Нийгмийн

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 59.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй

НМХГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад энэ оны 3 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийжээ. 

Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтнуудын гар угаалга, халдваргүйжүүлэлтэд тавигдах шаардлагын хэрэгжилтэд үнэлгээ өгөх зорилгоор эрүүл ахуйн арчдасыг 151 цэгээс авч шинжлүүлэхэд 90 буюу 59.6 хувь нь стандарт, чанарын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарсан байна. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар давтан шинжилгээ хийлгэхэд 73 буюу 81.1 хувь нь стандарт, шаардлагад нийцсэн үзүүлэлттэй гарчээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТААР:

  • Төлөвлөгөөт хяналт шалгалтад 316 аж ахуйн нэгж, иргэний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар хамрагдахаас "Covid-19"цар тахалтай холбоотой шийдвэрээс шалтгаалан 233 буюу 73.7 хувь нь хамрагдсан.
  • Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 148 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шалгахад 8 буюу 5.4 хувь нь их, 116 буюу 78.3 хувь нь дунд, 24 буюу 16.2 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

Шалгалтаар 2687 зөрчил илрүүлж, 1819 буюу 67.6 хувийг нь арилгуулж, 114 аж ахуйн нэгж, иргэнд 805 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, 72 аж ахуйн нэгж, иргэнд 208 заалт бүхий албан даалгаваар хугацаатай үүрэг өгч, 786 заалт буюу 77.5 хувь нь биелэсэн байна. Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 13 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж , 80 аж ахуйн нэгж иргэд 40540.0 мянган төгрөгийн шийтгэл ногдууллаа. Баянзүрх дүүргийн Хэдо, Батсарай ХХК-иудын хоолны газруудыг зөрчлийн хэрэг нээн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулсан.

Багануур дүүргийн Багануур сувилал ХХК, Хонгор зээрд ХХК, Хан-Уул дүүргийн Гуг энд сан ХХК-ийн хоолны газруудад хэрэглэгдэж байсан меламин тэмдэглэгээтэй 6 нэр төрлийн 1123 ширхэг 1408.0 мянган төгрөгийн хуванцар аяга, тавгыг хэрэглээнээс хасуулж, чанар, аюулгүй байдлаа алдсан 29.7 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 2 актаар хураан авч устгасан.

Шинжилгээтэй шалгалтаар илэрсэн зөрчил:

  • Шалгалтаар 148 объектын 965 ажиллагсдын 953 буюу 98.7 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагджээ.
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 23 хоолны газрын 30 нэр төрлийн хоол, хүнсний давсны агууламжийг тодорхойлуулахаар НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд 4 буюу 13.3 хувь нь давс ихтэй, 9 буюу 30 хувь нь дунд зэргийн давстай бүтээгдэхүүн байна.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ. Үүнд:
1. Хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй 125 буюу 53.6 хувь
2. Технологийн картад илчлэг, шим тэжээллэг чанар тусгаагүй хоолны газар 132 буюу 56.6 хувь
3. Жимс, ногоо, түүхий эдийг угаах, цэвэрлэх төхөөрөмжөөр хангагдаагүй 99 буюу 42.4 хувь нь
4. Хүнсний агуулах зориулалтын вандан, тавиур, чийглэг, температур хэмжигчгүй, хянаж бүртгэл хөтөлдөггүй 156 буюу 66.9 хувь нь
5. Хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, температур хэмжих хэрэгсэлгүй 86 буюу 36.9 хувь нь хоолны газар.
6. Дотоодын хяналтын журамтай боловч бүрэн мөрддөггүй, дотоод хяналтын үр дүнгээ тооцож ажилладаггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 141 буюу 60.5 хувь эзэлсэн байна.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button