Нийгмийн

БНСУ-д буй зураач Р.Батцэнгэл: Хэрвээ намайг эх орон руу маань авахгүй бол өлсгөлөн зарлана

“Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх зурагт номыг бүтээсэн, зураач Р.Батцэнгэл БНСУ-д мэс засал хийлгэхээр очоод гацжээ. Тэрбээр аргаа барахдаа төрийн гурван өндөрлөгт захидал илгээсэн ч тусыг эс олжээ. Тиймээс өлсгөлөн зарлахаар шийдсэн гэнэ.

Энэ тухай цахим хуудсандаа “Р.Батцэнгэл найз маань хүнд хагалгаанд ороод БНСУ д гацжээ. Монголын соёл, түүхийг хамгаалах, соён гэгээрүүлэх ажилд их үүрэг гүйцэтгэсэн хүн дээ. Монголын нууц товчооны түгээмэл эх зурагт номыг бүтээсэн эх оронч сэтгэлгээтэй , Монголынхоо соёлын өвийг дээдэлдэг зураач залуу. Энэ ном 10 төрлийн хэл, бичгээр хэвлэгдээд байгаа. Р.Батцэнгэл маань арга ядахдаа төрийн 3 өндөрлөгт хандаж өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Та бүхнээс түүний энэ ил захидлыг олон нийтэд хүргэж өгөхийг хүсье.

Монгол улсын иргэн Р.Батцэнгэл улсынхаа удирдагчид, төрийн гурван өндөрлөгт хандаж байна. Миний бие БНСУ-д яс болон зөөлөн эдийн хорт хавдрын мэс засал(chondrosarcoma) хийлгэснээс хойш гэртээ харьж чадалгүй гацаад буй.
Хагалгаагаар суудал яс, умдаг яс, түнхний үений тогоо ясыг тайрч, авсан ба түнхний үений тогоонд нөхөөс тавьсан. 11 цаг үргэлжилсэн, зөвхөн ил харагдах шарх нь гэхэд 60 см урттай хүнд мэс засал болж өнгөрсөн.
Эмч тэрхүү нөхөөсийг зөв байрлалд эдгээж, бороолуулах, булчин, мэдрэлийн судлын өвдөлт, зууралтыг арилгах, сүүжнээс зүүн хөлийн шагай хүртэл битүү үүссэн хаван, бөөгнөсөн цусыг шимэгдүүлж арилгахын тулд сайн алхаж, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөсөн. Өөр эм, эмчилгээ тус болохгүй, аль болох их хөдөлж, богино хугацаанд эрүүл, хэвийн байдалд оруулах шаардлагатай гэж анхууруулсны дагуу өвчин намдаагч хэрэглэж байгаад бүх чадлаараа хичээн хөдлөж, дасгал хийж байна.
Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн үүрэгт нислэг хийгдсэн боловч миний бие багтсангүй. Уул нь миний бие нислэгт багтах ангилалд багтах ёстой.
Мөн хорт хавдрын оношлогоо, мэс засал, эмчилгээ асар үнэтэй, нислэг хүлээж хүний газар хоёр сарыг өнгөрөөхөд бас ямар зардал гарахыг хэн бүхэн хэлүүлэлтгүй ойлгоно.
Хорт хавдрын сэжиг таамаг сонсох мөчөөс эхлэн өвчтөнгүүд олон давхар сэтгэл зүйн болон биеийн дарамт, шаналгааг давж туулах болдог. Тэр бүхнийг давж туулсаар арай гэж хөл дээрээ боссон өвчтөн гэртээ харьж чадахгүй байх ямар хэцүүг төсөөлж байна уу? Одоо мөнгө ч дууслаа, бүх боломж шавхагдлаа. Байсан бүх боломж, ах дүүс, найз нөхөд, сайн санаат солонгос хүмүүсийн тусламжийг ч авч дууссан.

Сэтгэлийн тэнхээ, мөнгө бүгд шавхарч, дууссан тул та бүхнээс хоёрхон зүйлийг хүсч бас шаардаж байна. Үүнд:
• Бидэнд МИАТ-ын буцах тийз бий. Түүгээрээ харих(Нэмэлт төлбөр нэхэж байгаа)
• Гэртээ тусгаарлагдах
Одоо тусгаарлагдах байранд буй хүмүүстэй холбоо барьж, байрны нөхцөл байдлыг асууж судласан. Миний дээр дурдсан бие, эрүүл мэндийн нөхцөл шаардлагад маань нийцэхгүй юм билээ. БНСУ-д халдвар бага, бид бүгд шинжилгээнд хамрагдаж очдог. Бас миний бие гэрт тусгаарлагдах журмыг чанд сахих гэр ахуйн боломжтой, миний хариуцлага, ухамсар хангалттай өндөр. Би амлалт авч, түүнийгээ биелүүлж чадна.
Миний адил тусгай хэрэгцээтэй иргэд цөөн. Засаг хэдий ядуу, боломж муутай ч тэр цөөн хэдэн хүнийг алсаас гэрт нь хянах боломж, чадамжтай.

Би өөрийн ээжид мэдэгдэхээс болгоомжилж, ил гарахаас татгалзсаар ирсэн. Учир нь гурван жилийн өмнө ахыг алдсанаас хойш ээжийн сэтгэл санаа хүнд байгаа. Түүнээс хойш үр хүүхдүүдийнх нь эрүүл мэндийн талаар сэтгэл санааг нь зовоосон зүйл сонсгож болохгүй болсон. Тиймээс би ээжээсээ өөрийн өвчин, зовиур болон БНСУ-ыг зорьж ирсэн шалтгаанаа ор тас нуусаар ирсэн билээ.
Одоо байдалд нэгэнт хүнд болж, эцэстээ тулсан тул дээрх бодлоосоо татгалзаж, шийдвэртэй тэмцэхээр шийдсэн. Би 2020 оны 5-р сарын 25-наас өмнө гэрийнхээ босгоор давж орсон байхыг хүсч байна. Энэ боломжийг надад олгохыг та бүхнээс шаардаж байна. 2020 оны 5-р сарын 15-ны дотор миний тавьсан нөхцлийг зөвшөөрснөө баталж, мэдэгдэл ирүүлэхгүй бол би албан ёсоор өлсгөлөн зарлах болно.
Мөн би 3 сар тутам Сөүлд ирж эмчийн хяналт, шинжилгээнд хамрагдах ёстой. 5 жилийн дараа түнхний үе солих, аарцагны яс нөхөх хагалгаа хийлгэх ёстой. Иймээс эхнэр бид хоёрт нэмэлт төлбөртэй нислэг, тусгаарлах байрны төлбөрийг мөнгө зээлэн байж төлөх боломж үнэхээр алга гэдгийг нэмж хэлье. Хүсэлт, шаардлага хүргүүлсэн:
Монгол Улсын иргэн, өвчтөн Рэнцэнгийн Батцэнгэл,
Асран халамжлагч, эхнэр Ухнаагийн Мягмардулам.
Утасны дугаар: 01056963533, 01044420544, 01082970544
Цахим шуудан: [email protected]” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button