НИЙГЭМ

Коронавирусийг эмчилж буй эмч нөхцөл байдал ямар байгаа талаар үнэнийг хэлэв

Монгол Улс коронавирусийг дотооддоо алдан, хөл хорио тогтоогоод буй эрсдэл өндөртэй цаг үед хамгийн хүнд нөхцөлд ажиллаж буй албан хаагчид эмнэлгийнхэн. Энэ оны эхнээс коронавирустэй хэрхэн тэмцэж, ямар нөхцөлд ажиллаж буйгаа эмнэлгийн нэгэн эмч цахим хуудсандаа ингэж бичжээ.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн нэг жил... нэг өдөр...

Олон түмэнд буруу ойлголт яваад байгаа тул бодит үнэн байдалыг бичихээр шийдлээ. Коронавирус зүгээр л нэг ханиад, тусчихвал ганц хоёр эм уугаад зүгээр болно, монгол хүн өвдөхгүй, уудаг эмийг нь хэлж чадахгүй байна, өвчтөнөөс нь ярилцлага аваач, шоу гээд л, эрүүл хүнийг өвчтөй болгож худал оношилж, эмчиллээ ч гэх шиг. Үгүй шүү.

Уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж буй эмч сувилагч, ариутгагч, үйлчлэгч жолооч нарын минь дархлааг нь унаган голыг гонсойлгож, урмыг бүү хугал.

Корона эхлэнгүүт ХӨТСА нь Засгийн газар, ХӨСҮТ , ХӨТМА, ЭМЯ, ДЭМБ, УОК, тагнуул цагдаа , НЭМТ, ЗӨСҮТ-тэй хамтран эе эвийг сахин хүчирхэг нэг баг болон түмэн олны сэтгэлийн болон мөнгөн, эд материалын тусламж дэмжлэгтэйгээр өдөр шөнөгүй нойр хоолгүй маш сайн ажиллацгаасан.

Үүний үр дүнд Монголдоо халдвар тархуулаагүй ганц улс болон торойж үлдсэн. Тийм учир бид урам зоригоор дүүрэн ажиллацгаасан.

Манай шинжилгээний багийнхан халуун хүйтнийг үл ажран, битүү хувцастай, вирустэй орчинд, өдөржингөө хоол ундаа хасан 12 давхар луу ( лифтгүй) өөд уруугүй 5-25 кг хүнд ачааг үүрэн, өрөө өрөөнд нь орж 3 давхар бээлийгээ хүн тус бүр дээр байнга сольж өмсөж , бие биендээ хатуу хяналт тавин, халдвар хамгаалалын дэглэм, журмаа сахин ажиллаж ирсэн.

Зогсоогоороо олон хүний шинжилгээг авахдаа, хэл амаар доромжлуулан загниулах бол энүүхэнд. Зарим нь шинжилгээгээ өгөхгүй гээд удна, намайг өвчтэй гэж санаа юу гээд эмч сувилагч нарын маань хувцасыг нь урах гэж дайрна. Хөлс урсаж, дотор муухайран, толгой эргэж, өвдөх нь жирийн үзэгдэл. Нэг буудлын шинжилгээ дуусаад дараагын буудал хүртэл хувцсаа тайлах л хамгийн их аз жаргал. Тухалж хоол идэх боломжгүй учир заримдаа өдөрт 2 хуушуур дундаа 1 колагаар голоо зогооно. Хоол идэх боломжгүй үе их ээ.

Авчирсан шинжилгээг лаборторийнхон маань шөнөжин нойргүй сууж хийнэ. Бүгд ар гэртээ халдвар тараачих вий гэсэн айдастай. Үр хүүхэд ач зээгээ ч тэвэрч үнсэхээс эмээнэ. Гэртээ ирэх болгондоо яаж ч ядарч, зүдэрч байсан халуун гангатай усанд орж, гэрийн ариутгал, ариун цэвэрийг сайн сахин байж, гэрийнхэнтэйгээ харьцана. Хэн нэг нь өвдвөл та арай корона авчирчихав уу гэж хардаж сэрдэнэ. Холуурхан нэг орж унтаад л өглөө нь ажилдаа гэсэн нэг л замаар явсаар нэг жил болжээ. Найз нөхөд ах дүү нар ч сэжиглээд ойртохгүй. Голомтонд 21 хоног ажилласан нь танигдахын аргагүй хөөж хавагнаж гарч ирдэг. Бүгд ар гэрээ мартаж хоноцын амьдралаар амьдарсан. Бидний дархлаа их унаж бүгд л их багагүй ядарцгааж өвчилсөн ч гэсэн хэн нь ч ялархаагүй тэд маань зүтгэсээр л...

Хайнга хариуцлагагүй байдлаас болж нэг л халдварыг алдахад ямар олон мянган хүн хавьтагчаар тогтоогдож, халдвар авч тусгаарлалтанд орж байгааг та бүхэн нүдээрээ харж мэдлээ. Энэ бүхэний араас УОК, тагнуул, цагдаа, ХӨСҮТ, ЭМЯ, мэргэжлийн хяналтынхны ачаалал улам ихсэж нойр хоолгүй шуурхай зүтгэж ажилласаар л, хөрөнгө мөнгө урссаар л байна даа.

Алдаа минь бидэнд оноо байгаасай.

Коранагийн халдвар авсан өвчтөн хугацаа алдах тусмаа асар их хурдацтайгаар олон хүнийг хамарч халдвар тараадаг бөгөөд хугацаа алдвал хүндрэл нь амь насыг чинь аваад л явах аюултай цар тахал . Бид олноор нь алдвал бид цөөхөн хэцүү байдалд орох тул коронавирусийг улс төрийн өгөөш бүү болгооч. Өвдсөн хүмүүстээ сэтгэлийн дэм хайрла. Тэд маань сэтгэл санааны хувьд маш хүнд шоконд ордог.

Коронавируст худал хуурмаг зүйл юу ч байхгүй байж ч боломгүй.

Хэнэггүй байх, хэрэгцээгүй зүйл ярихгүй байцгаая. Амьд даа л бие биенээ хайрлая.

Халдвар авсан эмч, сувилагч, асрагч нарын минь зүтгэлийг тань тэнгэр ивээнэ ээ. Бусдын төлөө булгилах сэтгэл зүрхтэй болохоор буян тань булаг шиг ундарна аа.

Хурдан эдгэж, эрүүл саруул болоод бидэндээ ирээрэй” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button