НИЙГЭМ

“Би Орост коронавирус тусаагүй. Үүргийн вагонд халдвар авсандаа харамсаж байна”

Манай улс УОК-ын шийдвэрээр шинэ төрлийн коронавируст халдвар эрчимтэй тархаж буй улсуудаас өөрийн иргэдээ татсаар буй. Үүний нэг жишээ нь өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотоос галт тэргээр ирсэн хүмүүс.

Тэдний дунд зорчоод ирсэн н.Алтанхундага гэх эмэгтэйгээс шинжилгээгээр халдвар илэрсэн юм. Харин тэрбээр өөрийгөө нааш ирэх замдаа, вагонд халдвар авсан хэмээн өөрийн нүүр хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм.

Түүний мэдэгдлийг албаны хүмүүс үгүйсгэж, тээвэрлэлтийн ариутгал, хяналт өндөр зэрэглэлд байсан хэмээж буй. Тэгвэл иргэн н.Алтанхундага өнөөдөр /2020.05.21/ дахин өөрийн нүүр хуудсаар лайв хийж, дараах зүйлсийг ярилаа.

“Тэнд зорчиж явсан хүний хувьд ийм эрсдэл үүсгэхгүйгээр иргэдээ татах боломж байсан гэж үзэж байна. Замдаа халдвар авсан маань харамсалтай байгаа ч хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Одоо дахиад ОХУ-аас оюутнуудаа татна гэж мэдэгдсэн. Москва, Санкт-Петербургээс татна гэсэн. Энэ бол хамгийн өндөр эрсдэлтэй бүс. Эрсдэл багатай гэх Улаан-Үүдээс иргэдээ татахдаа ийм байдал үүсгэлээ шүү дээ.

Биднийг Оросын талаас 20, 20-оор нь авчирсан. Гэтэл Монголын хил дээр очиход биднийг нийлүүлчихсэн. Орост тусгай тэмдэглэгээ тавьж, хүмүүсийг холдуулж, зааглаж байсан. Үүнд айхтар хүн хүч, мөнгө төсөв орохгүй. Иймэрхүү жижигхэн зохион байгуулалтын асуудал л манай хил дээр алдагдсан.

Дараа нь майхны асуудал гарсан. Долоо, найман хүнийг нэг майханд байршуулж, 14, 15 майхан босгоход л болох байсан. Гэтэл 40 хүн нэг майханд орох болсон. Гялгар уут татаад ч болтугай биднийг бие биеэс нь тусгаарлаж болох байсан. Гэтэл 70 хүн нэг вагонд чихэлдэж, есөн цаг хүлээсэн. Ийм хугацаанд вагонд хүлээхэд амны хаалттай байхад амьсгалын дутагдал үүсдэг юм билээ. Цонхоо нээх гэхээр хаа гэж загнасаар агааргүй суулгасан.

Түүнчлэн нэг автобусанд 40 хүнийг оруулж, зөөсөн. Тэнд уг нь зургаан автобус зогсож байсан. Ийм эрсдэлтэй хүмүүсийг авчирч буй хэр нь ээ биднийг яагаад нийтийн вагоноор зөөв. Эрээнээс Улаанбаатарын хооронд 40-өөд мянган төгрөгөөр купены зардал төлдөг. Гэтэл ийм эрсдэлтэй, тэгээд олноор шавааралдсан вагонд суухын тулд 39900 төгрөг төлсөн. Өртөөний дарга нь мөнгөө хурдан төл гэж албадаж байсан.

Миний хувьд вагон хөдлөхийн хүлээж, 15 цаг суусан. 15 цаг гэдэг бол эрсдэл юм.

Намайг халдвар чирч ирсэн гэсэн. Би нэг ч эмчилгээ хийлгэж байгаагүй, нотолно. Хэрэв би халдвартай байсан бол бүгд л авах байсан. Энэ бол миний замдаа авсан гэдгийг нотлох нэг шалтгаан гэж бодож байна.

Би ямар нэг байгууллагыг огт буруутгаагүй. Харин гарсан алдаа дутагдлыг нь хэлж буй хэрэг. Иймд миний үгийг зөв ойлгож, зөвөөр тусгаж аваасай. Би иргэний болоод эмч хүний үүргээ гүйцэтгэж ийм мэдээллийг хийж байгаа юм шүү” гэлээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button