Ц.Жанчившийрэв: Би Эрээний бараанд явж байгаагүй. Эх орныхоо бүтээгдэхүүнийг л борлуулдаг
Ийн бахархангуй ярих Ц.Жанчившийрэв "Дэнжийн 1000" захыг анх байгуулагдахтай зэрэгцэн 1990 оноос худалдаа наймааны салбар руу оржээ. Өдгөө түүнийг "Нарантуул" худалдааны төв, Баянхонгор аймгийн "Доод зах"-ынхан андахгүй.
Ц.Жанчившийрэв Баянхонгор аймагтаа ажиллаж, монгол гэрийн материал, дотоодын гутал, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг үндэсний үйлдвэрлэл голлон борлуулж байна. Зах зээлийн нийгэмд гэнэт шилжсэн хүнд жилүүдээс өнөөдрийн тээврийн зардал, валютын ханшийн өсөлт хүртэлх өөрчлөлтийг лангуун дээрээсээ харж, бизнес эрхлэгчийн зовлон, жаргалыг мэдэрч яваа түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таныг Баянхонгор аймгийн "зах"-ынхан Жанчив ах гээд андахгүй мэддэг юм байна. Та энэ захыг нээгдэхээс нь эхлээд байсан байж таарах нь?
-1990-ээд онд зах зээлийн шилжилтийн үед цомхотголд орж, хийх ажилгүй болсон юм. Тэгээд жижиг худалдаа наймаа руу орсон юм. "Дэнжийн 1000" зах анх эхэлж байх үе л дээ. Амьдрах, амь зуухын төлөө хичээх, бодож сэтгэх хэрэгтэй болсон. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө гээд л явж өгсөн дөө.
-Эндхийн хүмүүс таныг Эрээний бараа биш, эх орныхоо барааг л зардаг гэж байсан. Нээрээ л танай лангуун дээр ихэвчлэн үндэсний үйлдвэрлэл байх шиг ээ?
-Тийм ээ. Би ямар ч үедээ урагшаа явж, Эрээний "хог" түүж авчирч зарж үзээгүй. Эх орондоо үйлдвэрлэсэн, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хичээдэг "элэгтэй" хүн. Манай лангуун дээр Монгол гэрийн төрөл бүрийн материал, мод, эсгий болон төмөр эдлэл, дотоодод үйлдвэрлэсэн гутал, ноос, ноолууран хувцас, оймс гээд монгол үйлдвэрийн бүтээгдэхүүн бий. Аль болох хүнд хэрэгтэй, чанартай, бас хүний хэрэгцээг хангасан бараа олж ирж, нутгийн ард түмэндээ борлуулахыг хичээдэг. Иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хангаж, санаа сэтгэлд нь нийцсэн зүйлсийг олж ирж чадахгүй бол наймаачин биш шүү дээ.
-36 жил лангуун дээр худалдаа наймаа хийсэн гэхээр та наймаачид, ард иргэдийн зовлон, жаргалыг сайн мэдэх биз. Сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин улам доройтож, дундаж давхарга үгүй болж, худалдан авах чадвар буурсан гэж худалдаа эрхлэгчид ярьдаг. Танд энэ бүхэн мэдрэгдэж байна уу?
-Үнэн шүү. Олон жилийн дунджаас үзэхэд иргэд бэлэн мөнгөөр бараа бүтээгдэхүүн авах боломж бололцоо нь эрс муудсан. Ихэнх нь зээлээр авдаг. Хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэвэр, цалин буух үеэр л энэ хавиар бэлэн мөнгө харагдана шүү дээ. Бусад үед хэцүү. Ахмадуудын амьдрал жилээс жилд л муудаж байгаа нь үнэн. Ихэнх нь "Зээл авчихъя, хүүхдэд тийм юм өгөөд явуулчхаач" гээд ярьж, гуйна. Өгөхгүй байхын аргагүй шүү дээ хөөрхий. Би өөрөө ядуу амьдралаас л гарч, өсөж өндийсөн хүн учраас өрөвдөөд, өгөөд явуулдаг. Манай ахмадууд зээл авсан бол яг л хугацаандаа өгнө. Авсан шигээ өгөөд сурсан улс.
-Зээлээ төлөхгүй хүмүүс байх уу?
-Зөндөө зөндөө. Олон дунд сайн, муу хүн бий шүү дээ. Гэхдээ яах вэ, зах бараадсаны буянд болж л байна. Миний өдий зэрэгтэй гайгүй яваа ард түмний минь л буян гэж боддог. Тиймээс тэдэндээ өгөх ёстой зүйлсээ өгөх л болно. Надад итгэж бараа авч байхад би итгээд зээлээ өгч болно биз дээ. Би анх ганц лангуутай эхэлж байлаа. Гэтэл одоо дөрөв болчихсон сайн л явна. Энэ маань ард түмний л буян.
-Тан дээр малчид их ирж наймаа хийдэг байх. Байнгын үйлчлүүлэгч олонтой юу?
-Малчид их ирнэ, тэд гэрийн дулаалга авна. "Нарантуул" захын гэр ахуйн барааны худалдаачид, хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс намайг андахгүй. Олон жил хамтран ажиллаж байна. Хувиараа жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг хүмүүсээс бараа бүтээгдэхүүнийг нь авна. Авсан бараагаа аль болох хямд үнээр малчдадаа өгөхийг хичээнэ. Байнгын харилцаатай үйлчлүүлэгч олон байгаа. Ерээд оноос эхлээд л Баянхонгор аймагт гэр ахуйн бараа зарж байсан тул хүмүүс ч сайн танина.
-Монголд одоо олон бизнес эрхлэгч нар ч хүнд байдалд байгаа шүү дээ. Танд бодитоор мэдрэгдэж байгаа асуудал нь юу вэ?
-Шатахуун хомсдолтой байгаатай холбоотойгоор тээврийн зардал нэмэгдсэн. Бензиний үнэ өсөхөөр тээврийн хөлс дагаад нэмэгддэг. Дээрээс нь доллар, вон, юань гээд валютын ханш ямар байгаа билээ. Бензинээс эхлээд олон зүйл дээр гадаадаас хараат манайх шиг улсад ард түмний амьдрал улам л хүндэрчихлээ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчдэд ч мөн хэцүү болж байна. Орлого бол илт буурсан. Аль болох үнээ нэмэхгүй хямдаар чанартай бараа зарах юм сан л гэж хичээж байна даа.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.