УЛС ТӨР

АБГББХ: “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ.  

Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл,  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичгийн төслийг 2020.10.08-ны өдрийн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөж, 2020.10.09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, 2020.11.05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсныг танилцуулгадаа тэмдэглэв.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар зээлийн хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дэмжихгүй талаар байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Наад их зээлээ боль.Шавар овоолж мөнгө үхэхээ боль.Хүрэлбаатар одоо Хөшүүн баатар болжээ.Нямдорж,Баянмөнх гээд увсынхан их хэрүүлч зөрүүд байдаг юм уу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button