
-Би таныг ирэхээс өмнө гол, туслах дүр бүтээсэн кинонуудыг чинь тоолж үзлээ. 20 гаруй кино байна. Тэр дундаас надад “Үлгэрийн баатар гэртээ харих замд” хамгийн их таалагддаг. Та өөрөө кинонуудаа хэрхэн дүгнэдэг вэ?
-Би хамгийн анх тоглосон кино, хамгийн сүүлд тоглосон киногоо л санадаг. Дунд нь хэдэн кино байгааг мэдэхгүй. Заримд нь нямбагүй тоглосон байх, дутуу дулимаг харагдах нь ч бий. Жүжигчин хүний гол ажил бол оногдсон дүрээ сайн гаргах. Тиймээс цаашдаа жинхэнэ дүрээ олж, үзэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц сайн хийхийг хүсдэг.
-Хамаатнууд маань "Дээгийг архинаас гаргана" гээд мөнгө цуглуулж архинаас гаргах спираль хүртэл авч байлаа-

-“Маск” продакшнаас таван удаа халагдаж, таван удаа эргэн орсон. Надад бол хайрламаар ч юм шиг тийм түүх санагддаг. Хэрэв тав дахь дээр нь эргэж "Маск"-даа ороогүй бол гэсэн бодол, магадгүй "Маск"-аасаа гараагүй байсан бол гэх харамсал төрж байв уу?
-Нуулгүй хэлэхэд хөөгдсөн л гэсэн үг л дээ. Энэ бол хувь хүний сахилга, зохион байгуулалтын л асуудал байсан. Тухайн үед би архи уудаг байлаа. Улмаар тоглолтод цагтаа очихгүй байх, халамцуу очих" гэх мэт өөрийн гаргасан алдаанаас болж л хамтлагаасаа гарсан. Харин буцаад орно гэдэг бол хүмүүс надад таван удаа итгэж, “Наашаа ир” гэсэн хэрэг. Үүнд би талархаад ханашгүй.
-Тэр үед таныг хамгийн их өмөөрсөн хүн хэн байв?
-П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай гурвуулаа. Сүүлдээ намайг хөөнө гэх үед М.Баярмагнай “Дэлгэрсайханыг буцааж авахгүй бол энэ "Маск"-аас би ч гэсэн гарна” гэж бусдыгааайлгаж байж намайг авчирдаг байлаа. Эрдэнэзаан ах маань “Чи ингэж явах хүн биш. Чи энэ нүүр, биеэ зөвхөн Дэлгэрсайханых гэж бодож байвал үгүй. Энэ танхимд орж ирж суудаг мянга мянган үзэгчийнх шүү. Тийм болохоор хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Тэр хүмүүсийн итгэлээр л өдий хүртэл явж байна. Тав гарж, тав орно гэдэг бол бага тоо биш л дээ.
-“Маск” продакшн саяхан үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож буйгаа зарласан. Энэ мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Би “Маск” продакшн уран бүтээлээ өндөрлөсөн нь цаг үеэ олсон, оновчтой, зөв шийдэл гэж бодож байна. Надад “Маск” тарлаа, ахиж бид уулзахгүй, байхгүй боллоо гэсэн бодол төрөөгүй, хүндээр хүлээж аваагүй. Учир нь “Маск”-аар овоглосон, ажиллаж байсан уран бүтээлчид хэзээ ч нэгнээ орхиж, тарж бутрахгүй гэдэгт би итгэлтэй байдаг. ”Маск” продакшн албан ёсны уран бүтээл хийхгүй гэдгээ л зарласан. Түүнээс биш уран бүтээлчид нь хоорондоо муудалцаад саллаа гэж зарлаагүй. Бид одоо ч нэг хамт олон хэвээрээ байгаа.
-Хүн өөрийгөө тоож эхэлдэг шүү дээ. Танд тийм үе байж. Тийм үедээ бор дарс хүртэж хамтлагаасаа тав орж, гарсан байх нь. "Маск"-ын Дэлгэрсайхнаас хэр доошоо унасан бэ. Өөрийгөө яаж татаж гаргав?
-Хүнд омогшдог, омголон нас гэж бий. 20, 30, 40 гээд насны үе бүрт тийм цаг ирдэг юм байна. Хүмүүс таньж эхэлээ "Маск"-ын Дээгий чи мундаг, Эрдэнэзаан, Баярмагнай, Мөнхсайхан тэгээд чиний нэр орно. Тоглолт сайхан боллоо ганц татах уу" гэж тэнэгтэж явсан минь үнэн. Архи олон найз дагуулна. Нэг хүнтэй ууж байвал өөр нэг найз нь ирнэ. Ингээд бүгд найзууд болчихсон байна. Гэхдээ би олонтой наргиж, доргиж уудаг төрлийн хүн биш. Би хэнд ч гай болохгүй уудаг байсан. Ганцаараа гэртээ ч юм уу, уулын энгэрт, цэцэрлэгт хүрээлэнд, сааданд сууж байхдаа л тайван ууна. Олонтой газар тухгүй, ерөөсөө зугтааж сонин уудаг байлаа. Ер нь сэтгэл хөдлөл бусдыг бодвол багатай. Тиймээс буцаж босож ирэхээргүй болтолоо унаагүй. Гэхдээ архи л болсон хойно асуудал чирнэ. Аавтайгаа орой болгон эрхэлж тоголдог байсан хүүхдүүд ирэхээ болино. Ааваас дөлнө, эхнэр загнана би өөдөөс нь "ард түмэн намайг дайллаа чи дугай бай" гэх мэтээр хэрүүл үүсгэнэ. Ингээд гэр бүлийн харилцаа үгүй болдог. Тиймээс эхлээд бяр биш, тархиа ашиглах хэрэгтэй юм байна лээ. Амьдрал, хажууд байгаа хүмүүстээ яаж хандах вэ гэдгээ тархиараа тунгааж бодсоныхоо дараа үйлдлээрээ харуулдаг байгаасай гэж хүсдэг. Ингэж бодож чаддаг хүн хэзээ ч буруу юм бодохгүй. Архи уудаг хүмүүс өглөө босохдоо “Өнөөдрөөр л болино” гэж боддог. Тийм хүмүүс тархиа сайн ажиллуулж, зөв гэж бодсон зүйлдээ тууштай байх хэрэгтэй.
-Гүн рүү унахгүй үлдэхэд олон хүн тусалсан байх. Тэр тусмаа гэр бүл нь?
-Мэдээж миний гэр бүл хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Миний эхнэр телевизийн сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй, бид хоёр ханилаад 20 жил болж байна. Манай хүн намайг хэн ч мэдэхгүй, танихгүй байхаас өдийг хүртэл хайрлаж, ажилгүй, архи уудаг гэж нэг ч удаа ад үзэж, өмнөхөөсөө өөр хандаж байгаагүй. Ханийн минь хайр хэвээрээ л байсан. Манай хамаатанууд "Энэ Дээгий манайхаас ганц урлагийн олны танил хүн нь байгаа юм. Хэдүүлээ архинаас нь холдуулах хэрэгтэй" гээд айл болгоноос мөнгө цуглуулаад хамгийн сайныг нь авна гээд архинаас гаргах спираль хүртэл авч байлаа. Энэ их хайранд дунд явсан би гүн рүү унах эрхгүй байсан.
-Сүүлд та хэзээ архи уусан бэ. Ер нь бүр мөсөн татгалзсан байгаа юу?
-Бие өвдөхөөс өмнө гэхээр долоон сар орчим л болж байгаа юм байна. Архи уухаа больсон. Одоо амсах юм бол тэнгэр рүү явахаар болчихоод байна л даа. Эхнэр, хүүхэд, хамаатан садандаа хэд хоног харагдахаа бодох хэрэгтэй биз дээ.
-Хүнд хайрлагдаж өссөн хүн л бусдыг хайрлаж, хамгаалдаг-

-Тантай ойр дотно хүмүүс таныг "зөөлөн" хүн гэж байсан. Сүүлийн үед цахим орчинд жүжигчин Д.Дэлгэрсайхны хүмүүст тусалж байсан ганц биш түүхүүд хөврөх боллоо. Нийгэм ч таныг "зөв" хүн гэх нүдээр харах болсон. Таны энэ зан төлөв ээжийнхээ 40 насны ой дээр төрсөнтэй холбоотой байх гэж би хувьдаа бодож байна?
-Ээж маань надад “Битгий мал руу чулуу шид, айлын хүүхэдтэй битгий мууд. Хөөрхөн тэр амьтныг бүү гэмтээ, эвий минь" гэх мэт зөөлөн үгсээр өлгийдөж, сургаж өсгөсөн. Тэр нөлөөлсөн байж магад. Ер нь хүнд хайрлагдаж өссөн хүн л бусдыг бас хайрлаж, хамгаалж, дэмжиж, тусалдаг юм. Манай аав ч гэсэн их сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэг.
-Таны аав Данаа гэж Говь-Алтай аймгийн хүн. Морь сайн уядаг хүн байсан гэж сонссон юм байна?
-Би бага байхдаа ааваасаа хагацсан. Хоёр настай байсан гэдэг. Аав маань нутагтаа нэлээд нэр сайтай, морь сайхан унаж эдэлдэг, сайн уядаг их сайхан хүн байсан гэж аавыг минь мэддэг, ойр дотно байсан улс, нутгийн хөгшчүүл дурсдаг. Морь унана гэдэг бол том өв, уламжлалт соёл байсан л даа одоо хүмүүс машинаа цэвэрхэн унадагтай л ижил. Надад аавдаа зориулсан хэд хэдэн шүлэг надад бий. Миний анзаарснаар аавын тухай шүлгүүд ихэнх нь өнгөрсөн цаг дээр байдаг юм шиг. "Миний аав тийм хүн байсан..." гэх мэт. Тиймээс өнгөрсөн цаг дээрх аавын шүлгүүд цөөн байгаасай гэсэндээ дөрвөн мөр бичсэн юм. Аав яг миний хажууд сууж буй мэтээр төсөөлж хандаж бичсэн гэхүү дээ. Тэр шүлгэнд,
-"Хан буурал хорвоогийн амьд алтан нар
-Хаш цагаан гэрийн минь сүлд хийморийн тэнгэр
Ааваа, би зөв зүгт харж чадаж байвал тэр нүд таных,
Ааваа, би зөв зүйлд зориглож чадаж байвал тэр нүд таных" гэж би 40 насыг давсан хойно бичиж байсан.
-Та ээждээ зориулж шүлэг бичсэн үү?
-Бичиж байгаагүй.
-Цаашдаа бичнэ гэсэн бодол бий юу?
-Ээждээ зориулж шүлэг бичих сэн гэж бодож байгаагүй. Ааваас илүү цаг хугацааг хамт өнгөрүүлсэн миний хамгийн хайртай хүн бол мэдээж ээж минь. Гэхдээ шүлэг гарчиглаж үзээгүй. Цаашдаа бичих эсэхээ хэлж мэдэхгүй байна. Би ээждээ ачийг нь тэврүүлж баярлуулсан. Ижийгээ хамгийн их баярлуулсан гэвэл тэр л байх. Ээж хүний, эмээ хүний миний хүүгийн үр гэх тэр хайр үнэхээр агуу том юм байна лээ.
-Энэ оны хоёрдугаар сард таны бие хүндэрч, олон хүний сэтгэл зовсон. Юу болсон бэ?
-Би их олон жил тамхи татсан. Бага наснаасаа эхлээд завсарлаж үзээгүй хүн. Анх татсан тамхи маань сонинд ороосон улаан тамхи байлаа. Амьдралынхаа бараг 80 хувийг тамхитай өнгөрүүлсэн гэсэн үг. Уушги минь муудаж, зүрхэнд ч нөлөөлсөн. Баянхонгор аймгийн эмч нар их сайн эмчилсэн. Улаанбаатарт ирээд Гуравдугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн мундаг эмч нарын гарт орсон. Олон сайхан эмч, найз нөхдийн ач буянаар босож ирлээ. Хошин урлагийнхан бүгд нийлж, гарын үсэг зурж онгоц хөлслөөд намайг авах гэж байсан юм билээ. Тэгтэл Ж.Чинбүрэн эмч холбогдож, онгоцоор өндөрт гарвал эрсдэлтэй гээд аймгийн түргэн тусламжийн тоног төхөөрөмжтэй машинаар авчрахаар зохицуулсан. Бид хоёр гар барьж уулзаж байгаагүй, видео дуудлагаар л мэндэлж байсан хүмүүс. Тийм мөртлөө надад ийм их тус болсон. Ер нь олон түмэнтэйгээ зөв явсан учраас л бурхан намайг болоогүй байна гээд буцаасан байх.
-Одоо биеийн байдал тань ямархуу байгаа вэ?
-Долоон сарын өмнө амьдрах уу, үгүй юу гэж байсан хүн одоо хоёр, гурван кинонд тоглочихлоо. Би ер нь эм тариа хэрэглэдэггүй хүн. Ханиад, томуу хүрсэн ч эм уудаггүй байсан. Тиймээс ч эмийн үйлчилгээг бие минь сайн хүлээж авсан. Олон түмний хайр, олон хүний хүсэл намайг босгож, “Би чадна” гэсэн урам өгсөн. Одоо дажгүй сайн уран бүтээлээ хийж байна даа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ АЦЫН ЖҮЖИГЧИН ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ. МӨНХСАЙХАНЫ БООВЫГ ХӨХДӨГ АРХИЧИН@
Olon saihan humuusiin achinaar bosoj irsend mash ih bayarlalaa, saihan setgeltei hun shuu