Ярилцлага

Л.Энхсайхан: Ханиадны вакциныг туршилтынх гэж санаагаа чилээх хэрэггүй

АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, анагаах ухааны профессор Л.Энхсайхантай хүний дархлааны онцлог, иргэдийг талцуулаад буй ханиадны вакцины тухай асуудлаар ярилцлаа.

-ИДЭЖ БУЙ БҮХИЙ Л ЗҮЙЛСЭД АНХААРЛАА ХАНДУУЛАХ НЬ ЧУХАЛ-

-Дархлаа гэж юу болох, дархлааны системийн ерөнхий ойлголтын тухай манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Дархлааны тогтолцоо бие махбодын дотоод тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэй. Дотоод орчны тэнцвэртэй байдлыг хангахын тулд бөөр, зүрх, мэдрэл, тархи, цус, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой  ажиллана. Амьсгалын эрхтэн тогтолцоо хий, шингэнийг зохицуулж байдаг бол бөөр ус, давсны тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Дархлаа тогтолцооны хувьд хүний биед нэвтэрч буй антигенийн тэнцвэрт байдлыг хангаж, гаднаас ирж буй болон хүний биед өдөр бүр үүсэж байдаг хавдрын эсүүдээс хамгаалдаг.

-Хүмүүс дархлаа суларна гэж ярьдаг. Ямар хүчин зүйлсээс шалтгаалж дархлаа сулардаг вэ

-Дархлаа сулрах олон шалтгаан байгаа. Гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалж, дархлаа суларч болно. Гадаад хүчин зүйлсэд тухайн хүний гаднаас хэрэглэж буй эм бэлдмэл, хоол, архи дарс, тамхи зэрэг хүчин зүйлс орох бол дотоод хүчин зүйлсэд тухайн хүний өөрчлөгдөшгүй хүчин зүйлс орж болно. Жишээлбэл, нас хүйс, дааврын солилцооны өөрчлөлт, удмын урьдал байдал нөлөөлнө. Түүнчлэн өнөөдөр залуу, хөгшин гэлтгүй хүмүүс маш их тамхи татаж байна. Тамхи хүний зүрх судас, элэг, бөөр, уушги, тархи гээд энэ олон эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг.

Зарим иргэдийн бие өвдөхөд, хорт зуршлаа хаяхгүй хэр нь “бие өвдөөд байна, миний дархлаа суларчихлаа. Эмчид үзүүлье” гэдэг. Түүний оронд эрүүл байх хүчин зүйлсээ мэддэг байх нь чухал.

Хамгийн чухал нь ходоодоор орж буй, идэж ууж байгаа бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулах нь чухал. Хүн идэж буй хоол хүнснээсээ уураг, өөх тос, нүүрс усыг авч чаддаг байх ёстой. Хэрэв түргэн хоолыг ойрхон давтамжтай, хэт олон хэрэглэвэл хүний биед сөргөөр нөлөөлнө. Хоолны шингэц муудаж, хоол боловсруулах эрхтэн системийг дарангуйлснаар олон таагүй хүчин зүйлсэд хөтөлнө. Мөн үүнийг дагаад нойр муудаж, давхар давхар хямардаг. Иймд аль болох шөл, устай хоол идэж, хэт их чихэр, гурилан бүтээгдэхүүнийг өөртөө болон бага насны хүүхдэд өгөхгүй байх нь чухал. Ерөөс хоол боловсруулах эрхтэн систем хямарснаар тухайн хүн нойргүйдэж, бие нь хямардаг. Ингээд ирэхээр ялангуяа бага насны хүүхдүүд өглөө эрт хичээл, сургуульдаа явж чадахгүй байх зэрэг асуудал гардаг. Одоо хичээл сургуульдаа явж чадахгүй байгаа хүүхэд том болоод ажилдаа гаргах амжилт, үр бүтээмж нь ч мөн төдий хэмжээгээр буурдаг. Харин оройн 08.00-09.00 цагийн үед орондоо орж хэвшсэн хүүхдийн тархинд хөгжлийг нь дэмжих даавар ялгардаг. Нойроо авсан хүүхэд өсөж томорно, илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байдаг. Мөн Хөлсөө гартал гэрийн ажлаа хийх, дасгал хөдөлгөөн хийснээр сүүний хүчлийн хэмжээ нэмэгдэнэ. Сүүний хүчил нэмэгдэх нь мелатонин дааврын агууламжийг ихэсгэснээр нойр хүрж, сайн унтаж амрах нөхцөл болдог.

-ВИТАМИН ХЭРЭГЛЭЭД ШУУД ДАРХЛАА САЙЖИРНА ГЭСЭН ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ-

-Шөнийн нойрыг өдрийн нойр гүйцдэггүй гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Насанд хүрсэн хүн оройн 10.00 цагт орондоо ороод, шөнийн 03.00 цаг хүртэл унтвал тархи, бие амарна. Тархи амарч, бие амарсан үед бодисын солилцоо шинээр бий болдог. Тэгэхээр дархлаа тогтолцоо ганцхан зүйлээс шалтгаалахгүй, мэдрэлийн үйл ажиллагаа, дотоод шүүрлийн булчирхай хэвийн байхаас шалтгаалж дархлааны систем хэвийн байх болно. Түүний тулд шөнийн нойрыг сайн авах нь чухал. Үүний тулд өдөр нь хийх зүйлээ сайтар төлөвлөж, цаг хугацаанд нь хийж дуусгавал тархинд амрах мэдрэмж ирж, тайван нойрсдог. Эс бөгөөс олон зүйлд санаагаа зовоосноор тархи амарч чадахгүй, маргаашийн үр бүтээлт байдал буурах болно. Ийнхүү нэг өдрийн энэ зүйл олон өдөр давтагдаад ирэхээр амьдралын эрч хүч буурна.

-Иргэд дархлаагаа дэмжихийн тулд олон төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг. Энэ хэр зөв вэ?

-Дархлааны үйл ажиллагаа хэвийн байхад олон эрхтэн системийн үйл ажиллагаа нөлөөлдөг. Хүний хоол боловсруулах зам болох элэг нь гаднаас орж ирж буй хортой бүхнийг шүүж, хоргүйжүүлж байдаг. Тиймээс бид хоол боловсруулах замаараа дурын эм, бэлдмэлийг хэрэглээд байвал элэг, хоол боловсруулах замыг гэмтээнэ. Витамин хэрэглээд шууд дархлаа сайжирна гэсэн зүйл байдаггүй. Харин зарим эрхтэн системийн дутагдсан эрдсийг тухайн витаминаар нөхөх замаар дархлааны системийг дэмжиж болно. Амин дэм дутагдсан үед дархлааны систем доголдож болно. Хэдий тийм ч зөвхөн дархлаа сайжруулдаг эм гэж үгүй. Иймд иргэд ямарваа эм бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

-Антибиотикийн хэрэглээ, дархлааны системд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Антибиотикийг эмнэлгийн практикт маш өргөн ашиглана. Гэхдээ эмгэг төрөгч бактери нь уламжлалт антибиотикт тэсвэртэй болох явдал улам нэмэгдсэн тухай судалгаанууд байдаг. Антибиотик эмчилгээний дүнд халдвар бүхий эмчлүүлэгч эдгэрч, нийгэмд халдварын тархалт буурдаг эерэг талтай, хэдий тийм боловч антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үйлчлүүлэгч болон нийгэмд антибиотикийн тэсвэржилт тархах, хортой бактерийн өсөлт нэмэгдэх, системийн өвчин үүсэх нөхцөл бүрдэх зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Антибиотикийн хэрэглээ нь тухайн халдварыг биеэс зайлуулах үйл явцыг түргэсгэхээс гадна хэвийн бичил биетний орчныг өөрчилж, бие махбодын эсэргүүцлийг бууруулдаг.

Антибиотик хэрэглээний улмаас хэвийн бичил биетний тоо, чанар, олон угшилт байдлын тэнцвэр алдагдана. Энэ нь дархлааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний биеийн хэвийн бичил биетнийг тогтвортой, дархлаа тогтолцоог тэнцвэртэй байлгахад чухал нөлөөтэй.

-ХАНИАДНЫ ВАКЦИНЫГ ТУРШИЛТЫНХ ГЭЖ САНААГАА ЧИЛЭЭХ ХЭРЭГГҮЙ-

-Сүүлийн үед томуугийн вакцин хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд сайн, муу гэхчлэн талцаад байна л даа. Тухайн вакциныг хийлгэх нь ямар давуу талтай вэ?

-Хүн төрөлхтний түүхэнд олон ололт амжилт байсан. Вакцин ч мөн үүний нэг хэсэг юм. Үүнийг тайлбарлахын тулд маш энгийн жишээ татъя л даа. “Пеномокок”  гээд үүсгэгч байдаг. Хэрэв хүүхэд тус вирусээр өвчилбөл ханиад хүрч, халуурах, хатгаа болох гээд олон хүндрэлд ордог. Үүнийг дагаад эцэг эхчүүд ч мөн маш их сандарч, балмагддаг шүү дээ. Тэгэхээр вакцин хийлгэснээр тус вирусийн өвчин үүсгэгч хоруу чанарыг ялган, дархлааны урьдал өдөөдөг хэсгийг салгаж аваад, түүнийгээ зөөгч молекултай холбоод хүний биед оруулдаг. Ингэснээр тухайн хүүхэд өвчилсөн ч хөнгөн тусах, хүндрэл гарахгүй байх давуу талтай. Монгол улсад хийгдэж буй ханиадны вакцин нь томуугийн А хүрээний хоёр хэв шинж, В хүрээний нэг хэв шинжээс хамгаалах зориулалттай. Вакциныг нэвтрүүлэхийн тулд өмнө жилд тархсан болон энэ жилд ханиадны ямар омог зонхилох төлөвтэй байгааг судалсны үндсэн дээр оруулж байгаа. Мэдээж зарим тохиолдолд тухайн хүний биед таарахгүй, сөрөг нөлөө үзүүлэхийг таашгүй. Гэвч хүн амыг ханиадаар хүндэрч, өвчлөхөөс хамгаалж чадна.

-Манайд хийгдэж буй вакцин туршилтынх, чанар, найрлагын хувьд харилцан адилгүй байна гэх зүйл иргэдийг эргэлзүүлээд байна л даа.

-ДЭМБ-аас олон судалгааг хийж, хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн вакциныг зөвлөдөг. Оруулж ирж буй компанийн хувьд ч хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Иймд тухайн хийгдэж буй вакциныг туршилтынх гэж санаагаа чилээх хэрэггүй юм. Олон судалгаа, шат дамжлагыг давдаг тул туршилтынх байх боломжгүй.

Дархлааг гэрийн нөхцөлд хэрхэн дэмжиж, сайжруулах аргуудаас хэлж өгөөч?

-Цэгэн иллэг хийх, дасгал хөдөлгөөн байж болно. Дасгал хийснээр дархлаа дэмжинэ гэхээр шууд гараад л гурван километр гүйж, 10 кг туухай өргөнө гэсэн үг биш. Ингэснээр дархлаа дэмжигдэхгүй. Бага багаар дасгаж, биеэ бэлтгэх хэрэгтэй. Хэрэв өнөөдрөөс эхэлж дасгал хөдөлгөөн хийвэл, гурван сарын дараа таны бие илүү хөнгөн шингэн, эрүүл болсон байх болно. Ингээд биеэс хөлс ялгарснаар духны өмнөд атирааны холтослог давхарга, чамархайн дэлбэн, гиппокамп зэрэг тархины чухал хэсэгт нөлөөлөн мэдрэлийн шинэ эс үүсч, бүтэц үйл ажиллагаа нь сайжирдаг. Мөн анхаарал төвлөрлийг сайжруулж, тархины мэдрэлийн эсийг хамгаалан, удаан хугацааны ой тогтоолтыг нэмэгдүүлдэг гээд маш олон талын ач холбогдолтой. 

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
111
111
2020-10-10 22:43

Багш маань дэд профессор болсон байгаа шүү! ????

Зочин
Зочин
2020-10-11 01:44

Bayarlalaa

Зочин
Зочин
2020-10-13 18:53

Хамрын ханиаданд вакцин хийж мөнгө угаах үйлдлийг Шинжлэх ухааны хүн дэмжих нь ёс суртахууны хувь таарахгүй, нэр төрд чинь хэрэггүй байдаг юм.

зочин
зочин
2020-10-13 19:46
Reply to  Зочин

Хамрын ханиад гэж өвчин байдаггүй, томуугийн вакциныг Монгол улсад хийж эхлээд 20 гаруй жил болж байгаа, Тэр нь өөрөө шинжлэх ухаан ю м�##� даа

Холбоотой мэдээ

Back to top button