Б.Хөхөө: Найман хөлтэй ишгийг зориуд хэдэн хэсэг болгож хяргаад алга болгосон байна билээ

Дөрвөн чихтэй, зургаан хөлтэй, сохор, толгойгүй гаж хөгжилтэй төрсөн гэх энэ хаврын төлүүдийн зураг, бичлэг сошиал орчинд байршлаа. Олон нийтийг нэг талаар эргэлзээнд, нөгөө талаар айдаст автуулсан уг мэдээлэл зөвхөн өнөө жил ил болж буй хэрэг биш. Францын хөрөнгө оруулалттай “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлосноос үүдэж нутгийн мал хуй хийгээд хүүхэд, эмэгтэйчүүд мутаци өөрчлөлтөд орох болсон талаар сүүлийн хэдэн жил яригдаж буй. Яригдаад, намждаг.
“Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ 2014 оноос хойш энэ сэдвийн араас элдэж байгаа. Үнэн, худал нь үл мэдэгдэх гаж хөгжилтэй амьтдын зураг бичлэгийг дэлгэж, “Уран олборлохыг зогсоохгүй бол Монголчууд сөнөх нь” гэж сүржин зарладаг тус ТББ-ын тэргүүн Б.Хөхөөтэй ярилцлаа.
Хавар мал төллөх цаг болмогц ураны хор хөнөөл төлд илэрдэг тул энэ хаврын мал төллөлтийг нэг жил хүлээсэн гэж тэр ярьж байна. Хот хоорондын хөдөлгөөн нээгдмэгц Дорноговь аймгийн Улаанбадрах сумыг зорьсон Б.Хөхөө өнөө жил мөн л олон хөлтэй ишиг, бөх нь “дэлбэрсэн” тэмээний бичлэгтэй иржээ.
-НОДНИН НАЙМАН ХӨЛТЭЙ ИШИГ ТӨРСӨН Ш.ГАНХУЯГИЙНД ЭНЭ ЖИЛ ДАХИАД Л ОЛОН ХӨЛТЭЙ ИШИГ ТӨРСӨН БАЙНА-

-Хамгийн сүүлд таныг хэвлэлийн бага хурал хийснээс хойш уран, гаж хөгжилтэй төлийн сэдэв мартагдах шахаад байлаа. Энэ жил та дахиад Улаанбадрах яваад ирж. Хэдэн айлын хотоор оров, ямар сонин хачинтай ирэв?
-Нийтдээ 14, 15 айлаар орсон. Урд шөнө ирсэн учир зарим тооллого, бүртгэлээ цэгцэлж, нэгтгэж амжаагүй байна. Тэнд жилээс жилд нөхцөл байдал дордож байна. Би даанч хөл хорио тавигдахыг хүлээсээр жинхэнэ сонин зүйлсийг баримтжуулж чадалгүй хоцорчихлоо. Мутацид орсон, үсгүй, толгойгүй төлүүд их гарсан байна. Ураг зулбалт ихэссэн байна.
Би малын эмч хүний хүүхэд. Хахир хүйтэн өвөл жин цохиж ганц нэг хээл хаяна уу гэхээс, ер ингэж хэвлийдээ зулбаж, хээл хаяна гэж байдаггүй юм, малчны хотонд.
-Олон хөлтэй ишигний сэгийг өргөж, жинлэж үзүүлж буй бичлэг байршуулсан нь хүмүүсийн анхаарлыг татлаа?
-Тэр бол ноднингийн бичлэг. Н.Энхбатынх гэдэг айлд төрсөн найман хөлтэй ишиг юм. Мал, эмнэлгийн газрын хариу дүгнэлт одоо хэр ирээгүй таг болсон тул сэргээж, байршуулсан. Гэхдээ тухайн үед ил байршуулаагүй, хийгээд л хадгалсан байсан бичлэг. Одоо сануулах үүднээс фэйсбүүкэд анх гаргаж ирлээ. Энэ мал, эмнэлгийн лабораториуд гэж бүгд “Арева”-д худалдагдчихсан бололтой.
-Тэгвэл урд жилийн бичлэг байж. Энэ жилийн шинэ бичлэгүүд нь аль юм бэ?
-Зургаан хөлтэй ишигний, толгойгүй, арвалзсан олон хөлтэй хар ишигний, бөх нь идээлж “дэлбэрээд” хагарчихсан тэмээний гэх мэт бичлэгүүд энэ жилийнх. Ноднин олон хөлтэй ишиг гарсан Ш.Ганхуягийнд дахиад зургаан хөлтэй ишиг гарсан байна билээ.
Малчид төрөөд эндсэн төл болгоныг нэг бүрчлэн үзэж шинжээд байна гэж үгүй, хурдхан хөдөөлүүлж барихаа бодно. Яг нарийн шинжвэл нүд нь сохор байх тохиолдол олон байна. Учир мэдэх хүнээс асуухад, нүд сохор төл гарна гэж ер байдаггүй гэж байна. Хөвсгөл суманд толгойгүй ишиг гарсан байна. Малчид өөрсдөө зураг хөргийг нь авч үлддэггүй, хөөцөлддөггүй, тэгэх бололцоо ч үгүй улс. Мал, эмнэлгийн газар дуудаад ч тэд ирэхээ байсан даа.
-Хоёр толгойтой тугалны зураг мөн л нэг хэсэг сошиалд түглээ?
-Аан тийм, тэр Сүхбаатар аймагт төрсөн тугал. Ураны хайгуул хийсэн аймаг бүрт ингэж гаж хөгжилтэй төл гарч байна. Хайгуул, олборлолт, үйлдвэрлэлт гэсэн гурван шат бий. Гурвуул асар хор хөнөөлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.
-МАЛД ИЛЭРСЭН ГАЖ ХӨГЖИЛ ХҮНД Ч ИЛЭРЧ ЭХЭЛСЭН-
-Та ихэнхдээ хотод суудаг болохоор тохиолдол бүрийг өөрөө баримтжуулж үлдэж чаддаггүй бололтой юм. Улаанбадрахад тантай хамтарч ажилладаг хүмүүс байдаг уу?
-Яг бодит амьдрал дээр тийм бололцоо алга. Малчид гэж хоёр нарны хооронд ажилладаг хүмүүс. Тэгээд дотроо хэд хэд хуваагдчихсан, нэг хэсгийг нь “Арева” худалдаад авчихсан. Би зарим малчдыг ядаж камертай гар утастай болгоё, тэгж элдэв юмаа баримтжуулж үлдэг гэж бодож байгаа. Малчид ядруухан, тэнд нь сүлжээ ч барихгүй, энэ тэр юм хөөцөлдөж явах зав нь ч болдоггүй улс даа.
Сая нэг залуутай танилцсан. Лайв хийгээд, мэдээлээд явж чадахаар. Түүнтэй цаашдаа хамтарч ажиллах байх. Сумын төвд дэмждэг хүмүүс олон бий.
-Ураны хор нөлөө зөвхөн малд биш, хүмүүст ч илэрч эхэлсэн гэлцдэг. Энэ тал дээр шинэ баримт цугларав уу?
-Мал дээр илэрсэн гаж хөгжил хүн дээр яг гараад эхэлсэн. Биеэр нь элдэв юм туурдаг, дотор эрхтэн нь идээлдэг. Одоо залуу, тарган мал гаргахаар хамаг дотор эрхтнээс нь идээ гоожиж байгаа. Түүн шиг. Хүмүүс өөрсдөө үүнийгээ “астма” гээд нэрлэчихсэн явна лээ. Хамгийн гол нь өвчний хяналтын систем гэдэг зүйл алга болчихсныг л би ойлголоо. Мал битгий хэл хүн ямар өвчин авав, ямар өвчнөөр эндэв гэдэг хяналт, бүртгэл хийгдэхгүй байна. Сая айлуудаар нэг ч багийн дарга надтай хамт явсангүй. Уг нь шинэ төлөө эргэж, бүртгэж явах учиртай улс биз дээ. Эхчүүд ч их зулбах болсон, мөн л бүртгэл байдаггүй. Ерөөс малын ураг зулбалт 40 хувьтай байна гэдэг тооцолол хийгээд ирсэн.
-Таны өөрийн хийсэн тооцолол юм байна?
-Тийм. Зарим бүртгэлээ одоо нэгтгэж дуусна. Хамгийн багадаа 30 хувь бол баттай. Нэг малчны хотонд 100 төл гарлаа гэхэд 30-40-ийг нь алдаж байна гэсэн үг.
-Хүнд илэрсэн гэх мутаци өөрчлөлтийн талаар илүү бодитой ярих боломж байна уу?
-Энэ маш эмзэг сэдэв л дээ. Өөрийгөө, үр хүүхдүүдээ ил зарлана гэдэг их дарамт. Тэр бүү хэл миний мал гаж төл гаргалаа гэх хэцүү, хүмүүс малыг нь авахаа байчихна. Ийм л аймшигтай хөмөрсөн тогоон доор байна, бид. Миний мэдэхийн 3-4 хүүхэд бий, үүнээс цааш ч байгаа гэж байна, айлуудаар явахад. Манай Монголчууд эртнээс элдэв гаж төрсөн хүүхдээ нуудаг, хүмүүс ч эдний удам ийм, тийм гэж гоочилдог.
-Яг ямар асуудалтай 3-4 хүүхэд гэсэн үг вэ?
-Мэдрэлийн саажилттай. Нэг ээж надад шууд хэлж байна лээ. “Би “Арева”-гийн зуслангаас 7 километрийн зайд амьдардаг байсан. Одоо миний хүүхэд ийм төрлөө. Би бодит хохирогч байна” гэж.
-УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРААГИЙН ЭЭЖИЙГ АНХ “АРЕВА”-Г ОРУУЛЖ ИРСЭН ГЭЛЦДЭГ-

-“Арева”-гийн тусгай зөвшөөрөл Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед цуцлагдаад, хожим дахиж сэргэсэн гэх мэдээлэл байдаг?
-Асуудал нэг хэсэг оволзож ирээд 2017 оны хавьд намдсан байсан. Надаас өмнө тэмцэж, судалж байсан олон хүн бий. Тэдний цуглуулсан мэдээллийг ухаж суух нь ээ, “Арева” анх 1997 онд Монголд орж ирсэн байдаг. Одоо УИХ-ын гишүүн А.Ундраагийн ээж тэр үед ТББ байгуулж, дэлхий даяар манайд ирж уран олборло гэж зарласан гэх. Ингээд охиноо АНУ-д цөмийн физикийн чиглэлээр сургасан. Урантай холбоотой анхны үхэл 2005 онд дуулдаж эхэлсэн гэдэг. Сүүлд Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төрд нөлөө бүхий хүмүүс орж ирээд, энэ асуудлыг улам өргөжүүлсэн гэх. “Арева” 2008 онд А лицензээ авч, туршилтын олборлолт хийж эхэлсэн. Чи бод доо, “туршилтын” гэж ямар аймшигтай үг вэ. Ухсан цооногтоо хүхрийн хүчлийг хэдэн тонноор нь цутгаад хэдэн жил дардаг гэж байна, олборлолтын явцад. Ингэхээр зөвхөн цацрагийн гэлтгүй, химийн, биологийн асар их хор ялгардаг гэдгийг надад мэргэжлийн хүн тайлбарлаж өгсөн.

-1997 онд орж ирээд, 2008 онд олборлож эхэлсэн гэлээ. Хайгуулын ажил нь бүтэн 10 жил үргэлжилсэн гэсэн үг үү?
-Харин тийм, Монголчууд уг нь сийрэг ухаантай улс даа. “Арева” 1997 оноос хойш юу ч олборлож, ашиг олохгүй байгаад л байсан байх уу? Орлогогүй хэр нь ээ мөнгө тараагаад л. Шүүх дээр, “Бид хамгийн өндөр хариуцлагатай компани” гэж ярьдаг. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд гэх тодотголоор энд тэндхийн айл хунарт байнга мөнгө тараана.
Би логик дүгнэлт хийсэн. Дэлхийд “Их найм”-ын улсууд дээр Ардчилсан Солонгос тэргүүтэй хэдэн улс нэмэгдээд 10 улс л цөмийн энергийг ашиглаж, хоол болгож чаддаг. 11 дэх улсад уран хэрэггүй, ашиглаж чадахгүй юм хойно. Тиймээс уран олборлоно гэдэг энгийн нэг бизнес биш, түүнээс давсан, мөнгөөр хэмжигдэхгүй зүйл. Иймд олборлох гэж яараад байх ч хэрэггүй, мөнгийг чөлөөтэй хаяна.
Сая Киргизстан уран олборлодог гаднын компаниудыг хөөж гаргалаа, ерөнхийлөгч нь тамга дараад. Үүнийг мэдээд надад бага ч болов итгэл төрсөн.
“Арева”-гийн ТЭЗҮ 6-хан сая долларын ашигтай гэж надад баталгаатай эх сурвалж хэлсэн. Тэгсэн мөртөө хүмүүст намираа бороо шиг мөнгө, тусламж цацаад л явдаг компани.
-Мөнгө тараасан баримтууд нь танд байгаа юм уу?
-Юу гээч. Энэ том газар нутагт, энэ том компанийг мөрдөнө гэдэг яггүй хүнд ажил. Ганц миний хүч хүрдэггүй байхгүй юу.
-ТЭД ӨӨРСДӨӨ ТУСГАЙ ХООД ИДЭЖ, ТУСГАЙ УС УУДАГ ХҮМҮҮС-
-Та Улаанбадрахад очихдоо “Арева”-гийн барилга, хашаа хороог нүдээр үзсэн л байх. Үйлдвэрлэл явуулж буй төрх байдал нь ямар харагддаг вэ?
-Их цэмцийсэн эд бий. Газар ухсан, сэндийчсэн ямар ч шинж байхгүй. Нэг турба зоож, нөгөө турбагаар нь “авдаг” гээд л ойлгочих. Айхавтар трактор, комбайн нэг ч үзэгдэхгүй. Өнөөдөр тэнд 50-60 ажилтан өдөр шөнөгүй ажиллаад л байж байгаа. Тасралтгүй машин орж гараад, үйлдэл хийгээд байна шүү дээ. Гаднаа “олборлолт хийгээгүй” гэцгээх. Монголын ард түмэн хардах эрхтэй шүү дээ. 1,000 килограмм шорооноос 1-нь л уран болдог гэнэ. Үлдсэн 999 килограмм хөрс бохирдоод үлддэг. Үүнийг хянаж байгаа хүн алга. Хянъя гээд ч хянах боломжгүй байх, миний бодлоор.
-Улаанбадрахад олон жил амьдарч буй хүмүүс юу ярьдаг нь сонин юм байна. “Арева”-гийн хүмүүс өөрсдөө сумын малын махыг иддэггүй, сүүг нь уулгүй шууд асгадаг гэхчлэн яриа бий?
-Харин тийм. Үлгэр домог шиг юм их сонсдоно. Францууд хамгийн анх Дорноговьт хөл тавихдаа гоё, гоё машин унаж давхилдаад л, айл хунараар орж мах шөл идэн баярхаж явсан гэдэг. Хэл ам гарч эхэлснээс хойш тэгэхээ больсон. Одоо тусгай, пакеттай хоол иддэг. Ард түмний хардлагыг дарахын тулд Улаанбадрахаас зориуд мах авсан удаатай, “Арева” компани. Тэгээд түүнийгээ идэхгүй, нууцаар Улаанбаатар луу ачуулж байгаад баригдсан удаатай. Одоо сайн хөөвөл ачааны машиных нь жолооч ч гараад ирэх байх. Монголчууд цөөхүүл ч гэсэн гярхай. “Яагаад Улаанбаатар луу явуулав” гэхэд хотод аваачиж пакетлуулаад иднэ гэж хариулсан гэх. Тэгээд энд тэндхийн хиамны үйлдвэрт зарсан нь ойлгомжтой. Ерөөс тэд өөрсдөө тусгай хоол идэж, тусгай ус уудаг улс. Бодвол тэдгээр нь Францаас ирдэг байлгүй.
-Тэнд Монгол хүн ажилладаг юм уу?
-Одоо нэг ч франц хүн үлдээгүй шүү дээ. Хэдэн толгой нь эргэчихсэн монгол тэнд ажиллаж, хоолыг нь бэлдэж өгөөд байж байна. Тэгээд хордсон, зүс царай нь аймаар болсон олон залуус байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын Г.Чойгоо нэг залуугийн бичлэгийг хийгээд ирсэн байх учиртай.
-Гаж төл зөвхөн Дорноговь биш Дундговь, Сүхбаатар, Архангай аймгуудад төрж буйг та “Арева”-тай холбож ойлгодог бололтой?
-Тийм. Монголын газар нутагт уран олборлох 59 лиценз олгогдсон байдаг. Дорноговиос бусад аймгуудад буй компаниуд Хятадаас, Чехээс орж ирсэн сураг бий. Явсаар бүгд “Арева”-гийн л салбар компани.
-БИД БҮГД УЛААНБАДРАХЫН МАХНААС ИДЧИХСЭН-

-Та зарим малчид “Арева”-д худалдагдсан гэж ярилаа. Үүгээр бол аймаг, сумын засаг дарга нар ч бас худалдагдсан болж таарах нь?
-100 хувь худалдагдсан. Би чамд технологийг нь ярьж өгье. Ганц “Арева” ч биш, ер том компаниуд ядуу буурай оронд уурхайн үйл ажиллагаа явуулахдаа урьдчилсан судалгааны ажлыг “Болжээ” гэтэл нь хийдэг. Зохион байгуулалтыг нэгж хүртэл нь судалдаг, урвуулж авах төлөвлөгөөгөө боловсруулдаг. Мөн өөрсдийн хараан дор оруулдаг. Сарын өмнө надад зовлонгоо яриад сууж байсан хүн сарын дараа нүд нь шоронгийн хулгайч шиг болчихсон гүйлгэнээд, амаа үдүүлчихсэн сууж байдаг. Юм л ярьчихвал эмч, цагдаа ч тэдэнд нийгмийн үйлчилгээ үзүүлэхээ больчихдог гэж ярьж байна.
-Тэгээд малчны хотонд гарсан тохиолдлуудыг мал, эмнэлгийн харьяа байгууллага хяналт, шинжилгээний шатандаа дардаг гэх юм билээ?
-Тийм. Сая л гэхэд өнөөх найман хөлтэй ишиг алга болсон, хөлийг нь хэд хяргаад явуулсан сураг байна лээ. Нотлох баримтыг үгүй хийж байна.
-Танд “Арева”-гийн талаас ямар нэг дарамт, шахалт ирдэг үү?
-Ирэлгүй яах вэ. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин одоо надтай ана мана үзэлцэж байна. Б.Хөхөөг яаж шоронд хийх вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа сурагтай. Дорноговьд над дээр хоёр хэрэг үүсгэсэн, нэг нь хэрэгсэхгүй болсон. Хэрэг тохох оролдлого аль хэдий нь хийгдээд эхэлчихсэн. Бөөс хайж байгаа юм шиг л өө эрж суугаа байх.
-Танд санасандаа хүрнэ гэсэн итгэл хэр байдаг юм?
-Энэ чинь их чухал бас аймшигтай асуулт. Хойч үедээ газар нутгийг нь бүрэн бүтэн үлдээвэл миний хүн болж төрсөн хэрэг бүтнэ. Үнэндээ миний итгэл үнэмшил тун бага байна. “Арева” миний нэгдүгээр дайсан байг. Тэгвэл тэднийг ер анх хэн оруулж ирсэн юм бэ гэхээр төрд гарсан дүлзэнгүүд. Ингэхээр тэд “Арева”-гаас том дайсан болж байгаа юм. Тэгүүт энэ хүмүүс хаанаас төрсөн юм гэхээр, бидний л санал хураалтаас. Явж явж бид өөрөө өөрсдийнхөө дайсан болж таарч байна.
Би тэмцэж хоёр гаруй жил явлаа. Намайг мөнгө олох, баяжих гэлээ гэж элдвээр хэлдэг. Тусалж дэмждэг, урмын үг хэлдэг хэдэн арван хүмүүсээр бага ч атугай тэжээгдэн амьдарч байна. Одоо ухрах зам байхгүй.
-Хэрэв таны ярьсан бүхэн үнэн бол зөвхөн Улаанбадрах сумын иргэд хохироод зогсохгүй. Тэндхийн мах, сүүг Монголчууд идэж, ууж байгаа. Энэ нь өөрөө хамгийн том эрсдэл юм байна?
-Үүнд нэг их логик ч орохгүй. Улаанбадрахын махыг тэр хавийн хүмүүс идэхээ байж эхэлсэн. Мах нь зарагдахаа больж, үнэ нь буунгуут ченжүүд бөөндөж аваад газар, газар луу явуулчихдаг. Зүүнхараад Улаанбадрахын мах ирсэн гэж ноднин сонссон, баримтжуулах гээд чадаагүй. Бид бүгд Улаанбадрахын махнаас идчихсэн.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ard tymnii toloo gej yaridag hymyys mini odoo yarihaa boliod hiih tsag boljee