НийгмийнНИЙГЭМ

Б.Нямбаяр: Шинжлэх ухааны ямар ч үндэслэл, бодлогогүй УОК алдаа гаргаснаа шударгаар хүлээх ёстой

Монгол Улс дотоодоо коронавирусийн халдварыг алдсантай холбогдуулан хөл хорио тогтоон, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа билээ. Бид коронавирусийг дотооддоо яагаад алдсан нь одоо ч тодорхойгүй хэвээр.

Герман улсад амьдардаг, доктор Б.Нямбаяр “Монгол Улсад 10 сарын дараа коронавирусийн халдварыг алдсан болохоор их сандарсан байх. Юуны өмнө бид бүхэн гараа сайн угааж, маскаа сайн зүүн, хоорондоо зай сайн барьвал халдвар авах магадлал бага. УОК-оос явуулж буй бодлогогүй бодлого, бодлогогүй зохион байгуулалтын үр дүн. УОК алдаагаа хүлээн зөвшөөрөөд, алдаагаа засах хэрэгтэй. Энэ алдаа дахин давтагдахгүй гэх баталгаа алга.

Тусгаарлалтын наад захын стандартыг хангахгүй зочид буудал, сувилалд яагаад иргэдийг тусгаарлав. Энэ нь халдварыг дотооддоо алдахад хүргэсэн шүү. Яагаад хөл хорио, тусгаарлалт гэж нэрлэв. Өвчтэй хүн, эрүүл хүнийг хооронд нь холихгүй, халдвар халдаахгүй байхыг тусгаарлалт гэнэ. Тусгаарлалтыг ганц, ганцаар нь хийнэ. Тусгаарлалтын үед энд тэндээс ирсэн иргэдийг холиод оруулчихвал тусгаарлалт биш. Анхнаас ийм замбараагүй тусгаарласан, эмх цэгцгүй, бодлогогүй зохион байгуулсан УОК шударгаар буруугаа хүлээх ёстой. Тэдний гаргасан эхний алдаа нь тусгаарлалт.

Миний бодлоор гурван алдаа гаргалаа. Дараагийнх нь оношилгоо. Гуравдугаарт, халдвар, хамгааллын дэглэм.

За, оношилгоон дээр ямар асуудал гарав. Гадаадад гацсан монголчуудыг 35 хоног тусгаарлаж байгаа. Гэрийн хорионд 14, тусгаарлалтын байранд 21. Үүнээс болж гадаадаас хүссэн монгол бүхэн ирэх боломжийг бүдгэрүүлсэн. Шинжлэх ухааны үндэслэлээр нь харахад иргэдийг 14 хоног тусгаарлах хангалттай. Монгол Улс шиг 35 хоног тусгаарлаж буй улс дэлхийн хаана ч байхгүй.

Түргэвчилсэн оношлуураар хариу нь сөрөг гарлаа гэхэд халдвар аваагүй шууд тодорхойлох боломжгүй. Монгол Улсын шинжилгээ авч буй хоногууд нь сонин. Коронавирусийн халдварын нууц үе нь 3-5 хоног. Дунджаар 5 хоног гээд бодъё. Тухайн иргэн эх орондоо ирэхдээ онгоцонд халдар авлаа гэж бодъё. Долоо хоногийн дараа шинжилгээ авахад заавал илрэх ёстой. Хэрвээ илрэхгүй бол “Юмыг яаж мэдэх вэ” гурав юм уу таван хоногийн дараа шинжилгээ авъя. Ингээд илрэхгүй бол цоо эрүүл, халдвар аваагүй гэсэн үг.

Баталгаатай. 14 хоног тусгаарлаад болчихоор байгаа биз. Тэгэхэд 21 хоног тусгаарлахаар нэгдүгээрт, иргэдэд эдийн засаг, сэтгэл санааны хувьд хүндрэлтэй. Дээр нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл алга. ЭМЯ-ны хурал дээр Амбасэлмаа дарга “Коронавирусийн нууц үед 37 хоног дээрээ илэрч байна гэсэн. Яаж тэгж ичихгүй худлаа хэлж чадаж байна аа. Өөрсдийнхөө бурууг нуух, булзааруулах гэсэн явуургүй үйлдэл” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button