"Гэндэнгийн гудам хүртэлх талбайн тохижилтыг 700 сая төгрөгөөр хийнэ”

Хот байгуулалт Хөгжлийн газраас Чойжин ламын сүм музейн тохижилтын талаар мэдээлж байна.
Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр "Чойжин ламын сүм музейн 2 га газрыг 2001 оны Засгийн газрын тогтоолоор хамгаалалтад авсан байдаг. Одоогийн байдлаар хамгаалалтын горимд сүмийн баруун, зүүн, хойд талд авто машины зогсоол түрэмгийлсэн байдаг. Баруун, зүүн талаар нь явган зорчигч явах замгүй. Музейн урд хэсэгт байсан хоёр давхар тоосгон байшинг буулгасан нөхцөл байдалтай байна. БСШУСЯ болон Чойжин ламын сүм музей манай байгууллагад хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангуулах, орчин тойрны аж ахуйн нэгжийг хамгаалалтын бүсээс гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан. Мөн орчин тойрныг тохижуулах хүсэлтийг тавьсны дагуу холбогдох мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, манай байгууллагаас тохижилтын зураг төсөл батлагдсан. Энэ зураг төслийн дагуу музейн зүгээс холбогдох зураг төслөө батлуулсан байгаа.
Музейн Ямпай хаалганаас урагш 6.000 м.кв талбайтай. Үүнээс 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 машины зогсоол зураг төсөлд тусгагдсан. Үлдсэн 20 хувьд жуулчид зогсох явган зам талбай байх юм. Одоо байгаа баруун, зүүн талын автомашины хөдөлгөөнийг тусгаарлаж, ногоон байгууламж, дугуйн замаар хийн аюулгүй байдлыг хангах шийдэл гарсан.Эдгээр нөхцөл байдлыг НИТХ-д танилцуулсан. Хурлаас 2020 оны тавдугаар сарын 11-ний 13 дугаар хурлын тэмдэглэлээр цагийн хязгаартай автомашины зохион байгуулалттай болгох, тохижилтыг хийж гүйцэтгэх ажлыг хийх үүрэг даалгаврыг өгсөн” гэв.
Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх "Уг төсөл нь төр ба хувийн хэвшил хамтран соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй анхдагч төслүүдийн нэг байх. Хэрмэн хашаанаас өмнөх тохижилтыг 365 сая төгрөгөөр хийсэн. Харин Гэндэнгийн гудам хүртэлх 700 мянган метр кв талбайн тохижилтыг "MCS” группийн санхүүжилтээр 700 сая төгрөгөөр хийнэ” гэлээ.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.