УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС хүргэе.


НЭМЭЛТ: /2025.12.05/ 15.30 цаг

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.

Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө.


НЭМЭЛТ: /2025.12.05/ 15.00 цаг

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ватиканы Апостолын архивд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний Их хаан Гүюг-ээс 1246 онд Пап Дөрөвдүгээр Инносент-д илгээсэн захидал болон Монгол эзэнт гүрний үед харилцаж байсан захидлуудын эхийг үзэж сонирхлоо.

Ватиканы Апостолын номын сан болон архивд дэлхий дахины түүхийг гэрчилсэн олон гар бичмэл, бүтээл, VIII зуунаас хойших улс орнуудын хоорондоо харилцаж байсан захидлууд байдаг.  

Түүний дотор Монголын эзэнт гүрэн болон Ил хаадаас тухайн үеийн Пап нарт илгээсэн захидал эх хувиараа, Пап нараас Монголын хаадад илгээсэн захидлууд нь архивын зориулалтаар захидлын бичвэр, он сар, хүлээн авагчийн мэдээллийн сан байдлаар хадгалагддаг юм.

XII-XX зууныг хамарсан 50 сая гаруй баримт бүхий энэ архив зөвхөн шашны баримт бичгийн сан биш, дэлхийн соёл, улс төр, шинжлэх ухааны түүхийг гэрчлэх, хүн төрөлхтний оюуны өвийг хадгалсан үнэт эрдэнэ гэж үздэг.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Номын сан 1475 онд Пап дөрөвдүгээр Сикстийн зарлигаар байгуулсан түүхтэй. 75 мянган гар бичмэл, 1,1 сая хэвлэмэл ном, XV зууны үеийн 8,000 ном, 300 мянган зоос, медаль, 150 мянган зураг, газрын зураг зэрэг ховор цуглуулгатай.

Плано Карпинийн манай улсад хийсэн аяллын тэмдэглэл, Монголын эзэнт гүрний талаарх Европын анхны баримтууд энд байдаг юм. 


НЭМЭЛТ: /2025.12.04/ 22.20 цаг

-Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө. 

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн  анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.  

Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.


НЭМЭЛТ: /2025.12.04/ 21.50 цаг

-Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.  

Ерөнхийлөгч хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх  таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.

Талууд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы Апостолик архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өнө эртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо. 

Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин Пап Францисын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ажилласнаа дурсаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай бүхий л асуудлыг хариуцдаг. Хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга /Ерөнхий сайд/ байдаг. 


ЭХЛЭЛ: 2025.12.04

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын төрийн тэргүүн, Пап Арвандөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийлээ.

Пап Арвандөрөвдүгээр Леог Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, даян дэлхийн католик шашны тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйд санал нэгдэж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, түүх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ядуурал зэргийн эсрэг хамтран ажиллахаа нотоллоо.

Пап Арвандөрөвдүгээр Лео 2025 онд 267 дахь Папаар сонгогдсон.

Гэгээн Августинийн шашны сургууль, АНУ-ын Виллановагийн их сургуулийг тоо, философийн чиглэлээр, Чикаго хотын Католик теологийн холбоонд шашны чиглэлээр суралцаж төгссөн. Ром хотын Гэгээн Томас Аквинасын нэрэмжит Папын харьяаны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Гэгээн Ширээт Улс нь Италийн Ром хотын дотор 0.44 км2 нутаг дэвсгэртэй хот улс юм. 900 орчим хүн амтай бөгөөд ихэнх нь итали, швейцар гаралтай.

Улсынх нь төсөв 890 гаруй сая евро. Арилжааны бус өвөрмөц эдийн засаг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн орлого, католик шашинтнуудын хандив, өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музей, дурсгалын зоос, медалийн орлогоос санхүүждэг.

Дэлхийн 183 улс болон Европын Холбоотой дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн болон байнгын ажиглагчийн статустай.

Гэгээн Ширээт Улс нь шашны болон дипломат ёслолын нарийн дэг баримталдаг юм байна.

Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол дахь Ромын католик шашны тэргүүн Ж.Маренго 2022 онд орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу кардиналаар сонгогдсон.

Гэгээн Ширээт Улс 1993 онд хүмүүнлэгийн тусламжаар 1,000 кг эм, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31 мянган ам.доллар хандивлаж байсан.

Мөн 2000 оны зудын хохирлыг арилгахад зориулж Ромын Пап Гэгээн хутагт II Ион Павел хувиасаа 50 мянган ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30 мянган ам.доллар хандивлаж байлаа.

Тус улсын тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд манай улсын ес, Италид хоёр оюутан суралцжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн улс орнуудтай найрсаг, тэгш харилцах гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаад Монголын ард түмэн тун ч сэтгэл ханга луун байгаа билээ !

зочин
зочин

Энд тэнд очиж хумуустэй уулзаад энуугээр тэруугээр хэсуучлээд эргуу тэнэгээ гайхуулаад явдаг энэ нэг мангар Хуурэнсуг татварын мөнгөөр шавиагаа ханатал зугаалж байна даа

Змапочин
Змапочин

Болор чавганц ичихгүй юмаа энэ гараа даллаад яадагч билээ

Зочин
Зочин

Монголын нүүр царай, нүүрний баясгалантай сайхан харагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button