НИЙГЭМ

“Нэг ангид 12-оос олонгүй элсэгчээс шалгалт авч байна”

Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд өнөөдөр /2020.07.02/ 10:00 цагт Монголын түүх хичээлээр эхэлсэн. Өнөө жилийн ЭЕШ-ийг хөл хорио тогтоосон, коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсэн цаг үед зохион байгуулж буйгаараа онцлогтой. Бид нөхцөл байдал ямар байгаа, УОК-ын заавар, зөвлөгөөг хэрхэн мөрдөж буйг сурвалжлахаар Хоёрдугаар сургуулийг зорив. Тэнд дөрөвдүгээр сургууль, Монгол Улсын консерватори, Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байгаа юм.Биднийг очиход элсэгчид түүхийн шалгалт өгөхөөр орчихсон, шалгагч багш нар сууж байв. Тэдний төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөл хорио тогтоосон энэ үед ЭЕШ-ийг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Энэ жилийн шалгалт Улсын онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу явагдаж буйгаараа онцлогтой. Элсэгч бүхэн хоорондоо хоёр метрээс ойргүй зайнд сууна. Нэг ангид 12-оос олон хүүхэд шалгалт өгөхгүй. Элсэгчдийг шалгалт өгөхөөр ирэхэд гурван хэсэг хуваан, биеийнх нь халууныг үзэж байгаа. 37-гоос дээш халуунтай хүүхдийг тусгай өрөөнд оруулж, шалгалт авна. Элсэгчдийг ангид орсны дараа нэг удаагийн бээлийгээр хангаж байгаа.

-Өнөөдөр танай сургууль дээр Монголын түүх хичээлээр хэдэн хүүхэд шалгалт өгөв?

-Өнөөдөр манай сургууль дээр 12 хүүхэд түүхийн хичээлийн шалгалт өглөө. Тэдний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй тул тусдаа ангид шалгалт өгсөн.

-Энэ жил улсын хэмжээнд нийт хэдэн хүүхэд ЭЕШ өгч байна вэ?

-Энэ онд 28650 сурагч төгссөн. Үүнээс ЭЕШ өгөхөөр урьдчилсан байдлаар 31 мянга орчим элсэгч бүртгүүлсэн. Тэдний 3000 гаруй нь өмнөх нь оны төгсөгч.

Р.ЭРДЭНЭЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button