Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Герман, Франц стратегийн дизелийн нөөцөөсөө гаргаж, үгүй бол дизелийн экспортоо зогсооно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ огцом өсөж байгаатай холбогдуулан Герман, Францыг онцгой байдлын үед ашиглах дизель түлшний нөөцөөсөө гаргахыг шаардсан байна. Хэрэв нөөцөөсөө гаргахгүй бол Европ руу хийх АНУ-ын дизель түлшний экспортыг хориглох арга хэмжээ авна гэж Трампын захиргаа тус хоёр улсад анхааруулжээ.

Сүүлийн үед АНУ-д шатахууны үнэ өндөр байгаа учир Трамп дизелийн экспортод хориг тавих боломжийг авч үзэж байгаа юм. Израилын хүслээр АНУ Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас Европт эрчим хүч, түлшний нөхцөл байдал хэцүүдсэн. Ийм нөхцөл байдалд дизель түлшний экспортоо зогсооно гэж буй нь Европт ирж буй дарамтыг нэмэгдүүллээ. АНУ-д арваннэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль болно. Үүнээс өмнө шатахууны үнийг бууруулах нь Трампын захиргааны хувьд чухал асуудал болоод байгаа юм.

Өнгөрсөн жил Трамп ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсны дараа Европ, Вашингтоны харилцаа гаалийн татварын маргаан, батлан хамгаалахын зардлын улмаас дордсон.

Европын холбооны хувьд нөөцөө зах зээлд гаргах нь хэцүүхэн сонголт юм. Тус холбоо дотооддоо шатахууны үнийг бууруулах шаардлагатай байгаа. Гэвч АНУ, Иран нар энхийн тохиролцоонд хүрч чадалгүй, шатахууны хямрал дордвол ашиглах хангалттай нөөцтэй байх шаардлагатай. Европын комисс болон холбооны 27 гишүүн орны эрчим хүчний ажлын хэсэг өнөөдөр /2026.10.02/ хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Зургийн эх сурвалж: Getty Images

Харин пүрэв гарагт /2026.10.01/ Европын комисс, Герман, Франц, Итали, Их Британи, Ирландын төлөөлөгчид дизелийн нөөцөөсөө гаргах шаардлага үүссэн эсэх талаар хэлэлцжээ.

Трампын захиргаа энэ асуудал дээр Франц, Германд ихээхэн сэтгэл дундуур байгаа юм. Тодруулбал тус хоёр улс газрын тос болон нефтийн бүтээгдэхүүний онцгой байдлын нөөцөө зах зээлд гаргах талаар өгсөн амлалтаа бүрэн биелүүлээгүй гэж Вашингтон үзэж байгаа аж.

ОХУ Украин руу довтолж дайн эхлүүлсний дараа Европ Оросоос түлш импортлохыг хориглосон. Мөн Ираны дайны улмаас Ойрх Дорнодоос ирдэг түлшний урсгал зогссоноор Европын орнууд АНУ-аас шатахууны хувьд илүү хамааралтай болжээ. Ийм учир АНУ Европт ихээхэн шахалт үзүүлэх боломжтой.

АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт пүрэв гарагт /2026.10.01/ “Fox News”-т ярилцлага өгөхдөө Европ дизелийн стратегийн нөөцөө зах зээлд гаргаснаар шатахууны үнийг бууруулах боломжтой гэдэгт маш итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Ургац хураалтын улирал эхэлж, өвөл ойртож байгаа энэ үед улс орнууд хамтран дизелийн нөөцийг зах зээлд гаргах хэрэгтэй. Одоо дизелийг зах зээлд илүү ихээр нийлүүлэх цаг болсон. Ийм хэмжээний дизелийн нөөц бий” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button