Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар С.Наранцогтыг, Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхсүхийг ТОМИЛЖЭЭ

Засгийн газраас ЗГХЭГ-ын харьяанд байсан Хөгжлийн банкийг Сангийн яам руу шилжүүлэх тогтоолыг баталсан. Ингэснээр Хөгжлийн банк Сангийн яамны шууд удирдлагад шилжсэн юм.
Үүнтэй холбогдуулан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг энгийн гишүүн болгож, Сангийн яамны ТНБД С.Наранцогтыг түүний оронд томилсон. Улмаар өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Мөнхсүхийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Сануулахад, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Амартүвшин оны өмнөхөн ажлаа өгснөөр Түр орлон гүйцэтгэгчийн үүргийг тус бакны Тэргүүн дэд захиарл Б.Энхбат гүйцэтгэж байв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Сангийн яам руу Хөгжлийн банкны шууд удирдлагыг шилжүүлсэнтэй холбогдуулан, удирдлагын багийг шинэчлэх үйл ажиллагаа явагдах аж. Харин шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхсүх гэх эмэгтэй нь Сангийн яаманд олон жил ажилласан, “чанга” мэргэжилтэн гэгдэж байна.
Хөгжлийн банк нь өнгөрсөн парламентын үед гадны эх үүсвэртэй бондуудын санхүүжилтээр монголын томоохон ААН-үүдэд зээл олгосон түүхтэй. МАН эрх барих хугацаандаа тус банкийг улс төрийн нөлөөллөөс нь ангид байлгах зорилгоор тусгайлсан хууль санаачлан, батлуулсан.
Гэвч хууль хэрэгжих явцад Хөгжлийн банкны удирдлагын багт хэт их эрх мэдэл очсон гэгдэж буй. Тиймээс ч шинэ удирдлагын зүгээс бүтэц, орон тоог нь өөрчлөх санал боловсруулан ажиллана гэсэн хүлээлттэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.