Лиза: Ганцаарчилсан төслүүд дээр ажиллаж байхдаа ч хамтлагийнхантайгаа мессеж бичиж, утсаар ярин холбоотой байдаг байсан
К-поп артист Лиза "Reuters" агентлагтай ганцаарчилсан уран бүтээл, төслүүд дээрээ ажиллах ямар туршлага болсон талаар ярилцжээ. Хамтлагийн гишүүд сүүлийн жил хувийн уран бүтээлүүд дээрээ ажиллаж, өөрсдийн гэсэн агентлаг нээсэн билээ. Лизагийн өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.
Энэхүү баримтат кинонд BLACKPINK хамтлагаас түр хөндийрч, шинэ зүйлс туршиж үзсэн амьдралынхаа нэг жилийг та харуулжээ. Нэг жил хангалттай хугацаа байсан уу?
Миний бодлоор хангалттай байсан. Кино багтай бид нэг жилийн дотор бүхнийг амжуулж хийсэн. Маш их ажилтай ч их хөгжилтэй нэг жил өнгөрлөө. Өнгөрсөн жил өөртөө бага зэрэг зав гаргаж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хичээсэн. “The White Lotus” цувралын зураг авалтын үеэр зургаан сар Тайландад байсан юм. Мэдээж энэ хугацаанд хөгжим дээрээ ажиллахын тулд Лос-Анжелес руу нааш цааш явж байсан л даа. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ ойр байх сайхан шүү дээ.
Тайландаас ирсэн хүний хувьд K-поп ертөнцөд хөл тавих амаргүй байсан талаар кинонд гардаг. Карьерынхаа эхлэлийг хэрхэн тавьсан, тэр үед танд ямар нэмэлт дарамт мэдрэгдэж байсныг ярьж өгөөч.
Би 13 настайдаа “YG Entertainment”-ийн шалгаруулалтад орсон. 14 хүрээд Өмнөд Солонгос руу нисэж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн юм. Өөрийн дуртай зүйлээ хийж байсан болохоор надад их хөгжилтэй санагддаг байлаа. Өдөр бүр бэлтгэлдээ явна. Бас бүр хоёр цаг солонгос хэл сурдаг байсан. Таван жил бэлтгэл хийснийхээ дараа BLACKPINK-тэй хамт дебют хийсэн. Бага насандаа ганцаараа тэнд амьдрах амаргүй, мэдээж тодорхой хэмжээнд дарамт байсан л даа. Гэхдээ хамтлагийн охид надтай хамт байсан нь миний хувьд аз байсан гэж боддог. Тийм ч учраас бид их дотноссон байх. Эцэст нь нэг гэр бүл шиг болсон.
BLACKPINK-ээс завсарлага авахдаа өөрийн гэсэн дуу хоолойгоо олоход хэцүү байсан гэж ярьж байсан. Харин одоо та түүнийгээ олсон гэж бодож байна уу?
Өөрийн дуу хоолойг олох гэж хэлэхээсээ илүү өөр зүйл туршиж, өөрийгөө сорьсон гэж хардаг. BLACKPINK-д үндсэн үүрэг рэп үглэх байсан. Би үргэлж дуулж үзэхийг хүсдэг байсан ч ганцаараа туршиж үзэх боломж нэг их гардаггүй байлаа. Тиймээс тэр нэг жилийн хугацаанд өөрийгөө сорьж, шинэ зүйл туршиж, юу хийхийг хүсэж байгаагаа ойлгохыг хичээсэн.

Та хамгийн сүүлд гаргасан “Alter Ego” бие даасан цомогтоо өөртэйгөө холбож үздэг таван өөр дүрийн тухай өгүүлсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ таван дүр дээр нэмж болохоор өөр нэг дүр, эсвэл өөр хувилбараа олж нээсэн үү?
Тэр дүрүүд одоо ч гэсэн хэвээрээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд тэр таван дүр маань надтай хамт ямар нэг байдлаар өсөж, хөгжсөн гэж мэдэрдэг. Цомгоо эхнээс нь дахин сонсож, цомог дээр ажиллаж байх үеийн дурсамжуудаа эргэн санах үргэлж сайхан байдаг. Надад их сайхан дурсамж үлдсэн.
Та K-попын шүтээн болж өсөж хөгжихдөө болзох, гадуур гарах, бүр машин жолоодох хүртэл олон зүйл дээр хязгаарлалттай байсан тухайгаа баримтат кинонд нээлттэй ярьсан. Энэ нь одоо ч танд асуудал хэвээр байна уу?
Тэр үед би залуу байсан. Харин одоо илүү төлөвшсөн болохоор тийм ч хэцүү зүйл биш гэж бодож байна. Би зүгээр л амьдралаа сайхан өнгөрөөж, өөрийнхөөрөө амьдрахын зэрэгцээ ажил, амьдралынхаа тэнцвэрийг олохыг хичээж байгаа. Энэ нь хувь хүн болон ажлын хувьд ч илүү эрүүл хандлага гэж санагддаг.
Баримтат кинонд эмзэг сэдвүүдийн талаар ийм нээлттэй, тухтай ярьж чадах хэмжээнд хэрхэн хүрсэн бэ?
Энэ нь Сүэ найруулагчтай холбоотой гэж бодож байна. Тэр хүнийг тайвшруулдаг энергитэй хүн. Түүнтэй ярилцахад бүх зүйлээ нээлттэй хэлмээр, сэтгэлээ уудалмаар санагддаг. Би түүнтэй гурав, дөрвөн цаг тасралтгүй ярилцаад л, өөрийнхөө тухай ямар нэг зүйлийг түүнтэй, бас үзэгчдэд хуваалцмаар санагдсан.
Та одоо BLACKPINK-тэй эргэж нэгдсэн. Завсарлага авснаас хойш юу өөрчлөгдсөн бэ?
Бид өөрсдөдөө илүү итгэлтэй болсон гэж бодож байна. Өөр өөрсдийнхөө зүйлийг хийж, өөрсдийн дуу хоолойг олж чадсан. Тиймээс одоо эргээд хамтдаа ажиллахдаа илүү сайн энергийг бие биедээ авчирч байна. Эргээд уулзахад бид бие биеэ маш их санасан байсан. “Бурхан минь, охидтойгоо эцэст нь эргээд нийлчихлээ” гэж бодсон.
Завсарлага авахад хэцүү байсан уу?
Үгүй ээ. Бид үргэлж бие биеэ дэмждэг. Ганцаарчилсан төслүүд дээрээ ажиллаж байсан ч мессеж бичиж, утсаар ярьж, “FaceTime”-аар холбогдсоор байсан. Заримдаа уулзаад сайхан шарсан мах иддэг байлаа. Зарим зүйлийг ганцаараа хийх хэрэгтэй болсон учир мэдээж ганцаардах тохиолдол заримдаа гарсан. Тогтмол ярилцаж, хөөрдөг өөр найзууд байгаа. Гэхдээ BLACKPINK-ийнхэн маань намайг дэмждэг нь үнэхээр сайхан. Бид бие биеийнхээ завсарлага авсан хугацааг хүндэтгэдэг. Бидэнд бага зэрэг завсарлага хэрэгтэй байсан юм.

Энэ баримтат киног бүтээх явцад өөрийнхөө тухай юунд хамгийн их гайхширсан бэ?
Фэнүүддээ өөрийгөө нээж, амьдралынхаа ард өрнөдөг зүйлсийг тэдэнд харуулж чадсан нь хамгийн их анхаарал татсан. Гэхдээ бага байх үеийн бичлэгүүд маань үнэхээр нүүр улаймаар. “Энэ ямар хувцас вэ. Ээж ээ, яагаад намайг ингэж хувцасласан юм бэ” гэж бодогддог.
Таны ээж болон хойд аав энэ баримтат кинонд чухал ач холбогдолтой байсан шүү дээ. Энэ нь таны хувьд ямар утга учиртай байсан бэ?
Ээж, аав маань анхнаасаа надад итгэж ирсэн, миний хамгийн том дэмжигчид. Тэд минь байгаагүй бол би үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Дөнгөж 14 настай охиноо ганцааранг нь өөр улс руу явуулна гэдэг амар байгаагүй байх. Гэхдээ тэд надад маш их итгэдэг байсан. Бас намайг өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээсэй гэж хүсдэг байсан юм. Одоо би ийм амжилтад хүрсэн байна. Тэд ч надаар маш их бахархдаг.
“Coachella”-д бие даасан тоглолтоо хийхээр тайзан дээр гарахынхаа өмнө та тоглолт бүрийнхээ өмнө хийдэг нэг зүйлээ ярьсан. Та бурхан болсон өвөө болон бүжгийн багшаа тантай хамт байхыг урьдаг гэж хэлсэн. Яагаад ингэдэг талаараа ярьж өгөөч.
Би өвөөдөө маш их хайртай, их дотно байсан. Ковидийн үед Тайланд руу очиж түүнтэй уулзаж чадаагүй байхад өвөө маань өнгөрсөн юм. Өвөө намайг хамгийн их дэмждэг, надад үргэлж итгэдэг байсан. Харин Нок багш өнөөдрийн би бий болоход хамгийн их нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж боддог. Өвөө, багш хоёртоо тоглолтоо үзүүлэх юм сан гэж би их хүсдэг. Одоо намайг дуулж байгааг өвөө, багш хоёр маань үзэх боломжгүй болсон шүү дээ. Тийм учраас л урьдаг юм. Өвөө, багш хоёр маань миний хамгаалагч сахиусан тэнгэрүүд гэж би боддог.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.