"Хуулийн хэрэгжилтийг AI-аар хянаж, гацсан дагалдах актыг ил болгоно"

“Дагалдах актын хяналтын AI туслах”-ыг хөгжүүлсэн “Хуралдай” баг “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэргүүн байрт шалгараад байна. Тус шийдлийн зорилго нь хуулийн хэрэгжилтийн явцыг илүү ойлгомжтой болгож, дагалдах актын батлагдсан эсэх, хэрэгжилтийн явцыг хянахад оршижээ. Энэ талаар “тус багийн ахлах программ хангамжийн инженер Б.Түмэнчөдөр, программ хангамжийн инженер Б.Ананд нартай ярилцлаа.
-Танай багийн боловсруулсан “Дагалдах актын хяналтын AI туслах” яг ямар асуудлыг шийдэх зорилготой вэ?
-Б.Түмэнчөдөр: Иргэд хууль батлагдсанаар шууд хэрэгжиж эхэлдэг гэж ойлгох нь бий. Гэтэл хууль хэрэгжихийн тулд олон тохиолдолд дагалдах журам, актыг холбогдох байгууллага тодорхой хугацаанд батлах шаардлагатай байдаг. Харин тухайн журмыг аль байгууллага хариуцаж байгаа, хэдий хугацаанд батлагдах ёстой, батлагдсан эсэх зэрэг мэдээллийг нэг дороос ойлгомжтой харах боломж хомс. Тиймээс бид хуулийн хэрэгжилтийн дараагийн шат буюу дагалдах акт батлагдаж, иргэдийн амьдралд хэрэгжих хүртэлх процессыг хянахад чиглэсэн систем хөгжүүлсэн.

Б.Ананд: Өгөгдөл нээлттэй байна гэдэг нь зөвхөн мэдээллийг нийтэлсэн гэсэн үг биш. Тэр мэдээллийг иргэн ойлгож, ашиглаж, түүн дээр үндэслэн шийдэл гаргах боломжтой болгох нь чухал. Бидний хувьд “хууль батлагдлаа” гэдгээс цаашлаад “энэ хууль бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байна вэ?” гэдгийг иргэд харах боломжтой болгохыг зорьсон. Хуулийн хэрэгжилтийг иргэдэд ойлгомжтой болгож, төрийн мэдээллийг ашиглахад хялбар болгох нь бидний системийн гол зорилго юм.
-Тэгвэл энэ системээр аль байгууллага дээр, ямар хууль, ямар дагалдах акт гацсаныг шууд харах боломжтой болох уу?
-Б.Түмэнчөдөр: Цаашид яг энэ боломжийг нэмэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, тухайн хуульд заасан журмыг ямар байгууллага батлах ёстой, одоо ямар шатанд байгаа, хэдий хугацаа өнгөрсөн, ямар шалтгаанаар батлагдаагүй байгаа зэргийг иргэдэд ойлгомжтойгоор харуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн “батлагдсан, батлагдаагүй” гэдгийг хэлэх бус, аль байгууллагын хариуцлагад байгаа, хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ гэдгийг харах боломж бүрдүүлэхийг зорьж байна.
-Одоогоор ийм мэдээллийг хэрхэн шалгадаг вэ?
-Б.Түмэнчөдөр: УИХ, Тамгын газрын ажилтнууд холбогдох мэдээллийг Legalinfo зэрэг эх сурвалжаас гараар шалгаж, тулгаж үзэх шаардлагатай байдаг. Нэг бүрчлэн шалгах нь цаг хугацаа их шаарддаг. Манай систем хиймэл оюуны тусламжтайгаар мэдээллийг боловсруулж, хүний хяналтаар баталгаажуулах зарчимтай.
-AI мэдээлэл боловсруулах үед алдаа гарах эрсдэлтэй. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Б.Ананд: AI-д бүрэн найдах боломжгүй. Тиймээс системийн гаргасан мэдээллийг шууд нийтлэхгүй. Хяналтын ажилтан давхар шалгана. Ингэснээр одоо гараар хийж байгаа давтагдсан шалгалтын ажлыг хөнгөвчилж, ажилтнуудын цагийг хэмнэх боломжтой.

-24 цагийн дотор ийм системийг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Б.Ананд: 24 цаг бол маш богино хугацаа. Тэр хугацаанд санаагаа тодорхойлохоос эхлээд системийн үндсэн хувилбарыг хөгжүүлэх шаардлагатай байсан. Нэлээд шахуу ажилласан.
-Б.Түмэнчөдөр: Бид эхлээд хууль батлагдсаны дараа ямар процесс явагддагийг ойлгоход их цаг зарцуулсан. Хүмүүсийн төдийлөн анзаардаггүй, хуулийн хэрэгжилтийн дараагийн шат руу анхаарлаа хандуулсан гэсэн үг.
- Тэгвэл бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд одоо ямар ажил үлдэж байна вэ?
-Б.Түмэнчөдөр: Бүх хүчин төгөлдөр хууль дээр систем бүрэн ажилладаг болгох шаардлагатай. Одоогоор хакатоны хүрээнд тодорхой хэдэн хуулийн хүрээнд системээ ажиллуулсан. Цаашид УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай хамтарч, бодит хэрэглээнд нийцүүлэн хөгжүүлэхэд нээлттэй.
- Цаашид системдээ ямар нэмэлт боломж оруулахыг зорьж байна вэ?
Б.Түмэнчөдөр: Тухайн дагалдах акт яагаад батлагдахгүй байгаа, аль байгууллагын ямар шатанд саатсан зэрэг мэдээллийг илүү тодорхой харуулах санаа бий. Мөн батлагдахаас өмнөх процессыг аль болох нээлттэй болгож, иргэд хуулийн хэрэгжилтийн явцыг эхнээс нь харах боломжтой болгохыг хүсэж байна.
- Энэ хакатон залуусын парламент, улс төрийн үйл явцад оролцох сонирхлыг хэр харуулсан гэж бодож байна?
-Б.Түмэнчөдөр: Сүүлийн үед залуус улс төр, нийгмийн асуудлыг технологийн өнцгөөс шийдэх сонирхолтой болсон нь харагдаж байна. Манай баг хоёрхон гишүүнтэй оролцсон бол бусад багууд гурван гишүүнтэй байсан. Гэсэн ч олон сонирхолтой санаа, шийдэл гаргасан багуудтай өрсөлдсөн. Мөн оролцогчдын дунд 10 жилийн хүүхдүүд ч байсан. Энэ нь залуу үе төрийн үйл ажиллагаа, улс төрийн үйл явцыг сонирхож, технологиор дамжуулан шийдэл гаргахыг эрмэлзэж байгааг харуулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.