СИНГАПУР гэр бүл: Ирээд хоёр хоноход Монголчууд үнэхээр найрсаг ард түмэн шиг санагдлаа

Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэлж, гадны жуулчдын хөл хөдөлгөөн Төв цэнгэлдэх хүрээлэнд олшров. Жуулчдын хувьд зун цагаар Монгол орныг зорьж буй томоохон шалтгаануудын нэгт нь Наадам зүй ёсоор нэрлэгдэнэ. Жил ирэх тусам хөгжүүлэхээр зорьж буй, мөн хөгжиж ч буй аялал жуулчлалын салбарынхаа бодит байдлыг бид жуулчдын сэтгэгдлээр л хэмжиж, үнэлэн дүгнэх боломжтой болов уу. Ийм ч үүднээс наадмын нээлт үзэн сонирхоод дөнгөж гарч ирж буй Сингапур улсаас ирсэн залуу гэр бүлийг бид онцлон, товч ярилцсан юм. Тэд угаас аялах, жуулчлах дуртай хосууд агаад, үүний өмнө Европ болон Азийн нэр бүхий олон орнуудаар зорчиж байсан гэв.

-Урд өмнө аялж байсан орнуудыхаа үндэсний баяр наадмыг ийнхүү үзэж сонирхож байв уу?
-Үгүй ээ. Яг үүн шиг үндэсний шинжтэй баяр наадмыг нь үзэх боломж олдож байгаагүй. Ийм онцлогтой наадам үзэж буй анхны орон маань Монгол болж байна.
-Энэ жил Монгол улсыг зорьж ирэх болсон шалтгаан тань юу вэ?
-Маш олон хүн энэ асуултыг тавьдаг /инээв. сурв/ Бидний бусад орнуудаар аялан зорчих замд маань Монгол улс оршиж байгаа нь нэг томоохон шалтгаан юм. Үүнээс гадна өнөөдөр болж буй Наадам гэдэг үндэсний шинжтэй баярыг үзэх, сонирхох маш их хүсэлт тээсээр энд ирсэн.
-Ирэхээсээ өмнө Монгол орны тухай ямар төсөөлөлтэй байсан бэ? Ихэнхи жуулчид Монголыг гагц Чингис хаанаар таньдаг, магадгүй дорой буурай хөгжилтэй гэж төсөөлөх хандлага бий? Төсөөлөл, бодит байдал хоёрын ялгаа хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Аялалд гарахаасаа өмнө аяллын хөтөч номуудыг уншиж, Монгол орны үүх түүх, хаана ямар байгалийн үзэсгэлэнт газар, үзвэр үйлчилгээ байдаг талаар мэдээлэл авсан. Одоо Наадам үзсэнийхээ дараа Монголын хөдөө тал нутаг, сонирхолтой говь цөл газруудыг үзэхээр төлөвлөж байгаа.
Ер нь Улаанбаатар хот маш их автомашинтай юм байна. Хаашаа л харна автомашинууд. Сая л гэхэд наадам үзэхээр нааш ирж байхад явган хүн хөл тавих зайгүй их машин тааралдсан. Харин үүний зэрэгцээ энэ баяр наадмаар хүүхэд багачууд маш аз жаргалтай харагдаж байлаа. Бас Монгол орон их цэвэр цэнгэг устай байгаа санагдсан. Маш сайхан байна.

-Та бүхэн Монголд хэзээ ирсэн бэ?
-Долоодугаар сарын 9-нд ирсэн.
-Монголд анх ирсний дараа хамгийн “сюрприз” болж буусан үйл явдлуудаас хуваалцаач?
-Наадмын нээлт байлаа. Монгол түмэн эрт дээр үеэс ямар ахуй соёлыг тээж, соёлын ямар хувьсгалуудыг үзэж ирсэн түүхэн үйл явдлыг тоймлон харуулсан шүү дээ. Үүнийг үзээд тийм гүн сэтгэгдэл төрж, сонирхолтой санагдлаа. Үүнээс өөр айхтар сюрпризтай одоогоор учраагүй байгаа ч, цаашид ямар гайхалтай зүйлс тохиолдохыг хэлж мэдэхгүй.
-Энд ирснээс хойш Улаанбаатар хотод амьдарч, зорчиход хамгийн хүндрэл дагуулж байсан зүйлс юу байна вэ? “Үүнийг ингээд өөрчилчихмөөр юм байна даа” гэх бодол төрж байв уу?
-Манай оронд метро байдаг. Монгол улс ч бас метро тээврийг хөгжүүлбэл ихээхэн ашиг тус бий болно гэж бодож байна. Метрогоор зорчиход цаг их хэмнэдэг, замын түгжрэл ийм их бий болдоггүй. Зорчигчид өөрсдөө ороод, өөрсдөө мөнгөө төлөөд л явчихдаг. Энд бол нэг газраас нөгөө газар руу хүрэхийн тулд ихээхэн хүндрэлтэй байна. Автобус, таксигаар зорчиход замын түгжрэлд их өртөж байна.
Мөн бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Энэ бол Монгол орны тухай мэдээ мэдээлэл дутмаг байдаг байдал. Уншиж сонирхох боломжтой англи хэл дээрх бичвэр, танилцуулгууд цөөн олддог. Ихэвчлэн түүхийн шинжтэй ерөнхий мэдээллүүд байдаг болохоос Улаанбаатарын яг энэ хэсгээс ийм зүйл худалдаж авах эсвэл үзэж сонирхох боломжтой гэсэн жуулчдад зориулагдсан мэдээллийн сан бага. Үзвэр, үйлчилгээний газруудаас англи хэлээр мэдээлэл авахад бага зэрэг хүндрэлтэй, заавал орчуулагч хөтчийн хэрэг гарч байна.
-Үүний өмнө нэлээдгүй олон орноор аялж байсан нь сонирхол татаж байна. Тэдгээр орнуудаас Монгол юугаараа ялгарч байна вэ?
-Одоогийн байдлаар онгоцноос дөнгөж буугаад хэдхэн хонож байна. Хамгийн эхний үзсэн гайхалтай зүйл нь наадам. Тийм учраас бусад орнуудаас ялгарах онцлогийг нь яг таг тодорхойлоход хэцүү. Бидний хувьд мэдээж өнөөдрийн үзсэн наадмын нээлт ихээхэн онцлог санагдаж буй. Үүнээс цааш хотжоогүй байгаль, говь цөл газраар явах учраас сэтгэл маш хөдөлж байна.
-Монгол улс хөгжиж буй орон. Харин Сингапур хөгжлийг маш түргэн бий болгож чадсан, Азийн бар гэж нэрлэгддэг улс шүү дээ.
-Дэлхийн улс орнууд хөгжлөөрөө өрсөлддөг болсон цаг. Хамгийн гол нь чанартай хөгжлийг авчирахын тулд “зөв” шийдлийг хэрхэн хийх вэ? гэдэг асуудал дээр нийт ард түмнээрээ анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Монгол улсын хувьд хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй асуудал зам, тээвэр бололтой. Дээр хэлсний дагуу, метро байхгүй хэрнээ маш их машинтай. Бас дугуй унаж байгаа хүн маш цөөн анзаарагдсан.
Хурдан хөгжихийн тулд бусад орнуудын өрсөлдөөнийг сайтар мэдрэх хэрэгтэй байдаг. Дэлхийн улс орнуудын хүчтэй, эрчтэй өрсөлдөөн дунд гээгдэж хоцрохгүй, түүчээлж явахыг зорих нь чухал гэж бид бодож байна.
-Сүүлийн асуултаа тавья. Та бүхэнд Монгол орон таалагдаж байна уу?
-Ирээд хоёр өдөр хагас болоход Монголчууд үнэхээр найрсаг ард түмэн шиг санагдлаа. Үнэхээр таалагдсан. Сэтгэл өндөр байна.
М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.