Нийгмийн

Э.Лувсанбалданг Сүхбаатарын одонгоор шагналаа

Өнөөдөр тохиож буй Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагналаа.

Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай” гэжээ.

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ӨНӨӨДӨР ШАГНУУЛСАН АХМАД ДАЙЧИД:
  • Сүхбаатарын одонгоор Эрэнцэнгийн Лувсанбалданг,
  • Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Батмөнхийг,
  • Цэргийн гавьяаны одонгоор Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг,
  • Алтан гадас одонгоор Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг,
  • Цэргийн хүндэт медалиар Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагнасан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА БАЯР ХҮРГЭЖ:

Ахмад дайчид, генерал, офицерууд аа

Та бүхэнд Чөлөөлөх дайны 75 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэргийн “Өмнөд бүлэг” Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн удирдлага дор оролцсон билээ. Манай морьт механикжуулсан бүлэг Долоннуур чиглэлд давшиж, 950 гаруй км гүнд, хоёр дахь чиглэл Замын-Үүдээс Чуулалт Хаалган чиглэлээр 500 гаруй км гүн давшиж байлдсан байдаг. Морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан.

Чөлөөлөх дайны гол ололт нь 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон явдал юм.

Ингэснээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, монголчууд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо бататгасан байдаг юм. Санал асуулгын дүнд үндэслэн Дундад Иргэн Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа 1946 оны нэгдүгээр сарын 6-нд бичгээр ирүүлсэн билээ.

Ийм аугаа түүхт дайны 75 жилийн ойг та бид бахдал омогшил дүүрэн тэмдэглэж байна. Энэ бол хэзээ ч мартаж, хайхрахгүй орхиж боломгүй түүхийн хуудас, бидний дайчин түүх билээ.

Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурийг бэхжүүлсэн алдар гавьяат үйлсийг бүтээсэн ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Та бүхэнд халуун баяр хүргэе!

Эрхэм ахмад дайчид, генерал, офицерууд аа,

Чөлөөлөх дайны 75 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн сүр жавхаа мандан бадраг” гэв.


Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиож байна. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо.

Мөн есдүгээр сарын 01-09-ний өдрүүдэд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэж байна. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button