Ярилцлага

Б.Маралжингоо: Анхны тоглолтынхоо үеэр өндөр халуурч байсан ч тайзан дээр гараад л өвдөлтөө мартсан

Рок хөгжим, нүдний шил, чадалтай хоолой, шударга зангаараа олноо танигдсан дуучин Б.Маралжингоотой ярилцлаа.

-БУРХАН НАДАД БОЛОМЖ ОЛГОСОН ГЭЖ БОДДОГ-

-Та урлагт хөл тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Анх 12 настайдаа дуулж эхэлсэн тэр үеийн дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье.

-Анх есөн настай байхдаа "Nature sound”-ийн дамжаанд сууж байсан. Тэнд сурч байхдаа “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг найруулагч Г.Цоггэрэл ахын санал болгосноор анх дуулсан юм. Би Д.Болд ахын дууны ард vocal хийдэг байлаа. Д.Болд ах надад продакшиндаа орох санал тавихад 15 настай байсан байх шүү. Түүнээс хойш идэвхтэй уран бүтээл гаргасан, гаргаагүй үеүд ч олон байсан. Одоо уран бүтээлчийн хувьд төлөвшиж, өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон.

-Одоо ямар нэгэн продакшнд харьяалагддаг уу?

-Ямар нэгэн продакшнд харьяалагддаггүй, бие даан уран бүтээл туурвидаг. Надад энэ нь илүү амар санагддаг. Яагаад гэвэл манай хөгжмийн зах зээл жижиг. Том продакшнууд дуучдаа бүх талаар дэмжээд явдаг ч гэсэн соло артистууд өөрсдөө хөлөө олоод явах бүрэн боломжтой.

-Сүүлийн үед шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Нэг хэсэг би нэлээд олон уран бүтээл хийсэн. Тэдгээрээс цацаагүй бүтээлүүд бий. Үүнээс гадна шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Нийлүүлээд гаргана гэж бодож байна.

-Хэзээ гаргахаар төлөвлөсөн бэ?

-Энэ зунаас эхлэн цацах төлөвлөгөөтэй байсан дуунуудаа гаргаад эхэлчихсэн. Одоо дүрсжүүлэх ажлууд дутуу байгаа.

-2017 онд "Хүлээсэн учрал” гэдэг нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн. Анхны тоглолтынхоо сонин хачнаас сонирхуулбал?

-Тэр үед маш сонин зүйл болсон. Тоглолт эхлэхээс 10 хоногийн өмнө миний бие хүнд өвдсөн. Бөөрний уургийн дутагдалд орсон гэсэн онош гарсан юм л даа. Уургийн дутагдалд ороод нэг талын бөөр жижгэрч, хатангиршсан байсан. Ингээд анхны тоглолт дээрээ таван эмч аваачиж билээ. Тоглолтын өмнөх өдөр сэхээнээс гараад удаагүй өндөр халуунтай, хавагнасан байсан. Маш өндөр халуурч байсан хэрнээ тайзан дээр гарсан чинь яг л өргөс авсан мэт хэсэгхэн хугацаанд өвдөлтөө мартаад, тайзнаас буухаар уначих гээд байсан. Эмч нар надад санаа зовоод уйлах гээд л. Их сонин явдал болсон доо.

-Тоглолтоо тийм хүнд биетэй давж гарсан хэрэг үү?

-Бүтэн хоёр цагийн тоглолт байсан. Тайзан дээр гарах болгонд бурхан надад боломж олгож байгаа мэт тэр хэсэгхэн мөчид өвдөлт маань намдаж байсан. Одоо бодоход дурсамжтай, гоё байдаг.

-БИ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭЧИХВЭЛ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ АДИЛХАН БАЙХАА БОЛЬЧИХНО ШҮҮ ДЭЭ-

-Та анх уран бүтээл хийж эхлэхдээ мяраалаг хүүхэд байсан. Зарим хүмүүс таныг мэс засал хийлгэсэн, өөхөө соруулсан гэж ярьдаг. Хэрхэн жингээ хаясан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Би 14 настайгаасаа жингээ хасаж эхэлсэн. Миний бөөрний уургийн дутагдалд орсон нь үүнтэй холбоотой. Тэр үед Монголд өнөөдрийх шиг гоо сайхны эмнэлэг олон байсангүй. Би 2-3 жил фитнесст явж, дэглэм барьсан. Заримдаа хоолоо хэт хасаж, буруу аргаар жингээ хасаж байсан. Мэс заслын тухайд гэвэл би өмнө нь нэг нүдэндээ давхраатай, нөгөөдөө давхраагүй байсан. Тэгээд нэг нүдэндээ давхраа хийлгэж байснаас өөр мэс засал хийлгэж байгаагүй. Би аавынхаа талын монхордуу хамар, буржгар үс, ээжийнхээ нүдийг дуурайсан. Хайртай хүмүүсээ дуурайсан зүйлээ янзлуулчхаар би тэднээсээ өөр царайтай болчихно шүү дээ. Хүмүүс хаана нүүрээ янзлуусан юм бэ, хацрынхаа махыг хаана авахуулсан юм бэ гэж надаас их асуудаг. Энэ талаар сонирхож эмчээс асууж үзсэн. Гэтэл энэ хацрын мах, шанааг янзлахад миний дуу хоолойнд өөрчлөлт орох сөрөг нөлөөтэй юм билээ. Амны хайрцгаас шалтгаалж тембр өөрчлөгдөж байдаг учраас түүнд мөн нөлөөлөх аюултай гэсэн. Би жижиг хацартай болохын тулд өөрийнхөө үнэтэй зүйлийг золиослохыг хүсээгүй бас хүсэхгүй.

-14-хөн настай охин жингээ хасахад юу ингэж нөлөөлөв?

-Тэр үед би 89 кг жинтэй, аймар, бүр асар бүдүүн хүүхэд байсан. Өвчин зовлонгүй хэрнээ махлаг хүүхэд байдаг даа. Яг тийм төрөлхийн мяраатай байлаа. “Чамайгаа алдмааргүй байна” дууг дуулж, хүмүүс намайг мэддэг болж эхэлсэн. Автобусанд суухаар хүмүүс “Яана аа, ийм муухай хүүхэн байсан юм уу” гэж ярина. Бүр ээжийн маань насны хүмүүс хүртэл ярьдаг байсан. Миний нэг сайн зан гэвэл ямар нэг зүйлд зорилго тавьбал мэрийж байгаад хүрэхийг хичээдэг. Тэгээд л турахыг хүссэн.

-Одоо жингээ хэрхэн барьдаг вэ. Ямар нэгэн дэглэм барьдаг уу?

-Би тийм ч мундаг зөв хооллодог хүн биш. Маш богино хугацаанд таргалдаг болохоор ойр ойрхон дэглэм барьдаг. Гэхдээ би маш их шоколад иддэг, газтай ундаа уудаг. Үүнийгээ болих гэж хичээж байгаа. Хүнд хоол ер идэггүй. Өөх тостой, их гурилтай хоол иддэггүй.

-Ингэхэд та их сургуулиа ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

-Миний үндсэн мэргэжил урлагаас тэс өөр.

-Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Мэргэжлээрээ бол ажиллаж байсан. Гэхдээ одоогийн төлөвлөгөөнд тийм зүйл байхгүй.

-“Яг түүн шиг” шоуны дараа хүмүүс таныг арай өөрөөр хардаг болсон болов уу. Энэ шоу таны хувьд нээлт болсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Яг түүн шиг шоу бол миний амьдралын хамгийн дурсамжтай үеүдийн нэг. Тус шоунд ороод дуулахаас гадна жүжиглэх хэрэгтэй болсон. Өөртөө байгаа ч гэж мэдээгүй нөөц бололцоог энэ шоугаар нээсэн.

-Тус шоунд танд хоёр удаа уртын дууны оноолт таарсан. Уртын дуу дуулахад хэр хэцүү  байсан бэ?

-Би өөрийгөө уртын дуу дуулсан гэж хэлж чадахгүй. Ардын дуу, уртын дууг дуулж сурахын тулд дөрвөн жил сурч, цааш дахин боловсорч байж дуулдаг. Түүнээс гадна цаанаасаа өгөгдөлтэй хүмүүс ч бас байна. Надад тийм өгөгдөл байгаа гэж ч хэлэхгүй. Мөн олон жил уртын дуу дуулсан, сурсан хүмүүстэй ижил хэмжээнд өөрийгөө зүйрлэхгүй. Зүгээр л өгөгдсөн даалгаврыг өөрийн чадах хэмжээгээрээ л дуулсан төдий.

-БИ ЖИРИЙН НЭГЭН МОНГОЛ ЭМЭГТЭЙ-

-Б.Маралжингоо багадаа ямар хүүхэд байв?

-Ээж маань намайг их эрхлүүлдэг байсан. Гэхдээ аавынхаа талыг дуурайсан эршүүд. Маш бүрэг, ичимхий хүүхэд байсан.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Эцэг, эхээсээ гурвуулаа. Нэг ах, нэг дүүтэй. Айлын дунд. Аав маань хэд хэдэн мэргэжилтэй. Нэлээд олон сургууль төгссөн, боловсролоор дагнасан хүн. Ээж маань ч мөн адил. Манай гэр бүлийнхний ажил тэс ондоо, бүгд хоорондоо хамааралгүй ажил хийдэг хүмүүс дээ.

-Энэ жил аав тань УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй. Таныг АТОЗ-ын ерөнхий зохицуулагч Батчулууны охин гэж хүмүүс тэр бүр мэдэггүй. Аавыгаа нэр дэвшинэ гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Баяртай хүлээж авсан. Аав маань өөрийн үзэл бодолдоо бат зогсдог, задгай сэтгэлгээтэй хүн. Манай аав улс төрийн салбарт багаас нь дээш өгсөж яваа. Аавынхаа хийдэг ажлыг тийм ч сайх мэдэхгүй. Гэхдээ туулах ёстойгоо туулаад хүссэн зүйлээ хийж байгаад нь баяртай байдаг.

-Таны өвөө Ч.Цэрэннадмидыг Монголын үзэгчид андахгүй. Багаасаа урлагт хайртай байж, урлагт хөл тавихад өвөөгийн тань нөлөө байсан болов уу. Ер нь та авьяас удамшдаг гэдэгтэй санал үү?

-“Энэ хүүхнүүд үү” киноны Идэр, “Тунгалаг Тамир” киноны Бадарч тахарын дүрээр үзэгчдэд танил болсон Ч.Цэрэннадмид бол ээжийн минь аав. Мөн ааваас дөрвөн үе дээш уртын дууч хүн байсан гэдэг. Тэр хүний үр хүүхэд л юм хойно, авьяасынх нь жаахан хэлтэрхий надад байгаа л байх.

-Б.Маралжингоо ямар зан ааштай хүн бэ?

-Өөрийгөө бусдаас ямар нэгэн зүйлээрээ онцгой, өөр гэж хэлэхгүй. Бусдын адил гэрийнхээ ажлыг хийдэг жирийн монгол эмэгтэй. Олны танил болоод ирэхээр хүмүүс олон янзаар харж эхэлдэг ч бусдын л адил хүн.

-Та найз залуутай юу?

-Найз залуутай.

-Таныг нарны шил, буржгар үсгүйгээр төсөөлөхгүй. Та стиль имиджээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Нарны шилэнд маш их дуртай. Одоо амны хаалт зүүх шаардлагатай учраас нүдний шил зүүхгүй байна. Гэхдээ бусдаас ялгарч, өвөрмөц байх гэж шил зүүдэггүй. Зүгээр л би нарны шилэнд дуртай. Дуучин биш багш, нягтлан бодогч байсан ч шил зүүсээр байх байсан.

-Хэдэн нарны шилтэй вэ?

-Маш олон шил байгаа. Хамгийн үнэ цэнэтэй, зүүх дуртай зургаан шил бий.

-Нүдний шилнээс гадна өөр цуглуулга бий юу?

-Ном цуглуулах дуртай. Гэхдээ цуглуулагчдын хэмжээнд их биш. Дуртай номоо дахин, дахин унших дуртай.

-Нүдний шил гэснээс та "Чиний хар шил” гэх дууг өөрөө зохиосон гэж сонссон, үнэн үү?

-Надад өөрийн зохиосон, хадгалсан олон дуу бий. Энэ дуу бол тэдгээрийн нэг. Заавал хүмүүст хүргэх гэж бус зүгээр л өөрийнхөө сонирхлоор хийсэн дуу.

-Энэхүү дуугаа олны хүртээл болгох уу?

-Яг олонд хүргэнэ гэж бодсон зүйл алга. Гэхдээ тэгэхэд ямар ч асуудалгүй.

-ӨӨРИЙГӨӨ АЛИВААД ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ ГЭЖ БОДДОГ-

-Дуулахаас өөр нууц авьяас танд бий юу?

-Нууц авьяас гэхээс илүү сонирхолтой чадварууд байдаг. Ер нь хүн олон төрлийн чадвартай байх ёстой. Би урлагийн хүн ч гэлээ эдийн засаг, бизнесийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тал бүрийн чадвараа хөгжүүлэх тал дээр авьяастай, хөрвөх чадвартай гэж боддог.

-Анх дуучин Эгшиглэн, Агиймаа, Номинжин та хэд нэгэн зэрэг гарч ирсэн. Тэдэнтэй одоо холбоотой байдаг уу?

-Тухайн үед тэд надад олон дурсамж үлдээсэн. Одоо бол тийм ч холбоотой байдаггүй.

-Та олон уран бүтээлчтэй хамтран уран бүтээл туурвисан. Тэднээс таны хоолойнд хамгийн их тохирсон уран бүтээлч хэн бэ?

-Бүгд тухайн уран бүтээлдээ орж, сэтгэлээсээ ажилладаг байсан. Тэрийг, энийг гэж цохож онцлоход хэцүү.

-Тэгвэл хамтарч ажиллахыг хүсдэг уран бүтээлч бий юу?

-Мэдээж байлгүй яахав. Magnolian их таалагдсан. Би “A-sound” хамтлагийн том шүтэн бишрэгч. Тэдэнтэй дуу хийх боломж олдвол маш сайхан. Түүнчлэн ардын хөгжимтэй дуу хийхийг хүсдэг.

-Сүүлийн жилүүдэд хэвлэлд ярилцлага өгөөгүй. Энэ ташрамд ярилцлагаараа дамжуулан залуустаа юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Залуус маань өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button