Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
“Өчигдөр Австрали болон Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал, бага насны хүүхэдтэй 79 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26 иргэн ирсэн. Тэднээс толгой өвдөнө, ханиалгана хэмээх шинж тэмдэгтэй хоёр өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад хүмүүсийг тусгайлан бэлтгэсэн байруудад байрлуулан резидэнт эмч нараар хянуулж байна. Тусгаарлах байранд яг одоо 1512 хүнийг 122 эмч, эмнэлгийн ажилчид хяналт тавьж ажиллаж байна.” гэв.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт тус тус 20 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Доргоновь аймагт тусгаарлагдсан 4, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс тандалт, шинжилгээг хийхээр сорьц цуглуулах ажил эхэлсэн. Тэднээс хоёр сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Маргааш хариуг нь хэлнэ” гэв. Ийнхүү өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.