ЭДИЙН ЗАСАГ

ОУВС: Монгол Улсад олгох 99 сая ам.долларын санхүүжилтийг албан ёсоор батлав

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг албан ёсоор баталлаа.

Тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.

Монгол Улс вирусний  тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч  экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс  төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулахад энэхүү дэмжлэгийг үзүүлж  байна.

Монгол Улсад ОУВС-гийн  дэмжлэгтэйгээр гурван жил  хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр өнгөрсөн сард дууссан. Уг хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжыг бүрдүүлсэн гэж  ОУВС-гийн манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб мэдэгдсэн. Мөн тэрбээр “Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм.

Түүнчлэн цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөр ч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай. Харин вирусний тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button