Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Иргэн Д.Батбилэг хувийн мөнгөөрөө Дархан, Эрдэнэтийн замд цацруулагчтай шон суулгажээ

Харгуйн тоосон дунд уулзсан “шинэ танил”

Эрдэнэт хотод хувийн ажлаар очоод орон хот руугаа хөдөллөө. Оройн галт тэрэг, автобусанд суудал үлдсэнгүй. Суудлын тэргээр буцах болов. Галт тэрэг, автобус хэдийн дүүрсэн ч явах хүмүүсийн цуваа тасрахгүй. Авто вокзал дээр унаа хайсан хүнтэй арав алхаад л таарч байв. Явах хүн олон байхын хэрээр жолооч нар зардлаа нэмж байлаа. Нэг хүний зардал хамгийн хямддаа 40 мянган төгрөг байсан бол зарим жолооч иргэдийг 60 мянган төгрөгөөр авч явна гэх ажээ.

Эрдэнэтээс хөдлөхөд 16:00 цаг болж байлаа. Хоёр цаг гаруй явсны дараа засмал зам тасарч бид шороон замаар зугуухан гэлдрэх нь тэр. Дэргэдүүр цагаан, шар гэрэл анивчуулсаар машинууд зөрөх нь нүд ядрааж байлаа. Гэсэн ч шороон зам дээр унтана гэдэг авьяас шаардсан ажил тул дэмий л нүдээ нухлав. Удалгүй цагаан тоос орчныг бүхэлд нь хучиж, зөрж байгаа машинуудын дугаар, гадаахыг харах боломжгүй боллоо. Би жолооч ахаас “Та замаа харж байна уу” гэтэл, “Одоо ч сурж дээ. Хэчнээн тоостой ч, хот орох хамгийн дөт зам л энэ шүү дээ. Дарханы зам ашиглалтад ортол энэ замаар л явах байх даа. Уг нь муу ч гэсэн засмал замыг хуулахгүй байх байсан юм. Тэгсэн бол иргэд машин тэрэг, амь насаараа хохирохгүй шүү дээ. Адаглаад хүссэн нь зам гаргачихсан болохоор шороон зам дээр жолооч бид чинь төөрч, будлина. Одоо салаа замын уулзвар бүхэн дээр шон зоочихсон байгаа тулдаа л төөрч, будлихгүй байна” гэв.

Хорь гаруй минутын дараа цагаан тоос ч багасаж, цонхоор бага сага зүйл харагдаж эхлэв. Би ч зам ширтэж байтал, жолооч ахын ярьсан шон мөн бололтой, Т хэлбэртэй зүйл олж харлаа. Тэсэлгүй жолоочоос энэ шонг хаанаас, хэзээ барьсныг нь асууж орхив. Тэрээр “Үүнийг улсаас хийгээгүй ээ. Эрдэнэтийн нэг залуу саяхан хийсэн юм. Олон хүнд буян болж байна даа” гэлээ.

Бид замдаа энэ мэт олон зүйлс ярилцаж яваад замын уулзвар дээр шон байршуулж буй өнөөх залуутай таарлаа.

Түүнийг Д.Батбилэг гэдэг аж. Дархан хотод төрж, Эрдэнэт хотод өссөн байна. Тэрээр Дулааны цахилгаан станцын механик инженер мэргэжилтэй бөгөөд өдгөө барилгын худалдаа эрхэлдэг хувийн компанийн захирал аж.  Хөдөө хээр, замд таарсан ч бид түүнтэй цөөн хором ярилцлаа.  

Сайхан сэтгэл түүний өргөмөл хүү юм шиг л...

-Таны байршуулсан шонгууд жолооч нарт их тус болдог юм байна. Чухам яагаад ийм зүйл санаачилж, хийх болов?

-Би 2016 онд гурван жилийн томилолт авч, Улаанбаатарт ажиллахаар явсан юм. Харин гэр бүл маань Эрдэнэтэд үлдсэн тул амралтын өдрүүдэд Эрдэнэт рүү явдаг байсан. Гал тэргээр явахыг нэг их таашаадаггүй байсан болохоор хувийн тэргээрээ л явдаг байлаа. Зам гайгүй байх үед Дарханаар явчихдаг байсан. Зам муудсан цагаас хойш Шар хөтлөөр явдаг болсон. Яахав өдрийн цагаар баримжаалаад явдаг ч шөнө төөрчих гээд их хэцүү. Нэг удаа бараг л төөрсөн шүү. “Би зөв явж байна уу, энэ Эрдэнэт орох зам мөн үү” гэж зөрж байгаа машин бүр л асуудаг. Хот хооронд явах бүрдээ төөрчихсөн нэгээс, хоёр хүнтэй таардаг. Шөнө ханиндаа, араасаа дагуулаад л явна даа. Тэгээд би олон хүн ажлаа алдаж, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч мэдэх юм байна гэдгийг харсан. Тэгээд өнгөрсөн жил цацруулагч бүхий шон байршуулна аа нутгийнхандаа амлачихсан юм. Гэсэн ч яг ажил болгоод шон байршуулж завдахгүй л байлаа. Одоо нэгэнт Дархан, Эрдэнэтийн зам ашиглалтад орохгүй ахиад жил болох нь. Тиймээс амласан амлалтаа биелүүлж, шон байршууллаа.

-Хэзээ, хэчнээн ширхгийг байршуулсан бэ?

-Аравдугаар сарын 8-ны өглөө мод, цацруулагч, шүрүүп гээд шаардлагатай зүйлсээ цуглуулсан. Тэгээд байршуулахад бэлэн болгож, янзалчхаад орой 05 цагийн үед Улаанбаатар руу хөдөлсөн. Ер нь гурван цаг гаруй янзалсан. Нэлээн орой гарсан ч эхнийхээ шонг гэгээ тасрахаас өмнө байршуулж, амжсан шүү. Удалгүй бороо ч орсон. Гэхдээ бороо орж байна гээд бэлдэж гарч ирсэн зүйлээ орхилтой нь биш. Борооноор үлдсэн 15 шонгоо зоосон доо.

-Одоо нэмэлтээр хэдийг байршуулж байгаа юм бэ?

-Би аравдугаар сарын 8-нд Улаанбаатар орсон. Эрдэнэт рүү одоо л буцаж явна даа. Улаанбаатарын түгжрэл дунд хагас өдөр болж, шон хийх материалуудаа худалдаж авлаа. Улаанбаатараас зургаан шон нэмж байршуулах гээд хийгээд гарсан. Одоо дөрвийг нь байршуулчихсан л байна. Нэмж байршуулахыг хажуугаар өмнө нь байршуулсан шонгоо бүртгээд, засахыг нь заслаа.

-Модон шон болохоор хүмүүс түлэх гээд аваад явчихдаг талтай. Байршуулсан шон тань бүрэн байна уу?

-Бүрэн байна шүү. Яахав мал шөргөөж жаахан хөдөлгөсөн л  байна. Уг нь би хүн сугалаад аваад явчих вий, мал шөргөөх вий гээд доогуур нь хөндлөн мод хадчихсан юм

-Хот хооронд явах бүрдээ шон нэмж байршуулах уу?

-Болж л өгвөл нэмнэ. Гэхдээ одоо газар хөлдөж байгаа болохоор байршуулахад хүндрэлтэй. Яахав цаашдаа дулааны улиралд улам сайжруулж, төмөр шон хийе гэж бодож байгаа.

Энэ Шар хөтлийн зам ухагдчихсан болохоор бороотой цастай үед зорчиход их хэцүү. Чадалтай сан бол том тэрэг явч ирээд ховилтой замыг тэгшилчихмээр байна.

-Таны хийж, байршуулсан шон хүмүүст зүг, чигийн баримжаа болж байна.  Ер нь хийсэн, бүтээсэн зүйлээ хараад танд юу бодогдож байна вэ?

-Зарим хүмүүс гудманд таарчхад баярлалаа гэж байна. Зарим нь талархлын зурвас явуулж байна. Ер нь сайхан л байна. Сэтгэл өег. 

-Та үүнээс өөр нийгэмд тустай ажлууд хийж байв уу?

-Би 2016 оноос хойш бусдын төлөө буян хийж яваа. Эрдэнэт хотод 300-гаад метр явган хүний зам тавьсан. Хоёр цэцэрлэгийн гал тогооны агааржуулагчийг сольж өгсөн. Таван цэцэрлэг, хоёр сургуулийн бүх цахилгаан хэрэгслүүдийг бүгдийг нь шинэчилсэн. Мөн Эрдэнэтийн замын цагдаагийн хамт олонд 18 сая төгрөгөөр тусгай тоноглосон цагдаагийн машин авч өгсөн.

-Энэ бүхнийг улсын хөрөнгөөр биш, өөрийнхөө хөрөнгөөр хийсэн гэж үү?

-Өөрийнхөө хөрөнгөөр хийсэн. Үндсэндээ бол 2016 оноос хойш өөрийн зүгээс 60-иад сая төгрөг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулсан.Тэртэй тэргүй мөнгө төгрөгийг аваад авсанд орохгүйгээс хойш тодорхой хэмжээгээр нийгмийн сайн сайхны төлөө зарцуулъя л гэсэн юм. Үр хүүхэд, өвгөд, төр засагтаа үлгэр болсон хүн байя л гэсэн юм.

-Ард нийтийн төлөө өчнөөн л зүйл хийж. Таныг ер нь Эрдэнэтийнхэн андахгүй биз...

-Мэдэх хүмүүс нь мэддэг л байх./инээв/

 -Эрдэнэтийнхэн таныг юу гэж дууддаг вэ?

-Намайг зүгээр суудаггүй хүн гэдэг юм билээ./инээв/ Ер нь нуулгүй хэлэхэд долдугаар ангид байхдаа зуныхаа амралтаар хоёр ахтайгаа Эрдэнэт хотын гудамжийг шүүрддэг байсан. Хүүхэд л болсон хойно ичдэг байсан юм шиг байгаа юм. Өглөөний таван цагт босож шүүрдчихээд хүний хөл хөдөлгөөнөөс өмнө дуусгачихдаг байсан л даа. Гэхдээ бид гурав цалингаараа хичээлийн хэрэгсэл, хувцсаа авдаг байсан юм. Хэдий аав ээж маань сэхээтэн хүмүүс байсан ч бидэнд хөдөлмөрийн үнэ цэнийг багаас нь ойлгуулж, ухааруулсан. Түүний ачаар би өнөөдөр нутгийнхаа сайн сайхан нийгмийн төлөө олон сайхан ажлууд хийсэн. Цаашдаа хийх ч болно.

Бид ийн ярилцсаны дараа нарны эртэд хөдлөхөөр машиндаа суулаа. Хотод ирээд хоёр хоногийн дараа түүнтэй холбогдсон юм. Тэрээр нутагтаа очоод явган хүний гарц дээрх нүхийг битүүлж, 120 гаруй мод тарьжээ. Түүний хөдөлмөрч уг чанарыг үр хүүхэд нь мөн үлгэрлэжээ. Учир нь түүний том хүү Улаанбаатар хотоос очиж, мод суулгалцсан байна.

Бид ийм л “Зүгээр сууж болдоггүй хүнтэй” та бүхнийг уулзууллаа. Бусдын төлөө юм хийе гэвэл хийж болдгийн бодит жишээ бол Д.Батбилэг. Энэ мэт амьдарч буй хот, аймгийнхаа залуусыг зөв зүйлд уриалсан хүн байя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-23 11:16

Баянхонгор аймгийн Байдрагын гүүрнээс Отгон сум .Улиастайгаас Хар нуур хүртэлх замд ийм юм хийчихвэл сайханаа. Зам асуух айлгүй хэцүүхэн газар байна лээ

Зочин
Зочин
2020-10-23 19:49
Reply to  Зочин

Зам тээврийн яам нутгийн удирдлага ичээсэй.

Иргэн
Иргэн
2020-10-23 19:17

Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ? УИХ-76 ийм сэтгэхүйгээр ажилладаг болоосой!

Мөнхсайхан
Мөнхсайхан
2020-10-23 22:26

Erdenet yagaad tsewerhen hot gedeg in haragdaj baina. Iimerhvv hvmvvs olon baigaasa

Иргэн
Иргэн
2020-10-23 22:45

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг з�##�уу юмаа. Бахархаж байна. Амжилт, сайн сайхныг хүсье.

Сайхан
Сайхан
2020-10-24 00:21

Яг ийм л хүмүүс төрд очиж ажилламаар байгаа юм даа. Сайхан сэтгэлтэй агуу з�##�ууд хамгийн сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2020-10-24 04:49

Төр засагаасаа дээр сэтгэлтэй ард түмнээ гэсэн з�##�уу юм

Zochin
Zochin
2020-10-24 08:55

Humuust tus demtei, ulger jishee bolson saihan zaluu bn..Iimerhuu humuusg shagnaj uramshuulkh yostoi..

az jargal husii
az jargal husii
2020-10-24 16:43

buyand dagan baysii amjilt husii

bi
bi
2020-10-24 20:34

daraagiin songuuliin biy halaalt

Холбоотой мэдээ

Back to top button