Никель Ганбааг нэг сая төгрөгөөр торгоод өнгөрчээ

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч "Никель" Ганбаа нарын хүмүүсийг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр өнгөрсөн хавар саатуулагдан шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тухайн үед хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркийн автомашинтай Г.Дашням нарийн гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүйгээс гадна үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 грамм орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байдаг.
Уг асуудлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга дэд хурандаа Г.Давааням “Г.Дашням нарын гурван иргэн 1961 оны конвенцэд заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодисын жагсаалтад орсон каннабисын төрлийн ургамал хэрэглэж байсан нь тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслээс хураагдсан мансууруулах бодисыг шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлсэн байгаа. Одоогоор дүгнэлт нь гараагүй байна” гэсэн байдаг юм.
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болж, харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр шилжүүлээд байсан юм. Гэтэл хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан ноцтой алдаа гарсан байдаг.
Үүнээс үүдэн дээрх хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газраас буцааж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн юм. Ингээд Г.Дашням нарт Зөрчлийн хэрэг нээн дахин шалгаж эхэлсэн ба тэднийг Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар нэг сая төгрөгөөр торгожээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.