58 159 багш цалингийн нэмэгдлийн үлдэгдэл 26 хувиа хүлээсээр баярын өдөртэйгөө золгов

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өнөөдөр тохиож байна. 2026 оны төсвийн тодотголоор багш нарын цалингийн нэмэгдлийг гүйцээж олгох асуудлыг парламент дээр намын бүлгүүд хэлэлцэж шийдэлд хүрэлгүй бүтэн сар гаруй хүлээлгэсэн тааруухан мэдээтэй Багш нарын өдрөө угтаж байна, бид.
Багш нарынхаа цалингийн нэмэгдлийг өмнөх, одоогийн хоёр Засгийн газар хоорондоо бөөрөнхийлөөд үлдээсэн, одоо хүртэл бүрэн шийдэж амжаагүй байхад сайдын малийсан инээмсэглэлтэй хоосон мэндчилгээгээр яах билээ.
Засгийн газар наймдугаар сарын 20-нд төсвийн тодотголоо УИХ-д өргөн барихдаа боловсролын салбарт ₮674.5 тэрбумыг суулгасан ч энэ нь цалингийн шинэ нэмэгдэл биш, МҮЭХ-той тохирч аль хэдийн амласан 50-76 хувийн нэмэгдлээс дутагдсан цалингийн зардлыг нөхөх санхүүжилт юм.
Монгол Улсад одоогоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 58 мянга орчим үндсэн багш ажиллаж байна. 2026 оны нэгдүгээр сараас үндсэн цалингаа 50 хувь нэмүүлсэн багшийн тоо 58 159 байгаа юм.
2026 оны нэгдүгээр сараас багш нарын үндсэн цалинг 50 хувь нэмснээр ₮1.4 саяын цалинтай багш нар доод тал нь 2.2 саяд хүргээд байна. Энэхүү нэмэгдлээр ЕБС-ийн шинэ залуу багшийн үндсэн цалин ₮1 484 000-аас ₮2 226 000 болж нэмэгдсэн. Харин цэцэрлэгийн багшийн үндсэн цалин ₮1 559 000-аас нэмэгдээд ₮2 338 500 болжээ.
Ингэснээр “шинэ багшийн цалин 4.1 сая орчим, 20-иос дээш жил ажилласан багш хамгийн ихдээ 4.73 сая төгрөг авна” гэж Боловсролын яамныхан тооцоолсон ч бодит байдалд багш нар ийм цалин авахгүй байгаагаа учирладаг.
Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс нэмэгдлийг шинэ үндсэн цалингаас бодож эхэлсэн ч багш нарын зэрэг, ур чадварын нэмэгдэл, хоол, унааны нэмэгдлийг ч хассан тул зарим багшийн гар дээрээ авах цалин ердөө 20 хувиар л өссөн гэдэг шүүмжлэл дагуулж, МҮЭХ энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандуулсан.
Учир нь МҮЭХ-ныхон багш нарын цалинг 76 хувиар нэмэхээр Засгийн газартай хэлэлцээнд хүрч тохирсон. Үлдсэн 26 хувийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэхдээ одоогийн ₮2,226,000-аас үндсэн цалингаас тооцвол сард ₮578,760 орчмоор нэмэгдэх боломжтой. Гэхдээ хуучин дүнгээс нэмбэл энэ дүн арай багасна.
Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй хааж, намрын чуулганаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж буй.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.