НИЙГЭМ

Т.Мөнхсайхан: Нэмж 8 хүнийг тусгаарласан, сувилалд халдвар алдсан байж болзошгүй

Монгол Улсын хүн ам дотроос коронавирусийн халдвар илэрсэн асуудлаар УОК мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

“Энэхүү иргэн нь “Энх саран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан. Энэ хугацаандаа коронавирусийн шинжилгээг гурван удаа өгөхөд хариу сөрөг гарсан. Ингээд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр түүнийг эхнэрийнх нь хамт дахин шинжлэхэд хоёуланд нь коронавирусийн халдвар илэрлээ.

Одоогийн байдлаар ойрын хавьтагч болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан, тэднээс шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. Эхний шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна” гэлээ.

Үргэлжлүүлээд, “Иргэдэд аль болох эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, ачаалал нэмэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв халуурч, ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл аваарай. Эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа бол аль эмнэлэгт хандвал зүгээр вэ гэдгээ асуу. Эцэст нь иргэд иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиасай” гэж ярив.

Үргэлжлүүлээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн орны бэлэн байдал хэр хангагдсан бэ?

-ХӨСҮТ-д 250, Цэргийн төв эмнэлэгт 240-өөд, яармагт баригдсан эмнэлэгт 300-аад  гээд нийт 1000-аад орыг бэлтгээд байна.

-Энх саран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас ийм зүйл боллоо гэх мэдээлэл байна?

-Бид сувилалд халдвар алдагдсан байж магадгүй гэдэг таамаглал дээр суурилж тандалт хийж байна. Яг хэзээ, яаж халдвар авсныг нь бид тогтоох боломжгүй шүү дээ.

-Халдвар авсан иргэний гэр бүлийн талаарх мэдээллийг тодруулж өгнө үү?

-Энэ хүн эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь бүгд цэцэрлэгийн насных. Мөн хашаанд нь аав, ээж нь амьдардаг. Тэд бүгд ХӨСҮТ-д тусгаарлагдаж, шинжилгээ өгсөн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button