Энэ амралтыг уйдах завгүй өнгөрүүлэх хөтөлбөрүүд

Амралтын хоёр өдрийг гэртээ өнгөрөөхөөс илүү шинэ зүйл үзэж, сонсож, мэдэрч өнгөрүүлэхийг хүсвэл энэ амралтыэвн өдрүүдэд Улаанбаатар хотод болох урлаг, соёлын арга хэмжээнүүдээс сонголтоо хийх боломжтой. Театрын тайзнаа Шекспирийн сонгодог бүтээлээс эхлээд хүүхэлдэйн жүжиг тоглогдох бол галерейд Монголын уран бүтээлчдийн шинэ бүтээлүүд дэлгэгджээ.
-Үзэсгэлэнгээр аялъя-
Уран зураг сонирхдог бол “Хаан” галерейд болох уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” бие даасан үзэсгэлэнг сонирхож болно. Харин хүүхдүүдтэйгээ хамт урлагийн орчинд зочлохыг хүсвэл Mongolian Art Studio-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэнг “Норпэй” арт галерейд үзэх боломжтой. Тус үзэсгэлэн аравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
Мөн Богд хааны ордон музейд “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн, “HUE” арт галерейд зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн гарч байна.
Байгаль, шинжлэх ухаанд сонирхолтой хүүхдүүдтэй бол “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэнг зориороорой.
-Театрын тайзнаа-
Энэ амралтын өдрүүдэд театрын сонирхолтой сонголтууд ч байна. Уильям Шекспирийн алдарт бүтээл “Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжиг аравдугаар сарын 3-нд 15:00 цагт Улсын хүүхэд, залуучуудын театрт тоглогдоно. Хүүхдийн тасалбар 15 мянга, том хүнийх 30 мянган төгрөг байна.
Хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд энэ амралтын өдрүүдэд хүүхэлдэйн жүжиг үзэх, музейгээр аялах, уран зургийн үзэсгэлэн үзэх зэрэг тайван бөгөөд танин мэдэхүйн сонголтууд байна.
Бяцхан үзэгчдэд зориулсан “Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжиг мөн аравдугаар сарын 3-ны 19:00 цагт Монголын хүүхэлдэйн театрт тоглогдоно.
-Хөгжим, инээд, үндэсний урлагийн тоглолтууд-
Хөгжим сонирхогчдод “HORSE HEAD FIDDLE” ардын урлагийн тоглолт, “Адууны захаас дуран сунгалаа” бие даасан тоглолт зэрэг сонголт байна.
Харин инээд хөөртэй үдэш өнгөрүүлэхийг хүсвэл Соёлын төв өргөөнд “ХАЙР ТҮГЭЭЕ” инээдмийн шоу тоглолт зохион байгуулагдана. Мөн “NOMADIC LEGEND” ардын урлаг, өв соёлын тоглолт аравдугаар сарын 2-нд болох хөтөлбөрт багтжээ. Аравдугаар сарын 4-нд “Заяа дүүрэн Монгол” уран бүтээлийн тоглолт МҮЭСТО-д болно.
-Шинэ санаа сонсохыг хүсвэл TEDxSukhbaatar-
Зүгээр нэг тоглолт үзэхээс илүү шинэ санаа, туршлага сонсож, өөрийн хүрээллээ тэлэхийг хүсвэл TEDxSukhbaatar-ийг сонгож болно.
“Knowledge is power” уриатай тус арга хэмжээ аравдугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. TED-ийн албан ёсны мэдээллээр энэ нь олон нийтэд нээлттэй, салбар бүрийн хүмүүс үнэ цэнтэй санаагаа хуваалцдаг бие даасан TEDx арга хэмжээ юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.